Итали улс, Милан хот. 2007 оны 12 дугаар сарын 5. Төвөдийн буддистуудын оюун санааны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Итали улсад хувийн журмаар 11 хоногийн айлчлал хийхээр Миланд хүрэлцэн ирсэн талаар нисэх онгоцны буудлын эх сурвалжууд мэдээлэв.
Бээжин Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалтай холбогдуулан Италийн Гадаад хэргийн яаманд гомдол мэдүүлсэн байна. Тэрээр 12 дугаар сарын 12-ноос эхлэн 4 хоног Ром хотод байх боловч Италийн Засгийн газрын ямар нэгэн гишүүн болон Пап лам ХVI Бенедикттэй уулзахгүй юм.
Умард Италийн улс төрч Давиде Гарильо өнгөрсөн долоо хоногт Agence France-Presse агентлагт ярихдаа, “Бээжингийн дургүйцлийг Гадаад хэргийн яам бидэнд албан бусаар мэдэгдсэн. Гэхдээ бид үүнийг Дээрхийн гэгээн Далай лам аль нэг улс оронд айлчлах бүрд хятадын талаас гаргадаг ердийн хариу үйлдэл гэж үзэж байна” хэмээжээ.
Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалын улс төрийн хувьд хамгийн чухал арга хэмжээ нь Ром хотод Италийн парламентын гишүүдтэй хийх уулзалт байх төлөвтэй байна. Уулзалтын тов одоогоор эцэслэн тогтоогүй байгаа талаар парламентын хэвлэлийн албанаас мэдээлэв. Төлөөлөгчдийн танхимын дарга Фаусто Бертиноттигийн хэлснээр төвөдийн буддистуудын оюун санааны тэргүүн парламентын чуулганы танхимд бус, харин тусдаа өрөөнд уулзалт хийх аж.
Миланы хойд хэсэгт Дээрхийн гэгээн Далай лам Баасан гаргаас эхлэн 3 өдрийн хурал зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээнд ойролцоогоор 8000 хүн оролцох төлөвтэй байна. Мөн тэрээр Милан хотын захирагч Летиция Моранттитай уулзана гэж ANSA мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Ромоос Дээрхийн гэгээн Далай лам Италийн хойд хэсэгт буцаж, 12 дугаар сарын 15, 16-нд Турин хотод айлчилна.
Тэрбээр 9 дүгээр сард Германы канцлер Ангела Меркельтэй уулзахад Бээжингийн зүгээс хүчтэй эсэргүүцэл гаргасан боловч Меркель байр сууриа хэвээр хадгалсан юм.
Дээрхийн гэгээн Далай лам болон Пап лам XVI Бенедикт нар 2006 оны 10 дугаар сард уулзаж байжээ.










