АНУ, Калифорни муж, Беркли хот. 2009 оны 4 дүгээр сарын 26 (“San Francisco Chronicle” сонины Питер Фимрайт, Маттай Курувила нар бичив). Дээрхийн гэгээн Далай лам Бямба гарагт Калифорнийн Их Сургуулийн Беркли хотын салбарын “Грек” театрт цугларсан 7000 гаруй хүнд “Дэлхийн удирдагчид энэрэнгүй сэтгэж, харилцан ойлголцож чадвал энх тайван, цөмийн зэвсгээс ангижрах зорилгод хүрч болно” хэмээн айлджээ.
Төвөдийн оюун санааны удирдагч 40 гаруй жилийн өмнө үг хэлэх эрх чөлөөний хөдөлгөөн эхэлсэн энэ их сургуулийг сонгон, хамгийн их үзэн ядагчтай удирдагчидтай ч хэлэлцээр хийх тухай ерөнхийлөгч Барак Обамагийн үзэл баримтлалыг дэмжсэн юм.
“Бид бусдын ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэсэн хэлэлцээрийг дэмжих ёстой” хэмээн дэлхийд хамгийн алдартай буддын шашны тэргүүн хэлжээ. Тэрбээр театрын тайцнаа зассан төвөдийн уламжлалт олбог дээрх зөөлөн сандалд завилан сууж, хүрэн улаан лам өмсгөлийг өмссөн байв. Бараг цаг гаруй үргэлжилсэн айлдварынхаа төгсгөлд тэрбээр “Дэлхий нийтээрээ зэвсгээс ангижрах тухай машид тодорхой алсын хараатай байх хэрэгтэй. Зэвсгийн худалдаанд тодорхой хязгаарлалт тавих ёстой” хэмээсэн юм.
Дээрхийн гэгээн тус их сургуульд гурав дахь удаагаа илтгэл тавьсан нь энэ байв. Тэрбээр тус сургуульд 10 жилийн өмнө морилог саатаж байжээ.
Бямба гаргийн айлдвар нь зөвхөн хайр, дайн хоёрын тухай байсангүй. Философи давамгайлсан айлдварынхаа дундуур өөрийнхөө англи хэлний мэдлэгийг егөөдсөн хөгжилтэй тайлбаруудыг хийж, сонсогчдод сонирхолтой түүхүүд ярьжээ. Байгаль орчны тухай ярих үеэрээ багадаа айдаг байсан зүйлсийнхээ нэгийг хуучлан хөөрөв. “Би хүүхэд байхдаа авгалдайнаас машид айдаг байлаа. Хилэнцэт хорхойд бол хүрч чадна. Харин авгалдайд бол хүрч үл зүрхэлнэ. Гэсэн ч авгалдай хэзээ нэгэн цагт дахин төрнө шүү дээ” хэмээгээд мөн нэгдүгээр зэрэглэлийн суудлаар хэзээ ч нисдэггүйгээ хэлжээ. Учир нь энэ нь “хэтэрхий тансаг” санагддаг аж.
Тэрбээр Жорж Бушийн улс төрийн үзэл бодолтой санал нийлдэггүй ч түүнд хайртай гэдгээ хэлсэн юм. “Хүнийхээ хувьд их сайхан хүн. Гэхдээ агуу удирдагч, сайн улс төрч биш” хэмээжээ.
Бямба гаргийн айлчлал нь төвөдийн түүх болоод Дээрхийн гэгээний амьдралын замналын хувьд чухал цаг үед тохиосон юм. 1959 оны бослогын дараа тэрбээр нутгаасаа дүрвэн гарсан билээ. Энэхүү ой нь ялангуяа дүрвэг гарсан төвөдүүдийн хүнд нөхцөл байдал олны анхаарлыг дахин татжээ.
Дээрхийн гэгээний айлдварын ихэнх хэсэг нь дотоод амар амгалан, энэрэнгүй сэтгэл, хайр энэрэл, чин сэтгэлийн халуун дулаан харилцааг хөгжүүлснээр дэлхийг хэрхэн илүү сайхан газар болгох тухай байлаа. “XXI зууны эхлэл тийм ч баяр баясалтай байсангүй. Харин та бүхэн бол итгэл найдварын эх сурвалж билээ. Амьтад ч хүртэл энх тайвныг хүсдэг. Энэ бол машид тодорхой. Бидний урт хугацааны зорилго бол илүү энэрэнгүй хүн төрөлхтнийг төлөвшүүлэх явдал байх ёстой” хэмээн айлдсан юм.
Далай лам хятадын эзлэн түрэмгийллийн эсрэг тайван замаар эсэргүүцэхийг уриалж ирсэн ч төвөдийн уугуул иргэдийн эсрэг Хятадын Засгийн газраас хүч хэрэглэн түрэмгийлж буй дарамт шахалтыг мөн эрс шүүмжилж байв. Тэрбээр 1959 оны 3 дугаар сарын 10-ны бослогын уйт өдрийг тохиолдуулан Төвөд дэх амьдралыг “Дэлхий дээрх там” хэмээн тодорхойлжээ. “Эмнести Интернэшнл”, “Хьюман Райтс Вотч” зэрэг байгууллага Хятадын Засгийн газар төвөдийн эсэргүүцэгчдийг эрүүдэн шүүдэг гэж мэдэгдсэн юм. Харин Хятадын Засгийн газар эдгээр мэдэгдлийг үгүйсгээд зогсохгүй Сан-Франциско хот орчмын бүс нутгийн байгууллагууд Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэтгэн хүлээн авч уулзаж буйг шүүмжилжээ. Хятадын тал түүнийг “террорист” хэмээн нэрлэсэн байна.
Сан-Франциско дахь Хятадын консулын газрын хэвлэлийн төлөөлөгч Жоу Юньлян мэдэгдэлдээ, “Дээрхийн гэгээн Далай ламын сүүлийн хэдэн арван жилийн турш хэлсэн үг, хийсэн үйлдэл нь түүнийг зөвхөн шашны зүтгэлтэн бус, харин шашны халхавч дор салан тусгаарлах үйл ажиллагаа явуулахыг зорьдог улс төрийн дүрвэгч гэдгийг нь илтгэн харуулж байна” гэжээ.
Хятадын албаныхан барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “Далай ламын бүлэглэл”-ийн талаарх баримтыг гуйвуулж байна хэмээн буруутгасан байна. Тэдний мэдэгдсэнээр, уг бүлэглэл 2008 оны 3 дугаар сарын 14-нд Лхас хотноо хүч хэрэглэсэн эсэргүүцлийг зохион байгуулж, Бээжингийн зуны олимпыг тасалдуулахыг оролдсон аж. Хятадын эрх баригчдын хатуу арга хэмжээ дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж, Лондон, Парис, Сан-Франциско зэрэг 19 хотод олимпын бамбарын буухиаг тасалдуулсан байна.
“Хятадын Засгийн газар Дээрхийн гэгээн Далай лам болоод түүний дагалдагчид ямар ч нэрийн дор, аль ч улсад салан тусгаарлах үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцэж байна” хэмээн Жоу мэдэгджээ.
Сан-Франциско хот орчмын бүс нутагт ойролцоогоор 1000 гаруй төвөд хүн амьдардаг бөгөөд тэдний ихэнх нь зүүн хэсэгт суурьшжээ. Хойд Калифорнийн Төвөдүүдийн холбооны ерөнхийлөгч Дэчинцэрэн хэлэхдээ, Хятадын Засгийн газар Дээрхийн гэгээн Далай ламыг шүүмжилж буй нь тус улсын дотоодод үргэлжилсээр буй хүний эрхийн зөрчлийг үл тоомсорлох зорилготой гэжээ. “Америкийн байгууллагууд Дээрхийн гэгээн Далай ламд байр, танхим гаргаж өгөх ёсгүй гэсэн мэдэгдэл гаргаж буй нь ардчилсан нийгмийн үндсэн зарчимтай бүхэлдээ зөрчилдөж байна” гэжээ.
Дээрхийн гэгээн айлдварынхаа төгсгөлд “Cal” гэсэн тэмдэгтэй малгай өмсөхөд үзэгчид чангаар алга ташжээ. Харин Калифорнийн Их Сургуулийн Беркли хотын салбарын оюутнууд сургуулиа төгсөөд, юу хийх ёстой талаар асуухад тэрбээр “Сэтгэлдээ амьдрал амар хялбар биш гэдгийг үргэлжид санаарай. Сайн сайханд найд. Харин хамгийн хүнд нөхцөлд үргэлжид бэлэн бай” хэмээн зөвлөжээ.










