Итали, Ром. 2007 оны 12 дугаар сарын 13. “Хятадын эрх баригчид Төвөдийн талаарх байр сууриа улам чангатгаж, улмаар төвөдүүдийг гадаадын улс орнуудаас илүү их дэмжлэг эрэлхийлэхэд хүргэж байна гэж. Төвөдүүд Хятадаас тусгаар тогтнохыг хүсээгүй. Харин зөвхөн өөрсдийн соёл, уламжлалаа хадгалан хамгаалахыг хүсэж байна” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам Италид айлчлах үеэрээ мэдэгдэв
Тэрбээр 2001 оноос хойш тодорхой ахиц гарсан хэдий ч сүүлийн үеийн яриа хэлэлцээрийн үеэр хятадын албан тушаалтнууд салан тусгаарлах үзэлтэй холбоотой “буруутгалыг улам эрчимжүүлж” мөн “Төвөдийн асуудал гэж байхгүй” хэмээн мэдэгдэх болсон гэж хэлэв.
“Бидний баруун гар Хятадын Засгийн газарт үргэлж сунгагдсан. Гэвч тэр гар үргэлж хоосон үлдсэн. Тиймээс бид зүүн гараараа та бүхнээс тусламж хүсэж байна” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам айлджээ.
Дээрхийн гэгээн Далай ламын Италид хийсэн 10 хоногийн айлчлал өндөрлөж байгаа бөгөөд түүний сүүлийн үеийн олон улсын айлчлалын адил энэ удаагийн айлчлал ч Хятадын зүгээс шүүмжлэл дагуулсан байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Цинь Ган өмнө нь сэтгүүлчдэд хандан, “Далай лам бол цэвэр шашны зүтгэлтэн биш. Харин шашны нэрийн дор эх орон, үндэсний эв нэгдлийг хуваахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн улс төрийн дүрвэгч юм. Тиймээс аль ч улс орон ямар нэгэн хэлбэрээр Далай ламын үйл ажиллагааг дэмжих, эсвэл түүнд тал засахыг бид эсэргүүцэж байна” хэмээн мэдэгджээ.
Дээрхийн гэгээн Далай ламын Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буштай хийсэн сүүлийн үеийн уулзалтууд мөн Бээжингийн зүгээс үүнтэй адил шүүмжлэл дагуулсан юм.
Дээрхийн гэгээн Далай лам өөрийн зүгээс Төвөдийн хувьд зөвхөн өөртөө засах эрхийг хүсэж байгаа бөгөөд Хятад улс Төвөдийг 1951 оноос хойш захирч ирсэн гэж мэдэгдсээр байна.
1989 онд Нобелийн Энх тайвны шагналтан Дээрхийн гэгээн Далай лам Зөвлөлийн удирдагч асан Михаил Горбачёвын тэргүүлдэг сангаас зохион байгуулдаг энх тайвны шагналтнуудын жил тутмын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ромд иржээ. Италийн Засгийн газрын дээд түвшний албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулагдаагүй байна. Дээрхийн гэгээн Далай ламыг Төлөөлөгчдийн танхимд тус танхимын дарга Фаусто Бертинотти хүлээн авч уулзсан бөгөөд дараа нь Сенатын дарга Франко Маринитай уулзжээ. Доод танхимд болсон уулзалт тусгай танхимд болжээ. Учир нь зарим парламентын гишүүд Дээрхийн гэгээн Далай ламыг нийт чуулганы өмнө үг хэлүүлэхийг Бертиноттигоос хүсэж байсан аж. Ватиканы зүгээс ч өмнө нь мэдээлж байсанчлан Пап ламтай уулзуулах талаар төлөвлөгөөгүй байна.
Дээрхийн гэгээн Далай лам өнгөрсөн онд Пап лам XVI Бенедикттэй уулзсан боловч энэ удаагийн айлчлал нь Ватикан Хятадтай харилцаагаа сайжруулах хүчин чармайлтаа эрчимжүүлж буй үетэй давхацжээ. Тиймээс Пап ламтай уулзах нь Бээжингийн дургүйцлийг төрүүлэх байв.










