Словак, Братислав. 2009 оны 9 дүгээр сарын 9. Дээрхийн гэгээн Далай лам хүний эрхийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр болоод Хятадаас Төвөдийн автономит эрхийг шаардаж буй төвөдүүдийн хүч үл хэрэглэх тэмцлийг удирдан чиглүүлснийхээ төлөө олон улсын шагналыг хүртлээ.
Братислав хотын театрт Словакийн Ян Лангосын нэрэмжит шагналыг хүртсэнийхээ дараа Дээрхийн гэгээн уг шагналыг “Хятад, Төвөдийн хооронд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл” олохын төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх “шинэ урам зориг” хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
Хятадын эрх баригчид Төвөдийн шашны тэргүүнийг коммунист Хятадаас тусгаар тогтнохыг зорьж байна хэмээн буруутгадаг билээ. Харин Энэтхэгийн хойд хэсэгт амьдарч буй Дээрхийн гэгээн Төвөдийн хувьд илүү өргөн хүрээний автономит эрх л хүсэж буйгаа тууштай мэдэгдсээр ирсэн юм.
Дээрхийн гэгээн Далай ламыг Словак улсад урьсан Ян Лангосын сан нь “дарангуйлагч дэглэм болоод аюулгүй байдлын албаны эсрэг орон нутагтаа тууштай тэмцсэн онцгой хувь хүн”, “хүний нэр төр, эрх чөлөөний төлөө хүчин чармайлт гаргадаг” төрийн албан хаагч, улс төрчдөд уг шагналыг олгодог байна.
Словак улсад морилон ирсэн Дээрхийн гэгээн Далай лам Братислав хотын даргатай уулзжээ. Мөн сөрөг хүчний удирдагчид болон олон нийттэй уулзахаар төлөвлөсөн байна. Харин Словакийн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Дээрхийн гэгээнтэй уулзахаар товлоогүй аж.
Ян Лангосын нэрэмжит шагналтнуудын дунд Унгарын ерөнхийлөгч асан Арпад Гёнц буй. Түүнийг тэрс үзэлтэн байх хугацаандаа ардчиллыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж байжээ.
Дээрхийн гэгээн Далай лам Братислава хотоос Прага хотыг зорин мордохоор төлөвлөжээ.










