Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Смитийн коллежид цугласан олонд хүндэтгэл үзүүлэн бөхийж буй нь... Зургийг Жордан Даниэлс.
Массачусетс муж, Нортгемптон хот. 2007 оны 5 дугаар сарын 10. Төвөдийн Буддын шашны тэргүүн, оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Смитийн коллежид үг хэлэхдээ амьдралынхаа туршид тууштай баримтлах гурван зорилгоо танилцууллаа.
Дээрхийн гэгээн Далай лам жанч халах хүртлээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв. Энэ нь энэрэнгүй сэтгэлийн ач холбогдлыг хүмүүст ойлгуулах, хүмүүсийг өөрсдийн итгэл үнэмшлээ бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхийг уриалах мөн Төвөдийн сайн сайхны төлөө ажиллах гэсэн гурван зорилт аж.
Смитийн коллеж Хэмпширийн коллежтой хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ өдөр Далай ламд тус коллежийн “Хүндэт доктор”-ын зэргийг өргөн барьсан юм. Үүний дараа тэрбээр танхим цугласан олонд хандан, зөвхөн мэдлэгтэй байх нь хангалтгүй бөгөөд боловсрол бидэнд чиглэл өгч болох ч зүрх сэтгэл минь биднийг хөтлөх ёстойг дурдав.
Нобелийн энх тайвны шагналт, эдүгээ 72 насыг зооглон буй Далай лам сонсогчдод эхийн хайр халамж нялх хүүхдэд төрүүлдэг аюулгүй байдлын мэдрэмжийн талаар эргэцүүлэн бодохыг уриалав.
“Энэ бол хамгийн чухал туршлага. Энэ бол бидний амьдралын эхлэл” хэмээн айлдлаа.
Буддын шашны тэргүүн өргөн уудам спортын ордонд биш, харин цөөн тооны оюутан, лам нарын дунд ярьж буй мэт тайван, хөгжилтэйгөөр ярьж байлаа. Тэрбээр өөрийгөө “хагас тэтгэвэрт гарсан” хэмээн хошигносон юм.
Асуулт хариултын үеэр хүмүүс түүнээс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар асуухад тэрбээр “Та буруу хүнээсээ асууж байна” хэмээн хошигнон хариулжээ. “Мэдлэг болоод орчин үеийн технологийг үзэн ядалтаар удирдаж болох юм. Учир нь зарим хүн өөрийн дотоод үнэт зүйлсээ дарж орхидог ажээ. Бид халуун дулаан сэтгэлд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Үйл хэрэгжүүлэхдээ эдгээр чанарын ач холбогдлыг хөгжүүлэх нь машид чухал. Би хүмүүст үүнийг л үргэлж хэлдэг юм. Хэрэв тэд хайхрамжгүй хандвал энэхэн дэлхий минь жаргалтай ертөнц байж чадахгүй л болов уу” хэмээн айлдсан юм.
Тэрбээр мөн хүмүүсийг шашны итгэл үнэмшлээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхийг уриалахаа илэрхийлэв. “Бүх шашин шүтлэгтэй хүмүүс зорилготойгоор үйлдэл хийх хэрэгтэй. Бүх шашны уламжлал хүн төрөлхтөнд аз жаргал авчрах зорилготой. Бид эдгээр дотоод үнэт зүйлсийг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхийн тулд өөр арга замаар хандах хэрэгтэй. Дэлхийн түүхэн дэх олон гунигт үйл явдал шашин хоорондын хуваагдалтай холбоотой байсан ч үүнд шашны итгэл үнэмшил буруугүй юм. Үүний гол шалтгаан нь шашин биш, харин эрх мэдэл, эдийн засаг, байгууллага зэрэгтэй холбоотой өөр ашиг сонирхол байдаг” хэмээн тайлбарласан юм.
Далай лам “Шашныг бүх нийтийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэх нь хувь хүн бүрийн үүрэг байдаг билээ. Хэрэв бид шашныг хүлээн зөвшөөрдөг бол түүнд нухацтай, чин сэтгэлээсээ хандаж, сургаалд нь заасныг хэрэгжүүлэх ёстой. Өөрсдийгөө “хүлээцтэй” хэмээн тунхагладаг хүмүүс тэвчээр, тууштай байдлаа хэтэрхий амархан алддаг” хэмээн хошигнон хэлэв.
“Өөртэй чинь санал үл нийлэх хүнтэй уулзмагц хүлээцтэй байх дадлаа бүрмөсөн мартчихдаг”.
Далай лам өөрийг нь сайн христийн шашинтан мөн сайн лалын шашинтан гэж үнэлдэг хүмүүс байдгийг дурдлаа. “Би энэ хүмүүсийг төөрөгдүүлж байгаа эсэхээ мэдэхгүй юм” гэж хэлэхэд танхимд инээд цалгив.
“Эсвэл тэдний хэлсэн нь зүгээр л зусар үг байсан юм болов уу. Энэ бүх шашны уламжлалд адилхан боломж бий” хэмээн айлдвараа өндөрлөсөн юм.










