АНУ, Массачусетс, Фоксборо. 2009 оны 5 дугаар сарын 2. Өчигдөр бороо шиврэн, тэнгэр бүрхэг байсан ч Дээрхийн гэгээн Далай лам талбайд гарч ирэхийн өмнөхөн “Гиллетт” цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр үүлс сарнин, наран гийжээ. Түүнийг л хүлээж байсан мэт...
Үзэгчид суудлаасаа босон, өдгөө 73 насыг зооглон буй шашин, улс төрийн зүтгэлтнийг бишрэл дүүрэн нам гүм болоод баяр хөөр дүүрэн уухайн түрлэг хослуулан угтан авлаа. “Хувраг аа, та ёстой мундаг!” хэмээн хэн нэгэн хашхирахад хоолой нь аль нэг булангаас цуурайтан сонсогдов.
Дээрхийн гэгээн Далай лам баяр хөөртэйгөөр гараа далласаар гарч ирэн, түшлэгтэй сандалд тухлав. Тэрбээр сүр жавхлантайгаар интоорын улаан өнгөт нэгэн зүйл гаргаж ирсэн нь “New England Patriots” багийн малгай байлаа. Малгайг цэнгэлдэхийн том дэлгэцүүдээр харуулж байв. Дээрхийн гэгээн малгайгаа агаарт даллахад олон мянган хүн уухайлан баяр хүргэж, тэрбээр малгайгаа өмслөө.
“Эрхэм ахан дүүс ээ, энэ өдрийн мэндийг хүргэе” хэмээн Төвөдийн шашин, төрийн тэргүүн хэлэхэд баяр хөөр аажмаар намжиж, үзэгчид анхааралтай чагнах болов. Тэрбээр хөлөө завилан сууж, гараа хавсран, хүмүүсийн хүсэл мөрөөдлийн тухай ярив.
“Бид бүгд сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодын хувьд яг адилхан. Хүн бүр жаргалтай амьдрах эрхтэй” хэмээн айлдлаа. Дээрхийн гэгээн Далай лам үдээс хойших айлдвартаа амар амгалан, аз жаргалд хүрэх замын тухай өгүүлсэн бол энэ өглөө Бурхны сургаал, Хутагтын дөрвөн үнэний талаар тайлбарлажээ. Айлдварын дараа үзэгчдийн хариу үйлдэл ижил байлаа. Удаан үргэлжилсэн нам гүм. Бүр сэтгэл амар амгалан болгох мэт...
“Хачирхалтай нь юу гээч? Та өмнө нь Гиллетт цэнгэлдэхэд ирж байсан уу? Дотор нь ямар нам гүм байгааг анзаарсан уу?” хэмээн Маршфилдээс ирсэн, 42 настай сувилагч Ким Хуберт ярив. “Энэ үнэхээр бодит биш мэт санагдаж байна. Хүүхдүүд хүртэл чимээгүй байсан шүү” хэмээн ярьжээ.










