АНУ, Калифорни муж, Санта-Барбара хот. 2009 оны 4 дүгээр сарын 24. Дээрхийн гэгээн буддын гүн ухаан, бясалгалын нарийн төвөгтэй асуудлаар 2 цагийн турш айлдвар айлджээ. Тэрбээр хэвлэлийн бага хурал өндөрлөсний дараа сэдвээ өөрчлөн, ёс зүйн тухай олон нийтэд зориулсан айлдвар айлджээ. Энэ хоёр арга хэмжээний үеэр Төвөдийн удирдагч энэрэнгүй сэтгэл, үнэт зүйлс, яриа хэлэлцээрийн ач холбогдлыг ойлгомжтой бөгөөд тодорхой тайлбарласан аж.
“Би хаана ч очсон энэрэнгүй сэтгэлийн ач холбогдлыг үргэлжид онцолдог. Би үүнийг хүч чадал, өөртөө итгэх итгэлийн эх сурвалж гэж үздэг” хэмээн цугларсан 30 орчим сэтгүүлчид хэлжээ.
Дээрхийн гэгээн Далай лам үдээс хойших арга хэмжээнд шашнаас ангид ёс зүй болоод шашны ёс зүйн ялгааг тодорхой тайлбарлажээ. “Зарим хүн бурхан гэж байхгүй гэдэг. Зарим нь бурхан буй хэмээдэг. Том ялгаа байгаа биз дээ? Гэхдээ энэ бол асуудал биш” хэмээжээ.
Үдээс хойших айлдварын үеэр 6000 гаруй хүнд “Ёс зүй бол огтхон ч шашны асуудал биш. Харин дэлхий дахиныг хамарсан үзэл санаа, сэтгэлгээг төлөвшүүлэх тухай асуудал юм” хэмээн айлдсан юм.










