Энэтхэг, Амритсар. 2007 оны 11 дүгээр сарын 27. Дээрхийн гэгээн Далай лам хоногт Энэтхэгийн Амритсар хотод болох шашин хоорондын томоохон яриа хэлэлцээрт 50 орчим шашны зүтгэлтний хамт оролцоно. Уулзалтаар хайр, уучлалаар дамжуулан дэлхий ертөнцийг хэрхэн илүү тайван болгох талаар хэлэлцэх юм.
Элижа шашин хоорондын хүрээлэнгээс зохион байгуулж буй таван өдрийн дээд хэмжээний уулзалтад иудаизм, ислам, христ, буддизм, сикх, жайнизм болон бусад томоохон шашны төлөөлөгчид оролцоно.
Дээрхийн гэгээн Далай лам 11 дүгээр сарын 28-нд Гуру Нанак Дэвийн Их Сургуульд олон шашин өөр өөрийн мэргэн ухаанаа хэрхэн хуваалцаж болох талаар үндсэн илтгэл тавина.
Дээрхийн гэгээн Далай лам, “Манай гараг хайр, уучлал хийгээд шашин хоорондын эв найрамдлыг нэн ихээр шаардаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн удирдагчид, эрдэмтэн судлаачдын энэхүү уулзалтаар бидний уламжлалд агуулагдах мэргэн ухаан эдгээр зорилгод хүрэхэд хэрхэн тусалж болохыг хэлэлцэнэ” хэмээжээ.
Элижа шашин хоорондын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал доктор Алан Гошен Готтштейн, “Дэлхийн хамгийн нэр хүндтэй шашны удирдагчдын энэхүү уулзалт түүхийн маань чухал цаг үед болж байна. Технологийн хөгжил гайхалтай боломжуудыг бий болгосон ч бид аюулгүй бус байдал, хүчирхийлэл, үзэн ядалтыг мөн харсаар байна. Өнөөдөр бидний өмнө тулгарч буй хамгийн яаралтай асуудлуудын хариу зөвхөн технологи болон материаллаг ертөнцөд оршихгүй. Дэлхийн оюун санааны удирдагчид, эрдэмтэн судлаачдын энэхүү чуулганаар шашнууд мэргэн ухаанаа хариуцлагатайгаар хуваалцсанаар хайр, уучлалыг энэ дэлхийд авчрахад бодитой, утга учиртай үүрэг хэрхэн гүйцэтгэж болохыг хэлэлцэнэ. Мэргэн ухаанаа хуваалцах нь дэлхийн шархыг анагаах гол түлхүүр юм” хэмээн хэлсэн юм.
Уулзалтад мөн Америкийн христийн шашны төлөөлөгч Михласлав Вольф, Их Британийн ахлах раввин доктор Жонатан Сакс, Хойд Америкийн Исламын нийгэмлэгийн ерөнхийлөгч Шейх Мухаммад Нур Абдалла, Энэтхэгийн кардинал Телесфор Пласидус Топпо, Израилийн ахлах раввин Жозеф Азран болон Камеруны шашны эрдэмтэн Адамоу Ндам Нжоя нар оролцоно.
Энэ нь Элижа дэлхийн шашны удирдагчдын зөвлөлийн 3 дахь уулзалт аж. Тус зөвлөлийн өмнөх уулзалтууд 2003 онд Севилья, 2005 онд Тайваньд тус тус зохион байгуулагджээ.
Зураг. Амритсар хотын Нишкам олон улсын төвд болсон Элижа дэлхийн шашны удирдагчдын зөвлөлийн 3 дахь уулзалтын үеэр Дээрхийн гэгээн Далай лам. Зургийн зүүн гар талаас Гуру Нанакийн Нишкам Севаг Жатагийн тэргүүн бөгөөд оюун санааны залгамжлагч Бхай Мохиндер Сингх. Зургийг Жигэмцэрэн.










