Шри Ланка улсад өрнөөд буй зэвсэгт мөргөлдөөнд Сингал, Тамил үндэстний шинэ жилийн баярыг тохиолдуулан хоёр өдрийн хугацаатай гал зогсоох шийдвэр гаргасныг би бээр машид талархан хүлээн авч байна. Мөргөлдөөнд оролцогч талуудын дунд хавчигдан буй энгийн иргэдийн аюулгүй байдал, сайн сайхны төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний санаа зовнилыг ч мөн би бээр хуваалцан зовниё. Энэхүү завсарлага нь тэдэнд аюулгүй газар хүрэх боломж олгож буйд машид баяртай байгаа бөгөөд тэднийг аюулгүй газар эсэн мэнд хүрч чадна хэмээн найдаж байна.
Хүч хэрэглэхэд хүрсэн хоёр тал тус бүрнээ буддын болоод хинду шашны нийгэмлэгээс гаралтай бөгөөд энэ хоёр шашин хоёул ахимса буюу хүчирхийллийг үл үйлдэх тэргүүн зарчмыг эртнээс машид дээдэлж ирсэн уламжлалтай билээ. Хоёр тал мөргөлдөөнөө түрхэн зогсоогоод буй хэдий ч энэхүү завсарлагаа сунгаж, хамтдаа яриа хэлэлцээрийг сэргээн эхлүүлэх замаар цааш ахиулахыг би бээр уриалж байна.
Урт хугацаандаа шийдвэрлэхэд нэн бэрх мөргөлдөөнийг ч зохицуулах цорын ганц зам бол чин сэтгэлийн яриа хэлэлцээр юм. Энэ шинэ жилийн баяраар зарласан гал зогсоох шийдвэр нь Сингал, Тамил үндэстнүүдийн харилцааг өөр шинэ хандлагад хөтлөх боломж олгох болтугай хэмээн залбиръя.
Дээрхийн гэгээн Далай лам
Энэтхэг улс, Дарамсала хот
2009 оны 4 дүгээр сарын 13










