Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2012 оны 2-р сарын 28. Дээрхийн гэгээн Далай лам энэ өдөр Доктор Ражендра Прасадын нэрэмжит Анагаах ухааны коллежид болж буй Энэтхэгийн Нийтийн эрүүл мэндийн холбооны (IAPSM) 39 дэх удаагийн бага хуралд тэргүүлэн оролцлоо.
Тус коллежийн захирал Анил Чаухан нээлтийн үеэр "Энэтхэгийн Нийтийн эрүүл мэндийн холбооны бага хурлыг Химачал Прадеш мужид анх удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд Дээрхийн гэгээн Далай лам морилон саатаж буйд бид ихэд бэлгэшээж байна" хэмээн онцлов.
1974 онд байгуулагдсан Энэтхэгийн Нийтийн эрүүл мэндийн холбоо нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, олон нийтийн анагаах ухааны боловсрол, судалгааны ажлыг хөгжүүлэхэд чиглэсэн эмч, мэргэжилтнүүдийн ашгийн бус байгууллага юм.
Дэлхий нийтийг хамраад буй "Авлига нэрт тахал"-ын талаар ярихдаа тэрбээр Энэтхэг шиг гүнзгий сүсэг бишрэлтэй оронд авлига, хүчирхийлэлд орон зай байх ёсгүйг анхааруулав.
"Ямар ч шашны уламжлал хүчирхийлэл, үзэн ядалт, хууран мэхлэлт, авлигыг номлодоггүй билээ. Хэрэв бид шашны уламжлалаа даган мөрдвөл тэнд авлига, хүчирхийлэл байх учиргүй" хэмээн айлдсан юм.









