Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын “Таж” зочид буудалд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч буй нь... Зургийг Данзанчойжор (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба)
Энэтхэг, Шинэ Дели. 2009 оны 4 дүгээр сарын 1. Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр Шинэ Дели хотын хэд хэдэн шашны газраар зочилж, бусад шашны төлөөлөгчидтэй хамт залбирлаа. Энэ өдөр бол түүний Энэтхэг улсын нутаг дэвсгэрт анх хөл тавьсны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төвөдийн дүрвэгчдийн Засгийн газар уг өдрийг “Энэтхэгт талархах өдөр” хэмээн тэмдэглэжээ. Өдгөө 73 насыг зооглон буй Төвөдийн удирдагч шашин хоорондын эв найрамдлыг түгээн дэлгэрүүлэхийг амьдралынхаа гурван гол зорилгын нэг хэмээн үздэг билээ.
Төвөдийн удирдагч үндэсний болоод олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хуралд үг хэлэв. Тэрбээр сэтгүүлчдийг Хималайн нурууны тогтворгүй нөхцөл байдалтай бүс нутагт өөрсдөө очиж, бодит байдлыг нүдээр үзэхийг хүсжээ. “Хэрэв хараат бус, бодитой сурвалжилгаар төвөдийн нутагт амьдарч буй төвөдүүд хятадын эрхшээл дор үнэхээр жаргалтай байгааг тогтоовол өөртөө засах өргөн эрхийн төлөөх тэмцлээ зогсооно. Хэрэв та бүхэн нөхцөл байдал үнэхээр сайн байгааг өөрсдөө харвал бид тэмцлээ орхино болно” хэмээн мэдэгдсэн юм.
Үүний дараа Дээрхийн гэгээн Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоонд болсон “Энэтхэгт талархах өдөр”-ийн арга хэмжээнд оролцов. Далай ламын айлдварыг сонсохоор олон мянган хүн тус холбооны байранд цугласан бөгөөд Дээрхийн гэгээн өөрийгөө бурхны шашны эгэл нэгэн лам хэмээн тодорхойлох дуртай билээ.
Арга хэмжээг Энэтхэгийн Доод танхимын дарга асан, Шри Раби Рэй удирдан явуулав. Мөн Төвөдийн үйл хэргийг дэмжих үндсэн бүлгийн зохицуулагч доктор Н.К.Трикха, Калон Трипа Самдан ринбүүчи, Калон Бямбацэрэн нар оролцжээ.
Дээрхийн гэгээн Энэтхэгийн тухай “Би бээр Энэтхэг, Төвөдийн харилцааг багш (guru), шавь (chela) хоёрын харилцаатай зүйрлэн ярьдаг. Тиймээс шавь нь бэрхшээлтэй тулгарах үед багшид илүү их хариуцлага ноогддог гэж энэтхэг найзууддаа заримдаа хошигнон хэлдэг юм. Сүүлийн 50 жилийн туршлагаас харахад багш минь бидэнд үнэхээрийн нухацтай, чин сэтгэлээсээ анхаарал халамж тавьж ирсэн билээ” хэмээгээд, алгаа хавсран, талархал илэрхийлж, “Машид гялайлаа” хэмээсэн юм.
Энэтхэгийн үндэсний телевизийн “Доордаршан” сувгаар цацагдсан тусгай ярилцлагадаа Төвөдийн удирдагч “Энэтхэг улс төвөдийн соёлд эртнээс уламжлагдан ирсэн энх тайван, хүчирхийлэлгүй байх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Арга хэмжээний төгсгөлд энэтхэгийн ард түмэн, засгийн газарт талархал илэрхийлэх зорилгоор Төвөдийн тайзны урлагийн хүрээлэнгийн бүтээсэн хөгжмийн дүрс бичлэгийг үзүүлэв.










