Австрали улс, Перт хот. 2007 оны 6 дугаар сарын 6. Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам Австрали улсад хийх 11 хоногийн айлчлалаа эхлүүлэхдээ эх дэлхийгээ илүү ихээр хүндэтгэн, хайрлан хамгаалахыг уриаллаа.
Дээрхийн гэгээн Баруун Австралийн Перт хотноо хуран цугласан 2000 орчим хүний өмнө үг хэлэхдээ дэлхийн ядуу буурай хүмүүсийн нөхцөл байдалд илүү их анхаарал хандуулахыг мөн уриалжээ.
“Байгаль орчноо хамгаалах нь бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг байх ёстой. Машин, цахилгаан, ус хэрэглэж байхдаа цаг мөч бүрд эрчим хүч, байгалийн нөөцийг хамгаалах тухай санаж яваарай” хэмээснээр айлдвараа эхэллээ.
“Хятадын ноёрхлын эсрэг гарсан бослого бүтэлгүйтсэний дараа 1959 онд Төвөдөөс дүрвэн гарсан буддын шашны удирдагч дэлхийн байгалийн нөөц баялгийг хүн төрөлхтөн хүссэнээрээ захирч чадна гэж эндүүрэн үрэн таран хийж болохгүй. Ирээдүй хойч үедээ хангалттай хэмжээний нөөц баялаг үлдээх нь өнөөгийн үеийнхний ёс суртахууны үүрэг юм. Энэ бол машид чухал” хэмээсэн юм.
Далай лам мөн ядуурлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстойг онцоллоо. “Баян, ядуугийн хоорондох ялгаа улам бүр нэмэгдэж, асар их болж байна. Энэ нь зөвхөн ёс суртахууны хувьд буруу төдийгүй бодит амьдрал дээр олон асуудлын эх үүсвэр болж байна. Бид энэ ялгааг багасгах ёстой” хэмээн айлдлаа.
Австрали улсад олон нийтэд зориулсан хэд хэдэн үнэ төлбөргүй айлдвар айлдан, бизнесийн салбарын удирдагчидтай уулзаж буй Далай ламын айлчлалыг маргаан тойрсонгүй.
Ерөнхий сайд Жон Ховард, сөрөг хүчний Хөдөлмөрийн намын дарга Кевин Радд нар эхэндээ Нобелийн Энх тайвны шагналтантай уулзахад хэтэрхий завгүй байгаагаа мэдэгдэж байв. Гэвч энэ оны сүүлээр болох сонгуульд өрсөлдөх гэж буй хоёр улс төрч Далай ламтай уулзахаас татгалзсан гэх шүүмжлэлийг хожим няцааж, уулзалт зохион байгуулах боломжтой эсэхийг цагийн хуваариасаа шалгаж үзэж байгаа хэмээн мэдэгджээ. Тэд Хятадын дургүйцлийг төрүүлэхээс зайлсхийхийн тулд Төвөдийн удирдагчтай уулзахгүй байгаа гэх шүүмжлэлийг ийнхүү үгүйсгэсэн байна.
Хятад улс 1951 онд цэрэг оруулж, тус бүс нутгийг “чөлөөлсөн” хэмээн мэдэгдсэнээс хойш Төвөдийг захирч ирсэн. Энэтхэгт амьдарч, тэнд Хилийн чанад дахь Засгийн газраа байгуулсан Далай лам Төвөдөд зөвхөн өөртөө засах эрх олгохыг хүсэж буй бөгөөд тус бүс нутаг Хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдэж болно хэмээн үздэг.
Гэвч Хятадын эрх баригчид түүнийг Төвөдийн тусгаар тогтнолыг хүсэж байна хэмээн байнга буруутгаж, тус бүс нутгийн ард түмний өмнө түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг.
Дээрхийн гэгээн Далай лам Пүрэв гарагт Виктория мужийн Бендиго хотыг зорих бөгөөд тэнд баригдаж буй нэгэн суваргыг адислах юм. Уг суварга баригдаж дууссаны дараа барууны ертөнц дэх хамгийн том суварга болох ажээ.










