Герман улс, Хамбург хот. 2007 оны 7 дугаар сарын 21. Дээрхийн гэгээн Далай ламын Германд хийж буй айлчлалыг нь Хятад улсаас шүүмжилж буй аж. Энэ үед Далай лам чинээлэг улс орнуудыг ядуу буурай улс орнуудын өмнө илүү их хариуцлага хүлээхийг уриаллаа. “Бид нэг дэлхийд амьдарч буй тул баян, ядуугийн ялгааг хэрхэн багасгах талаар илүү их анхаарах хэрэгтэй. Илүү ихийг хийх нь чинээлэг улс орнуудын үүрэг хариуцлага юм. Тухайлбал, буяны сан байгуулах зэрэг арга хэмжээ авч болно” хэмээн Далай лам айлдаад, АНУ-ын тэрбумтан, буяны үйлстэн Билл Гейтсийг жишээ болгон дурджээ. 2000 онд байгуулагдсан “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаараа дамжуулан “Microsoft” компанийн дарга Билл Гейтс төрөл бүрийн буяны байгууллага болон шинжлэх ухааны судалгааны хөтөлбөрүүдэд их хэмжээний хандив өргөж ирсэн билээ.
“Ашиг орлогоо дээд зэргээр нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэл байсаар байх тусам дэлхий нийтийн асуудлууд улам нэмэгдэх болно” хэмээн Далай лам айлдсан юм. Тэрбээр Герман улсад 10 хоногийн айлчлал хийхээр морилон ирсэн бөгөөд энэ хугацаанд цуврал айлдваруудыг айлдах юм. Өрнөдийн хэрэглээний соёлыг шүүмжлэхийн зэрэгцээ тэрээр хүмүүсийг өөрсдийн эрхэмлэдэг үндсэн үнэт зүйлсийнхээ талаар илүү их эргэцүүлэн бодохыг уриалж, “Ингэснээр бид илүү жаргалтай болох юм” хэмээжээ.
Төвөдийн шашны тэргүүн Хамбургийн Их Сургуулиас зохион байгуулж буй Буддын шашны гэлэнмаа нарын чуулга уулзалтад гол илтгэлийг илтгэх аж.
Төвөдийн асуудлыг хүчирхийлэлгүй аргаар шийдвэрлэхийн төлөөх хүчин чармайлтынхаа төлөө 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Далай лам “Энх тайвныг суралцах нь: Хүчирхийлэлгүй байх практик” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.
Бээжин хотод Хятадын Гадаад хэргийн яам Далай ламыг Төвөдийг Хятадаас салан тусгаарлахыг оролдож байна хэмээн буруутгаж, түүнд салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах индэр олгохгүй байхыг Герман улсад анхааруулжээ. Хятад, Германы харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг хадгалахын тулд Германы Засгийн газрын албан тушаалтнуудыг Төвөдийн удирдагчтай уулзахгүй байхыг шаардсан байна.
“Далай лам бол зүгээр нэг шашны зүтгэлтэн биш, харин салан тусгаарлах үйл ажиллагаанд удаан хугацаанд оролцож ирсэн улс төрийн дүрвэгч юм” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Дээрхийн гэгээн Далай ламын Хамбург хотноо хийж буй 5 дахь удаагийн айлчлалын онцлох үйл явдал нь тус хотын цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 30 орчим сүсэгтэнд зориулан цуврал айлдвар айлдах юм. Дээрхийн гэгээн Далай лам “Даяаршсан ертөнц дэх энэрэн нигүүлсэхүй” сэдвээр илтгэж, Энэтхэгийн их багш Арьяадевагийн “Дөрвөн зуун шүлэг” бүтээлийн талаар хэлэлцэх ажээ.










