Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Дарамсалагийн крикетийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр Химачал Прадеш мужийн ерөнхий сайд Прем Кумар Дхумал, ерөнхий сайд асан Вирбхадра Сингх, Төвөдийн Хилийн чанад дахь Засгийн газрын ерөнхий сайд, профессор Самдам ринбүүчи, Химачал Прадеш мужийн Хууль тогтоох хурлын дарга Тулси Рам, сөрөг хүчний удирдагч Видья Стокс нарын хамт... Мужийн Хууль тогтоох хурлын 7 хоног үргэлжилсэн өвлийн чуулган өндөрлөснийг тэмдэглэхээр зохион байгуулсан уг спортын арга хэмжээнд Дээрхийн гэгээнийг хүндэт зочноор урьжээ. Зургийг Данзандасэл.
Энэтхэг улс, Дарамсала хот. 2008 оны 12 дугаар сарын 17. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Химачал Прадеш мужийн Дарамсала хотод олон жил амьдарсан тул өөрийгөө тус мужийн “иргэн” хэмээн санадгаа дурджээ.
Дээрхийн гэгээн тухайн өглөө мужийн Хууль тогтоох хурлын цогцолборт зочлохдоо “Би амьдралынхаа ихэнх хугацааг уулын энэ хотод өнгөрүүлжээ. Одоо өөрийгөө Химачал Прадеш мужийн иргэн мэт санадаг” хэмээн айлдсаныг IANS агентлаг эш татсан байна. Энэ нь Дээрхийн гэгээн Дарамсала хотын ойролцоох Тапованд байрлах Видхан Сабха буюу мужийн Хууль тогтоох хурлын цогцолборт анх удаа зочилж буй хэрэг юм. Хятад Төвөдийг эзэлсний дараа Дээрхийн гэгээн 1959 онд Энэтхэгт дүрвэн гарчээ. Түүнээс хойш Дарамсала хот Хилийн чанад дахь Төвөдийн Засгийн газрын төв байсаар иржээ.
IANS агентлагийн мэдээлснээр, Дээрхийн гэгээн Химачал Прадеш мужийн ерөнхий сайд Прем Кумар Дхумалыг “манай Ерөнхий сайд” хэмээн дуудаад, “Заримдаа энэ найз маань Ерөнхий сайд болдог” гэж Вирбхадра Сингхийг заажээ. Тэгээд Дхумал руу заан “Заримдаа энэ найз маань Ерөнхий сайд болно. Нэг нь ажиллаж байхад нөгөө нь амарч, бодож тунгаах завтай болдог” хэмээн хошигносон байна.
Химачал Прадеш мужийн Хууль тогтоох хурлын өвлийн чуулганыг 2004 оноос Дарамсалад зохион байгуулах болсон бөгөөд зуны чуулган нь мужийн нийслэл Шимла хотод болдог хэвээр байна.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Дарамсалад крикетийн нөхөрсөг тоглолт үзэж байхдаа Химачал Прадеш мужийн ерөнхий сайд Прем Кумар Дхумалын яриаг анхааралтай сонсож буй нь... Ерөнхий сайд түүнд крикетийн тоглолтын зарчмыг тайлбарлаж буй бололтой. Зургийг Данзандасэл.
Дээрхийн гэгээн 12 дугаар сарын 17-нд Видхан Сабха цогцолборт зочилсон нь 12 дугаар сарын 11-нд эхэлсэн мужийн Хууль тогтоох хурлын долоо хоног үргэлжилсэн өвлийн чуулганы сүүлчийн өдөртэй давхацжээ.
IANS агентлагийн мэдээлснээр, Дээрхийн гэгээн энэ үеэр хятадын цагдаа нарт баривчлагдаж, хоригдож буй хүний эрхийн төлөө тэмцэгч Ху Жяг суллахыг мөн уриалсан байна.
1989 оны Нобелийн Энх тайвны шагналт, өдгөө 73 настай Дээрхийн гэгээн үүний дараа Дарамсалагийн крикетийн цэнгэлдэх хүрээлэнд болсон нөхөрсөг тоглолтыг үзэхээр морилжээ. Мужийн Хууль тогтоох хурлын өвлийн чуулган өндөрлөснийг тэмдэглэн зохион байгуулсан уг тоглолтод “Мужийн захирагчийн XI” болон “Мужийн Ерөнхий сайдын XI” багууд өрсөлдсөн бөгөөд Дээрхийн гэгээн арга хэмжээний хүндэт зочин байв. Тоглолтыг үзэхээр Дээрхийн гэгээний хамт Химачал Прадеш мужийн ерөнхий сайд Прем Кумар Дхумал, ерөнхий сайд асан Вирбхадра Сингх, Хууль тогтоох хурлын дарга Тулси Рам, сөрөг хүчний удирдагч Видья Стокс, мөн Хилийн чанад дахь Төвөдийн Засгийн газрын ерөнхий сайд, профессор Самдан ринбүүчи нар хүрэлцэн иржээ. Энэхүү нөхөрсөг спортын арга хэмжээнд Энэтхэгийн олон хүндэт зочин, Төвөдийн Хилийн чанад дахь Засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон Төвөдийн парламентын гишүүд оролцож, хоорондоо уулзан ярилцсан байна.
Зураг. Төвөдүүд Дарамсалагийн крикетийн цэнгэлдэх хүрээлэнд хоёр багийг хөгжөөн дэмжихдээ үндэсний далбаагаа өргөн барьж буй нь... 2008 оны 12 дугаар сарын 17. Зургийг Данзандасэл.
Төвөд, энэтхэг крикет сонирхогчид, тэдний дотор сургуулийн хүүхдүүд олноор ирж, хоёр багийг хөгжөөн дэмжжээ. Тоглолтын үеэр Төвөдийн хилийн чанад дахь парламентын зүгээс тусгай үдийн зоог мөн зохион байгуулсан байна. Тус парламентын дарга Бямбацэрэн үдээс хойших арга хэмжээг “Химачал Прадешийн ард түмэнтэй тогтоосон нөхөрлөл, хайр хүндэтгэлийн холбоогоо эрхэмлэн тэмдэглэх сайхан завшаан” хэмээн тодорхойлжээ.
Төвөдийн парламентын шинэ даргаар тангараг өргөсөн Бямбацэрэн “Ийм арга хэмжээнд хамтдаа оролцох нь энэ мужийн ард түмэн, удирдагчидтай тогтоосон дотно харилцааг улам бэхжүүлэхэд тустай” хэмээн ярьсан байна. Тэрбээр цааш нь “Өнөөдөр Дээрхийн гэгээн бидэнтэй хамт байж, төвөдүүд болон энэтхэг анд нөхдийн маань энэ сайхан мөчийг хуваалцаж байгаа нь үнэхээр азтай, сайхан тохиол юм” хэмээн нэмж хэлжээ. “Дээрхийн гэгээн өнөөдөр хүмүүстэй уулзаж ярилцахдаа Энэтхэгийн эртний олон анд нөхөдтэйгөө дахин уулзсандаа ихэд баяртай байгаагаа өөрөө илэрхийлсэн” хэмээн ярьжээ.
Энэ нь Дээрхийн гэгээн Европт хийсэн, олон улсын анхаарлыг татсан айлчлалаасаа эргэн ирснээс хойш Энэтхэгийн хойд хэсэгт орших, дүрвэн суурьшсан Дарамсала хотдоо анх удаа олны өмнө гарч буй хэрэг юм. Европ дахь айлчлалынхаа үеэр Дээрхийн гэгээн Европын парламентын нэгдсэн хуралдаанд үг айлдаж, Францын ерөнхийлөгч Николя Саркози болон Европын Холбооны бусад удирдагчтай уулзсан билээ.










