Зураг. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай ламыг Бельгийн Сенатын дарга Арман Де Деккер, Сангийн сайд Дидье Рейндерс, парламентын доод танхимын дарга Херман Ван Ромпёй, парламентын гишүүн Корин Де Пермантье нар Брюссель дэх парламентын ордонд угтан авч буй нь... 2008 оны 12 дугаар сарын 4. Дээрхийн гэгээн Бельгид хийсэн 2 өдрийн айлчлалаа өндөрлүүлж, Польшид морилон иржээ. Зургийг Reuters.
Польш улс, Гданьск хот. 2008 оны 12 дугаар сарын 5. Дээрхийн гэгээн Далай лам 8 өдрийн айлчлал хийхээр 12 дугаар сарын 5-ны өдөр Польшид морилон иржээ.
Дээрхийн гэгээн Балтын тэнгисийн эрэг дэх боомт хот Гданьскийн нисэх буудалд хүрэлцэн ирэхдээ “Түүхэн ‘Эв санааны нэгдэл’ хөдөлгөөн үүсэж, миний анд Лех Валенса тэмцлээ эхлүүлсэн энэ хотод ирсэндээ би маш их баяртай байна” хэмээн айлдсаныг Франс Пресс (AFP) агентлаг эш татжээ. Дээрхийн гэгээнийг Гданьск хотын дарга Павел Адамович угтан авсан байна.
Олны хүндэтгэлийг хүлээсэн Төвөдийн шашны тэргүүн, 1989 оны Нобелийн Энх тайвны шагналт Дээрхийн гэгээн Далай лам болон уг шагналыг хүртсэн бусад эрхмийг Гданьск хотод урьжээ. Тэд Польшийн ардчиллын төлөө тэмцэгч Лех Валенса Нобелийн энх тайвны шагнал хүртсэний 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох юм. Валенса тухайн үеийн коммунист дэглэмийн эсрэг энхийн замаар тэмцсэн “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг удирдсаныхаа төлөө 1983 онд уг шагналыг хүртсэн билээ.
Зураг. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам, Польшийн ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Лех Валенса мөн Нобелийн Энх тайвны шагналт Адольфо Перес Эскивель нар Гданьск хотод уулзан мэндчилж буй нь... Польш улс, 2008 оны 12 дугаар сарын 5. Валенса Нобелийн Энх тайвны шагнал хүртсэнийхээ 25 жилийн ойг тохиолдуулан уг шагналын цөөн хэдэн эзнийг урьж оролцуулжээ. Зургийг AP.
Айлчлалынхаа үеэр Дээрхийн гэгээн Польшид хүрэлцэн ирэх Францын ерөнхийлөгч Николя Саркозитой уулзахаар төлөвлөжээ. Далай ламын Европт хийж буй, олон улсын анхаарлыг татсан айлчлал болон Саркозигийн түүнтэй уулзах төлөвлөгөө Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн байна. Үүнийг эсэргүүцэн Хятад улс 12 дугаар сарын 1-нд Францад зохион байгуулахаар эртнээс товлосон Европын Холбоо, Хятадын дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзжээ. Мөн Францад худалдаа болон хоёр талын харилцаанд нь ноцтой үр дагавар учирч болзошгүйг анхааруулсан байна. Гэсэн ч тухайн үед 27 гишүүн оронтой Европын Холбоог ээлжлэн даргалж байсан Францын Ерөнхийлөгч Николя Саркози 12 дугаар сарын 6-ны өдөр Польшид Далай ламтай уулзах шийдвэрээсээ ухрахгүй гэдгээ мэдэгджээ.










