Энэтхэг, Ладак, Халцэ. Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам арслант сэнтийдээ залармагцаа айлварын талбайд цугласан 25,000 гаруй сүсэгтэнд түүнийг гүнээ хайрлан, итгэл бишрэлээр ханддаг учраас ийнхүү морилон ирснээ талархан хэлжээ.

Дээрхийн гэгээн сүсэгтэн олонд, “Хэдхэн минутын өмнө би 106 настай нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Түүний адил би ч урт наслахыг өлзийтэй хэмээн үздэг. Надад итгэж, чин сэтгэлээсээ бишрэн дагадаг хүмүүсийн тоо улам нэмэгдэж буй нь багшийн урт наслахад гарцаагүй дэм болох нь дамжиггүй. Та бүхэнд гялайлаа. Энэ нь намайг 110-аас ч илүү наслах урам зоригийг өгч байна” хэмээв. Цугласан олон баяртайгаар алга ташлаа.
“Мэдээж бусдын эрх ашгийг хохироон, зөвхөн хувийн зорилгоо биелүүлэхийн төлөө урт насалснаараа бахархах зүйл төдийлөн үгүй. Харин бусдын тусын тулд утга учиртай, урт удаан амьдрах нь гарцаагүй үр өгөөжөө өгнө. Бодь сэтгэлийг төрүүлснээр буяныг хураана. Харин хоосон чанарыг ухаарснаар билгүүний чуулганыг арвижуулна. Иймээс сонсох, сонссон, уншсан зүйлээ эргэцүүлэн бодох, улмаар амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцах нь нэн чухал юм. Бодь сэтгэлийн тухай эргэцүүлэн тунгаавал та бүхэн бурхад, лус савдаг тэргүүт бүх амьтныг энэрэн хайрлах сэтгэлтэй болно. Тэд бүгд аль нэгэн цагт бидний амьдралтай холбогдож, бидэнтэй харилцан хамааралтай байсаар ирсэн юм. Тэд ч мөн бидний адил аз жаргалыг эрэлхийлж, зовлонг үл хүснэ. Тиймээс тэднийг энэрэн хайрлах сэтгэлийг төлөвшүүлбэл бурхад, асура тэргүүтээс хор хөнөөл амсахын оронд ач тусыг нь хүртэнэ”.

“Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэл үүсэхийн гол шалтгаан нь өөрийгөө эрхэмлэх үзэл юм. Энэ үзэл биднийг хувийн ашиг сонирхлоо урьтал болгож, бусдын сайн сайхан байдлыг үл хайхрахад хүргэдэг бөгөөд эцэстээ тэр нь өөрсдөд минь зовлон болон буцаж ирдэг. Бусад бүх хүнийг өөртэйгөө адил эхийн хэвлийгээс төрж, эхийн хайр халамжид өсөж торнисон хүмүүс хэмээн үзвэл бид өөрсдөө сэтгэлийн амар амгаланд хүрээд зогсохгүй, бусдыг ч аз жаргалтай болгож чадна. Бурхан багш анхнаасаа гэгээрсэн нэгэн байсангүй. Тэрбээр удаан хугацааны турш сэтгэлээ сурган, бодь сэтгэлийг төлөвшүүлсний үр дүнд гэгээрэлд хүрсэн юм. Эцэст нь 6 жил гүн бясалгаж, ямар ч гэм алдаа үгүй, төгс билгүүн төгөлдөр бүрэн гэгээрэлд хүрсэн билээ. Иймээс та бүхэн, номын ахан дүүс минь, буян хийгээд билгүүний чуулганыг хураан, Бурхан болох мөрийг тууштай дагах нь нэн чухал юм. Энэ өглөө би Цагаан Дар эхийн насны авшгийг хүртээнэ. Урт наслахыг хүсэхэд хамгийн чухал зүйл бол бусдад нинжин сэтгэлээр хандах явдал. Энэ л сэтгэлийн амар амгаланг авчирна. Харин сэтгэлийн амар амгалан бол утга учиртай амьдрахын хамгийн чухал үндэс билээ” хэмээн айлджээ.

Насны авшиг хүртээж дууссаны дараа Дээрхийн гэгээн өмнөө цугласан олонд хандан, тэднийг бат итгэл бишрэлтэй бөгөөд номын дадал бясалгалыг хичээнгүйлэн үйлдэх чин эрмэлзэлтэй байгаад баяртай буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэтхэгт заримдаа хүмүүсийг кастын ялгаагаар зааглан ялгаварлах явдал байдгийг ажигласан юм. Хэрэв Шамын хөндийд ч ийм үзэл байдаг бол бүх хүн төрөлхтөн адил тэгш бөгөөд заримыг нь дээд, заримыг нь доод хэмээн үзэх шаардлагагүйг ойлгох хэрэгтэй. Ийм ялгаа заагт ач холбогдол өгч, түүний тухай бодож явахгүй байхыг захья. Бид бүгд Бурхан багшийн шавь нар. Бид бүгд бурхны чанартай бөгөөд бурхны хутгийг ч олох чадвартай. Иймээс хүн бүрийг хайрлан энэрэх замаар бодь сэтгэлийг төлөвшүүлэхийн төлөө хичээх нь бидэнд илүү зохистой юм” хэмээн айлдаад, айлдвараа өндөрлүүлэн, цугласан олонтой салах ёс гүйцэтгэв.

Удалгүй Дээрхийн гэгээн нисдэг тэргэнд заларч, Лех хот руу буцан, Шэвацэл ордондоо эргэн мориллоо.










