Хавай муж, Хонолулу хот. Хавайд өнгөрүүлсэн хоёр дахь өдрөө Дээрхийн гэгээн Далай лам Хавайн нутгийн удирдлагуудын хамт "Орчин үед уугуул иргэдийн оюун ухааны ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, суудал бүрэн дүүрсэн танхимд энх тайвны талаар илтгэл тавилаа. Мөн тэрээр Үндэсний олон нийтийн радиогийн (NPR) сэтгүүлч Рене Монтаньд ярилцлага өгсөн юм. Дээрхийн гэгээн сургуулийн орчинд бусдыг дээрэлхэх хандлагатай хүүхдүүд өөрсдийгөө өөрчлөх боломжтой эсэх, Хавайн соёлын талаарх өөрийн сэтгэгдэл, түүнчлэн Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөв. Энэхүү ярилцлагыг 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр NPR-ийн "Өглөөний хэвлэл" (Morning Edition) хөтөлбөрөөр олон нийтэд цацсан байна.

Үүний дараа Дээрхийн гэгээн Өрнө-Дорнодын төвд зочлоход тус төвийн Удирдах зөвлөлийн дарга Р.Брайан Цужимура түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Дээрхийн гэгээн хэлэлцүүлэг болох танхимд орж ирэхэд Хавайн уламжлалт магтаал дуугаар угтсан юм. Тэрээр тайзнаа гарахынхаа өмнө уг магтаалын утга учрыг сонирхон асууж байлаа.
Хэлэлцүүлгийн сэдэв нь "Орчин үед уугуул иргэдийн оюун ухааны ач холбогдол" байсан бөгөөд Дээрхийн гэгээнтэй хамт Хавайн соёлын уламжлал судлаач, зохиолч, доктор Пуалани Канахеле болон Полинезийн далайгаар аялагчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Найноа Томпсон нар оролцов. Энэхүү хэлэлцүүлгийг Хавайн уугуул иргэдийн соёл уламжлалыг дэмжих зорилготой "Ирээдүйн анд нөхөд" (Friends of the Future) байгууллагын ерөнхийлөгч Жон Де Фрис хөтлөн явуулсан юм. Тэрээр Дээрхийн гэгээнээс Хавайд өнгөрүүлсэн нэг өдөр хагасын хугацаан дахь сэтгэгдлээ хуваалцахыг хүссэнээр арга хэмжээ эхлэв.
Дээрхийн гэгээн Хавайн ард түмний, хөгшин залуу гэлтгүй хүн бүрийн цайлган цагаан инээмсэглэл хүн гэдэг утгаар түүний сэтгэлийг ихэд хөдөлгөж байсанг хэллээ. Улмаар тэр соёлын талаарх өөрийн үзэл бодлоо дэлгэрүүлэн ярихдаа, соёл бол цаг хугацааны уртад хувьсан өөрчлөгддөг зүйл хэмээсэн юм. Төвөдийн соёл уламжлал тэндэх өвөрмөц байгаль, цаг уурын эрхээр бүрэлдсэн бол, үүнтэй адилаар Хавайн соёл далай тэнгистэйгээ нягт холбогдон хөгжиж ирсэн байна гэлээ. Амьдралын хатуу хөтүүг туулсан жижиг нийгэм нь машины эд анги мэт болж хувирсан орчин үеийн өндөр хөгжилтэй нийгмийг бодвол, нийгмийн хамтын үнэт өвөө илүүтэй цогцлоон бүтээх чадвартай болохыг тэрээр онцлов. Мөн Хавайн ард түмэн өөрсдийн унаган соёлоо амьд авч үлдэж чадсан нь маш бахархалтай хэрэг хэмээн Дээрхийн гэгээн ихэд сайшаалаа.

Үүний дараа хэлэлцүүлэгт оролцож байсан бусад хоёр зочин Хавайн соёл тэдний хувьд ямар утга учиртай болох, мөн тэдний нийгэмлэгт ямар сорилт бэрхшээл тулгарч буй талаар өөрсдийн бодлоос хуваалцав. Хөтлөгч доктор Пуалани Канахелегийн хийсэн судалгааны талаар ярьсан бөгөөд үүний дотор Хавай хэлэнд л гэхэд 'үүл'-ийг илэрхийлдэг 400 гаруй нэршил байдгийг олж тогтоосныг онцолсон юм.
Дараа нь хөтлөгч Дээрхийн гэгээнээс түүний номлодог "Бүх нийтийн хариуцлага" хэмээх ойлголт болон тэдний өрнүүлж буй энэхүү хэлэлцүүлгийн хооронд ямар нэгэн уялдаа холбоо байгаа эсэхийг тайлбарлаж өгөхийг хүсэв. Бүх нийтийн хариуцлага нь арай өөр түвшинд, өөрөөр хэлбэл нийт хүн төрөлхтний хэмжээнд яригдах асуудал болохыг Дээрхийн гэгээн тайлбарлалаа. Энэ нь хүмүүсийг үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг зэрэг ялгаатай байдлаар нь хуваан талцуулахгүйгээр, хүн төрөлхтөн нэгэн бүхэл гэх мэдрэмжийг хөгжүүлж төлөвшүүлэхийг хэлж буй хэрэг хэмээн тэрээр айлдсан юм. Тэрээр энэхүү нэгдмэл байдлын үзэл санааг ямар гарал угсаатайгаас нь үл хамааран эрдэмтэн судлаачдын дундаас олж харснаа дурдав. Үүнтэй адилаар шашны уламжлалуудад ч мөн энэ нь оршин байдгийг хэллээ. Хэрэв хүмүүс зөвхөн өөрсдийн хүрээгээр хязгаарлагдсан “жижиг бид” хэмээн сэтгэж эхэлбэл асуудал ургаж гарна гэж Дээрхийн гэгээн үзэж байв. Үүний оронд дэлхий нийтийг хамарсан “том бид” гэх өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэйг тэр сануулсан юм.

Хавайн ард түмэн орчин үеийн технологийн хөгжил дэвшлийг бүхэлд нь сөрөг зүйл мэтээр хүлээж авахгүйгээр өөрсдийн унаган соёлоо хадгалан авч үлдэх бүрэн боломжтойг Дээрхийн гэгээн санууллаа. Технологийн хөгжил нь бидэнд ахуйн тав тухыг авчирдаг бол, соёл гэдэг хүний оюун санаа, дотоод сэтгэлтэй илүү гүн гүнзгий холбогддог болохыг тэр онцолсон юм. Зарим соёлын өв нь туйлын хэрэгцээтэй бөгөөд түүнийг заавал хадгалан хамгаалах шаардлагатайг тэрээр хэлэв. Харин өнөө цагт, өдөр тутмын амьдралд төдийлөн ач холбогдолгүй болсон зарим соёлын үнэт зүйлсийг музейд байрлуулж болох юм хэмээн тайлбарлалаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд ноён Найноа Томпсон Дээрхийн гэгээнд зориулан тусгайлан урласан сэлүүр бэлэглэлээ. Дээрхийн гэгээн эл бэлэгт гүнээ талархаж буйгаа илэрхийлээд, Бурхны шашны судар номонд хүмүүний үнэт заяаг зовлонгийн далайг гатлах усан онгоц буюу завьтай зүйрлэсэн байдаг тул энэхүү бэлэг нь маш гүн гүнзгий бэлгэдлийн утга учиртайг илэрхийлсэн юм.
Үдээс хойш Дээрхийн гэгээн хүндэт зочид болон түншүүдэд зориулсан өдрийн зоогийн үеэр товч үг хэллээ. Хавай мужийн захирагч Нил Аберкромби Дээрхийн гэгээнтэй мэндчилж, 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг “Далай ламын өдөр” хэмээн тунхагласан батламж бичгийг өргөн барив. Энэхүү хүндэтгэлийн зоогт Хонолулу хотын дарга Питер Карлайл болон Хавай мужийн захирагч асан Жорж Ариёоши тэргүүтэй зочид хүрэлцэн ирсэн байлаа.
Дээрхийн гэгээн хэлсэн үгэндээ конгрессын гишүүн асан, мужийн захирагч Аберкромби хүрэлцэн ирснийг онцлон дурдаад, Америкийн Нэгдсэн Улсын Сенат болон Төлөөлөгчдийн танхимаас Төвөдийн асуудалд дэмжлэг үзүүлж буйд талархаж буйгаа илэрхийлэв. Энэхүү дэмжлэг нь Төвөдийн ард түмний итгэл найдварын эх ундрага болдог хэмээн тэрээр хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн, хэрэв бид Төвөдийн асуудлыг зөвхөн орон нутгийн буюу явцуу хүрээнд харвал нөхцөл байдал ямар ч найдваргүй мэт санагдаж болох ч, илүү өргөн цар хүрээнд авч үзвэл итгэл найдвар байсаар байгааг онцолсон юм. Тэрээр Төвөдийн Бурхны шашны соёлыг энх тайвны соёл, энэрэн нигүүлсэхүйн соёл, хүчирхийллийн бус соёл хэмээн тодорхойлоод, энэ нь дэлхий нийтийн сайн сайхны төлөө хадгалан үлдэх ёстой үнэ цэнтэй өв юм хэмээн айлдлаа.

Хятадын зарим эрдэмтэд Төвөдийг "Гурав дахь туйл" хэмээн нэрлэж байсныг тэрээр эргэн дурсаад, Төвөдийн асуудлыг байгаль экологийн тал дээр онцгойлон анхаарал хандуулах шаардлагатайг санууллаа.
Иймд Төвөдийн асуудлыг дэмжигчдийг “Төвөдийг дэмжигчид” гэхээсээ илүүтэй “шударга ёсыг дэмжигчид” хэмээн нэрлэхийг Дээрхийн гэгээн санал болгосон юм. Тэрээр үнэний хүч болон буу зэвсгийн хүчний хоорондох ялгааны талаар ярив. Буу зэвсгийн хүч нь зөвхөн богино хугацаанд үйлчилдэг, хязгаарлагдмал байдаг бол, үнэний хүч үргэлж оршин тогтнодог, урт удаан хугацааны турш үйлчилдэг болохыг тэр хэллээ. Хятадын ард түмний дунд Төвөдийг сонирхох хандлага нэмэгдэж байгаа бөгөөд тэдний олонх нь Төвөдийн Бурхны шашны соёлыг ихээхэн сонирхдог болохыг тэрээр дурдав. Түүхийн үүднээс авч үзвэл Төвөдүүд бид өөрсдийн гэсэн хэл, бичиг үсэгтэйгээс гадна газар зүйн хувьд ч тусдаа, мөн (Хятадуудаас) угсаатны хувьд ч өөр ард түмэн гэдгийг тэрээр тайлбарлав. Төвөд нь материаллаг ахуйн хувьд хоцрогдсон байсан бөгөөд бүх Төвөдүүд орчин үеийн хөгжил дэвшлийг хүсэж байгааг хэллээ. Тиймээс Хятадын эрх баригчид хэл, соёлын олон янзын нийгэмлэгүүд улс орных нь өнцөг булан бүрд ямар ч салан тусгаарлах эрсдэлгүйгээр зэрэгцэн оршиж чаддаг Энэтхэг улсын жишээг харах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа Дээрхийн гэгээн илэрхийлсэн юм. Гэсэн хэдий ч, Дээрхийн гэгээн Төвөдөд өнөөг хүртэл үргэлжилсээр буй асуудлын үндсэн шалтгааныг Хятадын зүүний үзэлтнүүдийн явцуу бодлоготой холбон буруутгаж байлаа.
Дээрхийн гэгээн мөн цөллөгт буй Төвөдийн нийгмийг ардчилсан тогтолцоонд шилжүүлж буй үйл явцынхаа тухай ярив. Тэрээр 2001 онд Төвөдүүд профессор Самдонг Ринбүүчиг бүрэн эрхийн хугацаанд хоёр удаа сонгосноор шууд сонгогддог удирдлагын үеийг эхлүүлсэн болохыг хэлсэн юм. Энэ үеэс өөрийгөө хагас тэтгэвэрт гарсан байдалтай байсан гэдгээ тэрээр дурдлаа. Улмаар нөхцөл байдал эерэгээр эргэж буйг мэдэрсэн тул 2011 онд өөрийн улс төрийн хууль ёсны эрх мэдлээ ардчилсан сонгуулиар сонгогдсон Төвөдийн удирдлагад сайн дураараа, баяртайгаар, мөн бахархалтайгаар шилжүүлэн өгсөн хэмээн айлдав. Өдгөө цөллөгт буй Төвөдийн жижиг нийгэм нь ардчилсан засаглалын хувьд Хятадаас хамаагүй илүү дэвшилтэт болсон гэдгийг Дээрхийн гэгээн онцлоод, энэ нь бид (Хятад улсад) нэгэн жижиг ч гэлээ үлгэр жишээ болж чадсан гэдгийг хэлсэн юм.
Үүний дараа Дээрхийн гэгээн "Алохагийн хүчээр энх тайвныг цогцлоох нь" сэдэвт илтгэлээ тавих Стан Шериф төвийг зорилоо. Дээрхийн гэгээнийг тайзнаа гарч ирэх үед "The Doobie Brothers" хамтлагийн гишүүн асан, дуучин, ая зохиогч Майкл МакДональд болон Хавайн хөгжимчин Хенри Капоно нар хуран цугласан олонд зориулан "What the World Needs Now Is Love Sweet Love" (Дэлхий дахин өнөөдөр хайрыг хүсэж байна) дууг дуулж байлаа. Дээрхийн гэгээн мужийн захирагч Нил Аберкромбитэй мэндчилсэн бөгөөд тэрээр үзэгчдийн дунд сууж буй Ерөнхийлөгч Барак Обамагийн дүү Маяа Соеторо-Нг руу түүний анхаарлыг хандуулав.

Укулеле хөгжмийн нэрт мастер Жейк Шимабукурогийн тусгайлан зохиосон хөгжмийн видео бичлэгийг үзүүлэв. Үүний дараа Хавайн Нийгэмлэгийн сангийн төлөөлөгч ноён Келвин Такета хүрэлцэн ирсэн бүх хүнд мэндчилгээ дэвшүүлж, энд цугларсан хүмүүс энэхүү арга хэмжээнээс урам зориг, эрч хүч авна гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Улмаар ноён Пьер Омидяр Дээрхийн гэгээнийг индэрт танилцуулав. Тэрээр Дээрхийн гэгээний товч намтрыг танилцуулахдаа, Хавай муж улсын статустай болсон яг тэр жил буюу 1959 онд түүнийг Төвөдөөс дүрвэхэд хүрсэн болохыг дурдсан юм. Дээрхийн гэгээн өөрийн амьдралын үлгэр жишээгээрээ хүн бүрд урам зориг өгдөг гэдгийг тэрээр хэлэв. Дараа нь тэрээр 'Алоха' (Aloha) хэмээх философийн үзэл санааг нинжин сэтгэл, эв нэгдэл, баяр баясгалан, даруу төлөв байдал болон тэвчээрийн бэлгэдэл хэмээн тайлбарлалаа. Дээрхийн гэгээний айлдвар, сургаалтай танилцсан хүмүүс энэхүү ижил төстэй байдлыг олж харах болно гэдгийг тэрээр нэмж хэлэв. Мөн Хавайн ард түмний хувьд Дээрхийн гэгээн нь Алохагийн сүнслэг мөн чанарын бодит дүр төрх нь юм хэмээн тэрээр онцолсон юм.
Дээрхийн гэгээн энд цугларсан бүх хүн оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодын хувьд яг л ижилхэн хүмүүс гэдгийг онцлон хэлээд илтгэлээ эхлүүллээ. Ийм төрлийн сэтгэлгээ нь хүмүүсийг нэгтгэн нягтруулахад ихээхэн тустай болохыг тэрээр хэлэв.
Дээрхийн гэгээн Хавайд хэд хэдэн удаа ирж байсан хэдий ч энэ удаад хамгийн олон хүнтэй уулзаж, үг хэлэх боломж олдсонг дурдлаа. Өчигдөр оюутнуудтай хийсэн уулзалт маш үр дүнтэй, утга учиртай болсныг тэрээр хуваалцсан юм.
"Алоха" гэдэг үгийн гүн гүнзгий утга учрыг тайлбарлаж өгөхөөс өмнө өөрөө энэхүү ойлголтын талаар төдийлөн сайн мэдлэггүй байснаа Дээрхийн гэгээн хүлээн зөвшөөрөв. Хэдийгээр энэ үг энгийн мэт сонсогдох боловч хамгийн том сорилт нь энэхүү үзэл баримтлалын жинхэнэ утга учрыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд оршдог болохыг тэрээр айлдлаа.
Хүн бүр үндсэндээ аз жаргалыг хүсдэг бөгөөд энэ бол тэдний салшгүй эрх хэмээн тэрээр хэлэв. Мод, ургамал тэргүүтэй бүхий л амьд оршнолд амьд явах, оршин тогтнох эрх бий гэдгийг тэрээр онцлон дурдсан юм.

Улмаар аз жаргал, баяр баясгалан гэдэг нь тодорхой шалтгаан, нөхцөлөөс урган гардаг үр дүн гэдгийг тайлбарлахыг хүсэж буйгаа тэр хэлэв. Хүний амьдралын түвшинд баяр баясгалан, аз жаргал нь тухайн хүний өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлдэл буюу үйлийн үрээс бүрэн хамаардаг бөгөөд үүний дотор сэтгэлийн үйлдэл нь хамгийн гол түлхүүр хүчин зүйл болдог хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Амжилт бүтээлтэй амьдрахын тулд боловсрол, мэдлэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатайг Дээрхийн гэгээн хэлсэн юм. Гэвч боловсрол эзэмших нь өөрөө эцсийн зорилго биш гэдгийг ч мөн сануулав. Үүнийг тэрээр, хэрэв хүн эрүүл саруул байхыг хүсвэл эм болон амин дэм уух нь тэрхүү эерэг үр дүнд хүрэх шалтгаан, нөхцөл нь болж өгдөгтэй жишээ авч тайлбарлалаа.
Тиймээс буруу шалтгаан, нөхцөлийг бүрдүүлчихээд эерэг, сайн үр дүн хүлээнэ гэдэг нь огт бүтэшгүй зүйл гэдгийг Дээрхийн гэгээн онцлов. Тэрээр өөрийн амьдралын туршлагаас хуваалцахдаа, зургаа, долоон настайгаасаа эхлэн ном үзэж эхэлсэн хэдий ч 13 нас хүртлээ сурч боловсрох ямар ч сонирхолгүй байсан гэлээ. Гэвч хожим амьдралынх нь явцад тэрхүү сурч мэдсэн мэдлэг боловсрол нь дотоод сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэхэд асар их тус дэм болсонг ойлгож ухаарсан байна.
Аливаа зүйлд бодитой зорилго тавих нь нэн чухал гэдгийг Дээрхийн гэгээн анхааруулав. Тэрээр Энэтхэгийн Бихар мужид болсон нэгэн арга хэмжээний үеэр тус мужийн Тэргүүн сайд Бурхан багшийн адис жанлав, аврал ивээлээр мужаа хөгжин цэцэглэнэ гэж найдаж буйгаа илэрхийлж байсан түүхийг эргэн дурслаа. Дээрхийн гэгээн үг хэлэх ээлж ирэх үедээ өөрийн эртнээс сайн таних тэрхүү Тэргүүн сайдад хандан, хэрэв мужийн хөгжил цэцэглэлт зөвхөн Бурхан багшийн адислалаар шийдэгддэг байсан бол 2000 гаруй жилийн тэртээ Бурхан багш энэ нутагт заларч байсан учраас тус муж аль хэдийнээ хөгжих ёстой байсан гэдгийг хэлсэн байна. Бурхан багшийн адислал нь Тэргүүн сайдын бодит үйл хэрэг, хичээл зүтгэлээр дамжин хэрэгжих ёстойг тэрээр сануулсан юм. Хөгжил цэцэглэлт нь хоосон залбирлаар бус, харин бодит үйлдлээр бий болдог гэдгийг Дээрхийн гэгээн онцлон айлдлаа.
Тиймээс дэлхий дахины энх тайван нь хувь хүний дотоод сэтгэлийн амар амгалангаар дамжин хэрэгжих учиртайг Дээрхийн гэгээн хэлэв. Хувь хүний түвшинд эрүүл бие махбод нь эрүүл саруул оюун ухаантай салшгүй холбоотой болохыг тэрээр нэмж дурдлаа. Дээрхийн гэгээн хэдэн жилийн өмнө Шведийн Стокхолм хотноо нэгэн Америк эрдэмтэнтэй уулзсанаа эргэн дурсав. Тэрхүү эрдэмтэн бид уурлаж бухимдах үед уур хилэнгийн үндэс болж буй тэр зүйл бидэнд маш сөрөг, муухайгаар харагддаг хэмээн хэлж байжээ. Гэвч бодит байдал дээр тэрхүү сөрөг шинж чанарын 90 хувь нь зөвхөн бидний сэтгэлээс ургуулан бодсон хийсвэр тусгал байдаг гэдгийг эрдэмтэн нэмж тайлбарласан байна. Бурхны шашны философид ч мөн сэтгэлийн ийм төлөв байдлын талаар ижилхэн номлодог болохыг Дээрхийн гэгээн хуваалцсан юм.
Дээрхийн гэгээн хүмүүсийг оюун санаагаа дадлагажуулах замаар сэтгэл зүйн зөв хандлагыг төлөвшүүлэхэд хичээх хэрэгтэйг санууллаа. Хүчтэй сэтгэл хөдлөлд автсан үедээ гаргасан аливаа шийдвэр ихэнхдээ бурууддаг, учир нь хэт их сэтгэл хөдлөл нь үнэн хэрэгтээ явцуу бөгөөд өрөөсгөл байдаг хэмээн тэр хэлсэн юм.

Дээрхийн гэгээн дэлхийн эдийн засгийн хямралыг жишээ болгон татав. Бизнесийн салбарт ажиллаж буй хүмүүс нь угтаа жинхэнэ мэргэжилтнүүд байх ёстой атал, нөхцөл байдал яагаад ингэж буруугаар эргэснийг зарим хүмүүсээс тайлбарлаж өгөхийг хүссэнээ тэр хэллээ. Үүний хариуд энэ бүхэн хэт их шуналаас үүдэлтэй гэх хариу сонссоноо Дээрхийн гэгээн хуваалцсан юм.
Хэт их шунал гэдэг бол хэзээ ч бүтэшгүй, бодит бус хүсэл хэмээн тэрээр хэлэв. Түүнчлэн аливаа зүйлийг бүхэлд нь харах алсын хараа дутмаг байдал, хэт их хийсвэр таамаглал зэрэг нь уг хямралд хүргэх учир шалтгаан болсныг түүнд тайлбарласан байна. Эдгээр нь бүгд л хүний оюун санаа, сэтгэл зүйтэй холбоотой болохыг тэрээр нэмж дурдлаа.
Энэ үеэр Дээрхийн гэгээн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Бушийн талаар дурсав. Тэрээр түүнд үнэхээр хайртай бөгөөд түүнийг маш сайхан хүн гэдгийг хэлэв. Конгрессын Алтан медаль гардуулах ёслолын үеэр тэрээр Ерөнхийлөгч Буш болон Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нартай гар гараасаа хөтлөлцөн алхаж байснаа дурслаа. Тэр үед Ерөнхийлөгч Буш "Тэд (Ардчилсан намынхан) надад байнга л асуудал төвөг уддаг ч, өнөөдөр харин их тайван байна шүү" хэмээн хошигнож байжээ. Хэдийгээр Ерөнхийлөгч Бушийг хайрлаж, хүндэтгэдэг хэдий ч, энэ нь түүний явуулж буй бодлоготой бүрэн санал нийлнэ гэсэн үг биш болохыг Дээрхийн гэгээн хэллээ. Мөн энэ тухайгаа ч Ерөнхийлөгчид өөрт нь хэлж байснаа дурдав. Ирактай холбоотой Ерөнхийлөгчийн гол сэдэл, зорилго нь маш сайн буюу ардчилал, хууль дээдлэх ёсыг тогтооход чиглэж байсан хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа. Гэвч сонгосон арга зам нь бодит байдалд нийцээгүй тул тэрхүү эрхэм зорилгодоо хүрч чадаагүй юм хэмээн тайлбарлав.
Дотоод амар амгалангийн жинхэнэ үндэс суурь нь халуун дулаан, нинжин сэтгэл болохыг Дээрхийн гэгээн хэллээ. Бид халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлмэгц тэрхүү хандлага нь аяндаа бусдыг хүндэтгэх хүндэтгэлийг бий болгодог хэмээв. Айдас түгшүүр нь үл итгэлцлийг дагуулдаг бол, хайр болон энэрэнгүй сэтгэл нь тэрхүү үл итгэлцлийг арилгахад тусалдаг болохыг тэр сануулсан юм. Түгшүүр болон үл итгэлцэл багасахын хэрээр хүн бусдыг илүүтэй энэрэн хайрлах сэтгэлтэй болдог гэж Дээрхийн гэгээн онцоллоо.
Хайр, энэрэл, халамж нь хоёр түвшинтэй байдаг гэдгийг тэрээр хэлэв. Нэг нь биологийн шинж чанартай буюу нэг талыг барьсан, хязгаарлагдмал түвшин юм. Дээрхийн гэгээн энэ төрлийн энэрэнгүй сэтгэлийг анхны үр, соёололт хэмээн үзэж болох бөгөөд улмаар хүний оюун ухаан, эрүүл саруул ухамсрыг ашиглан, хамгийн чухал нь шинжлэх ухааны ололт нээлтүүдэд тулгуурлан дотоод амар амгалангаа бүтээх боломжтойг айлдлаа. Энэ нь л жинхэнэ бодит энэрэнгүй сэтгэл бөгөөд ямар ч ялгаварлалгүй, басхүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг тэрээр дурдав. Үүнийг гэр бүлийн хүрээнээс эхлүүлж, цаашлаад нийгмийн түвшинд хөгжүүлэх боломжтой гэдгийг Дээрхийн гэгээн онцлон захилаа.

Дэлхийн бүхий л томоохон шашны уламжлалууд энэхүү дадлыг агуулдаг боловч өдгөө бид үүнд нийт хүн төрөлхтөнд нийцэх түгээмэл арга замыг олох шаардлагатай байгааг Дээрхийн гэгээн хэллээ. Тэрээр Британи цэргийн буудсан резинэн суманд оногдож хараагүй болсон өөрийн найз Ричард Мурын тухай хуваалцсан юм. Гэвч найз нь гэмт хэрэгтэнд өчүүхэн төдий ч уурлаж хорсоогүйгээр барахгүй, тэрхүү цэрэгтэй найз нөхдийн холбоо тогтоож чаджээ. Дээрхийн гэгээн Ричард Мурыг төдийлөн шашинлаг хүн биш боловч хүн гэдэг утгаараа ийм уужуу хандлагыг өөртөө төлөвшүүлж чадсан хэмээн сайшаав. Тэрээр түүнийг үргэлж өөрийнхөө баатар хэмээн нэрлэдэг болохоо ч дурслаа. Хүн төрөлхтөнд ийм гайхалтай чадвар бий гэдгийг тэрээр нэмж хэлсэн юм. Сэтгэл зүйн эдгээр эерэг хандлага нь шашны итгэл үнэмшилд тулгуурладаггүй бөгөөд үүнийг тэрээр ихэвчлэн шашингүй буюу секуляр ёс зүй хэмээн нэрлэдэг болохоо тайлбарлалаа. Олон хүн угтаа шашингүй үзэлтнүүд байдаг хэмээн тэрээр онцлов. Тиймээс энэхүү түгээмэл үнэт зүйлд хүрэхийн тулд бидэнд нийтлэг арга зам хэрэгтэй байна. Хэрэв бид зөвхөн аль нэг шашны итгэл үнэмшилд тулгуурлах юм бол энэ нь хэзээ ч бүх нийтийнх болж чадахгүй гэдгийг Дээрхийн гэгээн санууллаа.
20-р зуун бол гайхалтай ололт амжилтын зуун байсан хэдий ч, нөгөөтэйгүүр цус урсгасан дайн тулааны зуун байсан болохыг Дээрхийн гэгээн хэлэв. Тиймээс бид энэ зууныг харилцан яриа, энх тайвны зуун болгон цогцлоохын төлөө хичээх хэрэгтэйг уриалав. Ингэлээ гээд энэ зуунд ямар ч асуудал бэрхшээл гарахгүй гэсэн үг биш болохыг Дээрхийн гэгээн сануулсан юм. Тэрээр тархи байрладаг дагз хэсэгтээ хүрч, энэ эрхтэн идэвхтэй ажиллаж байгаа цагт асуудал бэрхшээл гарсаар л байх болно хэмээн хошигнолоо. Гэсэн хэдий ч бид эдгээр асуудлыг хүч үл хэрэглэж, харин хэлэлцээрийн замаар, харилцан хүндэтгэлтэйгээр, бусдын үзэл бодлыг сонсож шийдвэрлэх арга замыг олох ёстойг тэрээр захив.
Хавайн энэхүү жижиг нийгэм Алохагийн сүнслэг мөн чанараар дамжуулан энэ үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжтойг Дээрхийн гэгээн онцоллоо. Үүний тулд аль нэг сургуулиас туршилтын төсөл эхлүүлж, хүчирхийллийн бус үнэт зүйлийн талаарх боловсролыг сургалтын хөтөлбөртөө оруулж болохыг санал болгосон юм. Таван жилийн дараа уг туршилтын үр дүнг хянаж үзээд, цаашид хөгжүүлж илүү өргөн хүрээнд тэлэх боломжтой гэлээ. Энэ бол манай нийгмийн сэтгэлгээг өөрчлөх гол арга зам хэмээн тэрээр айлдав. Ингэж чадсанаар та бүхэн аз жаргалтай, амар амгалан нийгмийг байгуулж чадна. Энэхүү санаачилга нь гагцхүү хувь хүнээс өөрөөс нь эхлэх ёстой гэдгийг тэрээр нэмж хэллээ.
Энэ дэлхий дээрх асуудал бэрхшээлүүдийг хүмүүс бид өөрсдөө л бий болгодог тул, хүн төрөлхтөн өөрсдөө л шийдлийг нь олох ёстойг тэрээр хэлэв. Дээрхийн гэгээн хүмүүсийг цөхрөлд автахгүй байхыг хүсэв. Дотоод амар амгаланг бий болгоход тусалж, тэрхүү мэдрэмжээ аль болох олон хүнд, тэр байтугай найз нөхөд төдийгүй дайсантайгаа ч хуваалцахыг тэрээр уриалсан юм. Энэ л бидний дэлхий ертөнцийг өөрчлөх цорын ганц арга зам мөн хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

Үүний дараа Дээрхийн гэгээн зохион байгуулагчдад урьдчилж ирүүлсэн зарим асуултад хариулав. Өөрөө энх тайвны төлөө хичээл зүтгэл гаргаж байхад бусад нь үүний хариуд ямар ч үйлдэл үзүүлэхгүй байгаа нөхцөлд хэрхэх ёстой вэ гэсэн асуулт ирсэн байв. Асуудал бэрхшээл байгаа учраас л энх тайвны төлөөх тэрхүү хичээл зүтгэл оршин байдаг гэдгийг үргэлж санаж явах нь чухал болохыг Дээрхийн гэгээн хэллээ. Хүн хэзээ ч итгэл найдвараа алдалгүй, хичээл зүтгэлээ үргэлжлүүлсээр байх ёстойг сануулсан юм. Энэ л замаар бид бусдад нөлөөлж чадна хэмээн тэрээр айлдав. Дээрхийн гэгээн өөрийн цөсний хүүдийн хагалгаанд орж байсан туршлагаасаа хуваалцсан бөгөөд хүндрэл гарсны улмаас хагалгаа төлөвлөсөн хугацаанаас хавьгүй удаан үргэлжилжээ. Гэсэн хэдий ч тэрээр маш хурдан тэнхэрсэн бөгөөд эмч түүнийг "залуу өвчтөн" хэмээн өхөөрдөн нэрлэж байсан гэлээ. Түүний бие махбодын байдал өөрийнх нь наснаас хамаагүй залуу хүнийх шиг байна гэж эмч нь хэлж байсныг тэрээр дурсав. Дээрхийн гэгээн энэ бүхнийг түүний дотоод сэтгэлийн амар амгалан, тайван байдалтай холбоотой байж болох юм хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Гэмшил болон уучлалын талаарх өөр нэгэн асуултад Дээрхийн гэгээн хариулахдаа, хүмүүс уучлах болон "мартах" хоёрын ялгааг зааглан ойлгох хэрэгтэйг сануулав. Хэрэв хүн бүхнийг мартчихвал тэнд уучлах зүйл юу ч үлдэхгүй шүү дээ хэмээн тэр хэллээ. Гэвч уучилна гэдэг нь тухайн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг огт биш болохыг тайлбарлав. Энэ хүрээнд тэрээр хүмүүсийг үйлдэл болон үйлдэгч хоёрын зааг ялгааг салгаж ойлгохыг хүссэн юм.
Өөрсдийн төрөлх газар нутагтаа гаднын хүн мэт болж, дарангуйлагчдаар хүрээлүүлсэн уугуул иргэд хэрхэн тэмцэх, ямар үйлдэл хийх ёстой талаар дараагийн асуулт хөндөгдлөө. Хүмүүст өөрсдийн үнэт зүйл, онцлог шинжээ хадгалан үлдэх бүрэн эрх бий гэдгийг Дээрхийн гэгээн онцлов. Гэхдээ нөхцөл байдлын бодит үнэнтэй нүүр тулах шаардлага бас байдаг гэдгийг дурдлаа. Төвөдүүдийн хувьд бид аливаа туйлшралаас ангид, илүү практик бөгөөд бодит байдалд нийцсэн "Төв зам"-ын бодлогыг баримталж ирсэн болохыг Дээрхийн гэгээн онцлов. Аливааг илүү өргөн цар хүрээнд сэтгэж бодох хэрэгтэйг тэрээр санууллаа. Өнөөгийн дэлхий ертөнц бие даан тусгаарлагдмал байдлаар оршин тогтноно гэж бодох нь бүтэшгүй зүйл болох тийм л хэмжээнд хүрч хөгжсөн хэмээн тэрээр айлдсан юм.
Хүн хэр зэрэг аз жаргалтай байж чадах вэ гэж асуухад Дээрхийн гэгээн, аз жаргал нь өөр өөр түвшинд оршдог бөгөөд нэг нь амьтад хүртэл мэдэрч чаддаг энгийн түвшин байдаг бол, нөгөөх нь түүнээс хавьгүй илүү дээд түвшнийх байдаг хэмээн хариулав.
Аливаа үйл явцыг бүрэн дүүрэн ойлгож харахын тулд олон талт өнцгөөс хандах шаардлагатайг тэрээр хэллээ. Энэхүү санаагаа тэрээр Төвөдийн ард түмний жишээн дээр тайлбарласан юм. Тэрээр эх орноо алдаж, ард түмэн нь асар их эмгэнэлт зовлонг туулж байгаа хэдий ч, энэ бүх үйл явцад сайн тал ч байсан гэдгийг онцлов. Энэ нь Төвөдийн ард түмний нүдийг нээж өгсөн гэлээ. Хувь хүнийхээ үүднээс ч мөн адил, Дээрхийн гэгээн өнгөрсөн 53 жилийг Энэтхэг улсад дүрвэн амьдрахад хүрсэн ч, энэ хугацаанд амьдралынхаа хамгийн шилдэг туршлагыг хуримтлуулж чадсанаа хуваалцсан юм.

Үүнтэй адилаар өдгөө Төвөдүүд Төвөдийн Өөртөө Засах Орон төдийгүй Юньнань, Сычуань, Ганьсү, Чинхай зэрэг мужуудад тархан суурьшиж байгааг тэрээр хэлэв. Хятадын явуулж буй бодлогын улмаас эдгээр бүх бүс нутагт амьдарч буй Төвөдүүдийн дунд эв нэгдлийн хүчтэй мэдрэмж төлөвшсөн болохыг онцолсон юм.
Илтгэлийн дараа хэсэг хүүхдүүд Дээрхийн гэгээний заларч байсан хэсгийг тойрон зогсож, уян налархай хула бүжиг бүжиглэж сонирхууллаа.
Үүний дараа ноён Келвин Такета ил тод байх зарчмын үүднээс энэхүү арга хэмжээнээс олсон орлогыг зохион байгуулалтын зардалд бүрэн зарцуулсан болохыг олон нийтэд мэдэгдэхийг хүссэн юм. Дээрхийн гэгээн илтгэл тавьсныхаа төлөө ямар нэгэн хөлс, урамшуулал авдаггүй бөгөөд өөр бусад хэлбэрээр ч санхүүгийн ашиг хонжоо хүртдэггүй болохыг тэрээр онцлон хэлэв.
Арга хэмжээний төгсгөлд Хавай мужийн захирагч Аберкромби тайзнаа гарч ирэн, нийт Хавайн ард түмнийг төлөөлөн Дээрхийн гэгээнд завины сэлүүр дурсгал болгон хадгалуулснаар эл өдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө. Мөн ноён Пьер Омидяр "Хавайн Энх тайвны багана" (Pillars of Peace Hawaii) байгууллагын нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнд модон бөмбөр бэлэглэсэн юм.
2012 оны 4 дүгээр сарын 16-нд Дээрхийн гэгээн орон нутгийн ахлах сургуулийн сурагчдад энэрэн нигүүлсэх сэтгэлийн сэдвээр илтгэл тавих болно.










