Энэтхэг, Ладак, Лэх, Шевацэл. Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай ламыг Ладакийн Буддын шашны холбоо, Ладакын бүх хийдийн холбооноос Спитук хийдийн Абиспанг цэцэрлэгт хүрээлэнд үдийн зоог өргөн барихыг урьжээ. Дээрхийн гэгээний морилон өнгөрөх замын хажуугаар гоёмсог хувцас өмсөн, цэцэг барьсан сүсэгтнүүд эгнэсэн байлаа.

Ладакийн Буддын шашны холбооны одоогийн ерөнхийлөгч, парламентын гишүүн асан Түвдэнцэвээн Дээрхийн гэгээнд мэндчилгээ дэвшүүлж, Ладакт дахин морилон ирж, айлдвараа айлдан, нутгийн олон хүнд бараалхах боломж олгосонд талархал илэрхийлэв.
Дээрхийн гэгээн цугласан олонд “Эрхэм номын ахан дүүс минь, би бээр энэтхэгийн нам дор бүс нутаг, түүн дундаа Химачал Прадеш мужийн байнгийн оршин суудаг газар Дарамсала хотноо борооны улиралд ихэсдэг агаарын чийгшилээс зайлсхийн хэдэн долоо хоног Ладакт саатах боломж олдсонд машид баяртай байна. Ладакийн ард түмэн надад гүнээ сүслэн биширдгээ харуулж, Бурхан багшийн сургаалд чин сэтгэлээсээ итгэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн энд мусульманчууд, буддистууд болоод бусад шашин шүтлэгтэй хүмүүсийн хооронд найрсаг харилцаа, нөхөрлөл оршин байдгийг харахад надад таатай байна. Төвөд эрх чөлөөгөө алдсаны дараа би эх орноосоо дүрвэн гарсан. Тэр цагаас хойш Ладакаас Аруначал Прадеш муж хүртэлх Хималайн бүс нутгийн ард түмний итгэл бишрэл, үнэнч сүсэг огтхон ч хувиралгүй хадгалагдсаар ирснийг ажиглаж явна. Энэ удаад ч Ладакт ирж, айлдвар айлдах боломж олдлоо. Энд буй эгэл хүмүүс, хувраг санваартнууд, мусульман анд нөхөд болон бусад бүх хүнд нөхөрсөг харилцаа, халуун дулаан сэтгэлийнх нь төлөө талархал илэрхийлье. Хималайн бүс нутгийн ард түмэн намайг зүрх сэтгэлдээ нандигнан хадгалдаг бөгөөд би ч мөн тэдэнд ойр дотно сэтгэлээр ханддаг билээ” хэмээн айлдав.

Дээрхийн гэгээн Манзушир бурханд өргөх магтаалын эхний бадгийг уншив.
Ашдаас арилсан арван газрын эцэст хүрч
Эрдмийг огоот төгсгөсөн ялгуусан хөвгүүний хүчит лагшин
Зуун арван хоёр мэлмийг цацруулан
Мунхгийн харанхуйг арилгагч Жамьяанд мөргөмүй.
“Би олон жилийн турш Манзушир бурхны амирлангуй болоод догшин дүрийг хослуулсан бясалгал үйлдэж ирлээ. Энэ бадагт тодорхой өгүүлснээр Манзушир бурхан мунхгийн харанхуйг арилгахад тусалдаг. Мунхаг гэдэг нь амьтан, юмс үзэгдлийг өөрийн гэсэн бие даасан, бодитой оршихуйтай хэмээн эндүүрэн ойлгох явдал юм. Юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх нь бидний өдөр тутмын үйл хэрэгт ч тодорхой ухаарал авчирдаг. Бид бүгд эхээс мэндэлсэн цагаасаа эхлэн эхийнхээ хайр энэрэлд умбан өсдөг. Бидний амьдрал ийнхүү эхэлдэг учраас цаашдын амьдралаа ч хайр энэрлийн гэрэл гэгээнд үргэлжлүүлэн авч явах нь чухал юм. Дэлхийн хаа сайгүй хүмүүс энх тайвны тухай ярьдаг. Гэвч энх тайван тэнгэрээс өөрөө бууж ирэх үү? Үгүй. Бид ерөнхийдөө өрсөлдөгчөө ялах, өөрсдийн ялалтын төлөө тэмцдэг. Харин хүн төрөлхтөн нэгэн бүхэл гэдгийг илүү гүнзгий ухамсарлах нь хавьгүй дээр юм. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнд асар олон хүн амь үрэгдсэн. Гэвч энэ бүхэн ямар сайн үр дүн авчирсан бэ? Бид зөрчил зөрөлдөөнөө зэвсэг хэрэглэж бус, харин харилцан яриа, хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг хичээх ёстой. Бусдын амь насыг хамгаалах хэрэгтэй”.

“Бид төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хайр энэрлийн ачаар хүн болдог. Хэрэв амьдралаа цаашид ч хайр энэрэлд тулгуурлан авч явбал жинхэнэ сэтгэлийн амар амгаланг олж, дэлхий ертөнцөд энх тайван тогтооход хувь нэмрээ оруулж чадна. Би 88 настай. Бараг 90 хүрч байна. Амьдралынхаа туршид асар их хүчирхийлэл, харгислалыг үзлээ. Дэлхийн II дайны төгсгөлд цөмийн зэвсэг хэрэглэсэн нь үнэхээр эмгэнэлтэй явдал байв. Бид бусдыг “бид” болоод “тэд” хэмээн ялгаж, зөвхөн өөрсдийн талын эрх ашгийг бодохын оронд дэлхий ертөнцөд энх тайван, эв найртай зэрэгцэн оршихуйг буй болгохыг зорих хэрэгтэй. Хүчирхийлэл, айдасгүй дэлхий ертөнцийг хамтдаа бүтээхийн төлөө би залбирдаг билээ. Шашны нэрийн өмнөөс хоорондоо хүртэл тэмцэлдэж ирлээ. Гэвч бүх шашин хайр энэрэл, бусдад туслахын чухлыг сургадаг учраас шашны нэрээр тэмцэлдэх нь эдгээр сургаалтай зөрчилдөж буй хэрэг юм. Шашин бүрийн гүн ухааны үзэл санаанд ялгаа буй. Эдгээр ялгааг хүндэтгэх ёстой болохоос маргаан, тэмцлийн шалтгаан болгох учиргүй юм. Ладакт ажиглагддаг шиг шашин хоорондын эв найрамдлыг машид эрхэмлэх хэрэгтэй” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээнд өргөн барьсан чангаанз, алим жимс Норбулинкад элбэг ургадаг байсан чангаанзыг санагдуулжээ. “Би моддын доор суугаад, мөчрийг нь саваагаар цохиж, чангаанзаа унагаадаг байлаа. Алим ч бас ургадаг байв. Гэхдээ энэ алим шиг амттай байсангүй” хэмээн дурсав. Дээрхийн гэгээн шүдээ ямар бат бөх байгааг, эхээс заяасан нэг ч шүдээ алдаагүй гэдгээ харуулахаар алимнаас хазаж үзүүлэв. Мөн гүн ухаан, логикийг судлах нь сэтгэлийн амар амгаланд хүрэхэд ихээхэн тустай болохыг онцоллоо. Залбирах нь нэг хэрэг боловч сурч судлах нь мунхгийг багасгахад тусалдаг хэмээн айлдав. Өөрийн туршлагаас харахад бодь сэтгэл болон хоосон чанарыг бясалгах нь сэтгэлийн амар амгаланг үнэхээр бэхжүүлдэг болохыг мөн хуваалцжээ.

“Энд байх хугацаанд тусалж дэмжсэн нутгийн Холбооны нутаг дэвсгэрийн захиргаа, Энэтхэгийн Засгийн газарт талархал илэрхийлье. Өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулагчид болон намайг хүрэлцэн ирэхэд халуун дотноор хүлээн авсан зочдод ч мөн гялайлаа. Өөр нэмж хэлэх зүйл алга. Ирэх жилүүдэд дахин дахин уулзах болно. Гялайлаа” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн үдийн зоогийн дараа мордохоор зэхэхдээ төгсгөлийн үгээ айлдлаа. “Та бүхэн намайг баяр хөөр, найр ёслолын уур амьсгалтайгаар урин залсан тул “Даши дэлэг” хэмээн ерөөе. Энэтхэгийн бусад газар хүмүүсийг кастын системээр ангилан үзэх явдал байдаг. Гэвч бүх хүн төрөлхтөн адил тэгш бөгөөд заримыг нь дээд, заримыг нь доод хэмээн үзэх шаардлагагүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Бид бүгд Бурхан багшийн шавь билээ. Бид бүгд ижил бурхан чанартай бөгөөд бурхны хутгыг олох чадвартай. Иймээс хүн бүрийг хайрлан энэрэх замаар бодь сэтгэлийг төлөвшүүлэхийн төлөө хичээх нь илүү зохистой юм. Ингээд боллоо. Гялайлаа”.










