Энэтхэг, Ладак, Лэх, Шевацэл. Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Шевацэл ордноос алслагдсан хэсэгт байрлах Дүйнхорын дацангийн номын айлдварын талбайд морилон ирэв. Дацанд Самдан Лин, Спитук, Ризонг, Ликир, Занскар зэрэг орон нутгийн хэд хэдэн хийдийн лам хуврагаас бүрдсэн Дүйнхорын бүтээлийн бүлэг Дүйнхорын чого үйлдэж байлаа. Тэдний өмнөх хананд Дүйнхорын хуучны танка зураг байсан бөгөөд мандлын тусгай тавцан дээр мандал дэлгэн байрлуулжээ. Дээрхийн гэгээн танка зураг, мандал болоод Бурхан багшийн сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэн, мөргөл үйлдээд, хуврагуудын хамт сууж, тэдний уншлагад нэгдлээ.

Дээрхийн гэгээн үүний дараа Лэх хотод саяхан өндөрлөсөн Ү-Цангийн жил тутмын ерөнхий чуулгад оролцсон 70 гаруй төлөөлөгчид айлдвар айлдахаар тэдний сууж байсан сүмийн үүдний тагт руу морилон очив. Залбирал, ерөөл унших зуур Дээрхийн гэгээн тэдний бэлтгэсэн тайланг сөхөн үзэж байлаа.
“Төвөдийн гурван мужийн төвөдүүд бид Их шашинт хаадын үеэс эхлэн эв нэгдэлтэй байсаар ирсэн билээ. Соронзон Гомбо хаан хятад гүнжтэй ураг барилдсан хэдий ч төвөд бичиг үсэг зохиохоор шийдэхдээ энэтхэгийн цагаан толгойг загвар болгон сонгосон аж. Тэрбээр алсыг харсан үзэл бодолтой, төвөд үндэсний хүчирхэг сэтгэлгээтэй хүн байлаа. Тэсрон Дэцэн хааны үед Шантаракшита гэгээний зөвлөснөөр энэтхэгийн буддын шашны зохиол бүтээлийг төвөд хэлнээ орчуулах ажил эхэлсэн. Өнөөдөр бидний өвлөн уламжилж ирсэн Ганжуур, Данжуурын 300 гаруй боть зохиол энэ ажлын үр дүн юм. Шантаракшита гэгээн Төвөдөд алдарт Наландагийн уламжлалыг үндэслэн дэлгэрүүлсэн бөгөөд бид тэр цагаас хойш энэ уламжлалыг амьд хэвээр хадгалсаар ирлээ. Бид түүнийг сайн хамгаалан уламжилж чадсан. Уг уламжлалын дэвшүүлдэг сэтгэл судлал, гүн ухааны үзэл санааг тайлбарлахад хамгийн оновчтой илэрхийлэх чадвартай нь төвөд хэл юм. Өнгөрсөн үеийн багш, хаадын жишгийг даган, сонгодог шастир зохиолын агуулгыг судалж, эргэцүүлэн тунгааж, бясалгах замаар бид энэ уламжлалыг амьд хэвээр хадгалж ирсэн. Бид “Хураангуй сэдвүүд”, “Оюун судлахуй” тэргүүт зохиолуудаас эхэлдэг. Би эдгээр номыг бага балчир байхдаа цээжилж байсан юм. Багадаа төрсөн нутгийн минь ойролцоох Гүмбүм хийдэд очиж байснаа тодхон санадаг юм. Залуу лам нар мөргөл үйлдэж, “Ум а ра ба за на ди” тарнийг уншиж байхыг хараад би тэднийг дуурайхыг хүссэн юм. Сонгодог шастир зохиолуудыг гүн гүнзгий, өргөн хүрээнд судалсны үр дүнд Амдо, До-Тө болон Төв Төвөдөд олон агуу эрдэмтэн мэргэд төрөн гарсан билээ. Сүүлийн үед бид хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа ч Төвөдөд амьдарч буй төвөдүүд тэсвэр хатуужилтай, хүчирхэг сэтгэлгээтэй хэвээр байна. Тэд хэл, соёлоо амьд хэвээр хадгалахын төлөө шаргуу ажиллаж ирсэн. Түүнчлэн өнөөдөр хятадуудын дунд Буддын шашин, тэр дундаа төвөдийн буддизмыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ланьжоугийн Их Сургуулийн оюутнууд надад “Хятадууд одоо биднийг захирч байгаа ч урт хугацаандаа бид тэдэнд ном заах болно” гэж хэлж байсан юм. Хятадын коммунистууд урьд нь намайг элдвээр нэрлэдэг байсан бол сүүлийн үед тэгэхээ больсон бололтой”.

“Төвөдийн буддын шашин нь нь логик, учир шалтгаанд тулгуурладаг бөгөөд судлах, эргэцүүлэн тунгаах, бясалгах үйл явцыг чухалчилдаг учраас шинжлэх ухаантай нийцдэг билээ. Хятад болоод өрнөдийн орнуудад улам олон хүн ямар нэг шашинд заавал элсэж, шүтлэг хүлээн авахгүйгээр энэ уламжлалыг сонирхон судалж байна. Энэ нь Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” зохиолын төгсгөлд бичсэн мөрийг түүнд санагдуулдаг билээ.
Бурхны сургаал дэлгэрээгүй газар бүхэнд
Бурхан номын дэлгэрэн буурсан газар бүхэнд
Бүгдэд тустай амгалангийн эрдэнэ энэхүү номыг
Буянт их нигүүлслийн сэтгэлээр хөтлөгдөн
Би тодруулан дэлгэрүүлэх болтугай.
Өмнө нь төвөдийн буддын шашныг хүмүүс зөвхөн нэр төдий мэддэг байсан бол одоо боловсролтой хүмүүс, эрдэмтэн судлаачид сонирхон судлах болсноор олон нийтийн ойлголт мэдэгдэхүйц өргөжжээ. Төвөдийн буддын шашин нь Наландагийн уламжлал, Нагаржуна, Чандракирти, Дармакирти, Дигнага тэргүүт нарын зохиол бүтээлээс эхтэй. Бид дэлхий ертөнцөд тустай хувь нэмэр оруулах баялаг соёлыг хөгжүүлэн бий болгосон. Ийм учраас бид төвөд хүн гэдгээрээ бахархаж болно. Өнөө үед олон хүн дэлхийн энх тайвны тухай ярьдаг ч бидний олонх нь зүрх сэтгэлдээ хайр, энэрэл тээж байж л энх тайван тогтоно. Дэлхийн энх тайвны үндэс нь сэтгэлийн амар амгалан юм. Далай лам хэмээх алдраар би олон газар орноор аялж, бид өөрсдийн соёлын уламжлалаар бахархах учиртай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэдгээр уламжлалын мөн чанар нь дэлхийн энх тайван дотоод сэтгэлийн амар амгаланг олохоос шууд хамаардагт оршиж байгаа юм. Та бүхэн бүгдээрээ сэтгэл амар байж болно. Би бараг 90 настай ч бие тэнхээ сайн байгаа бөгөөд эмч нар маань ч үүнийг баталж байгаа. Миний зүүдэнд үзэгдсэн шинж тэмдгүүд, бусад зөн совингийн дохио намайг 110-аас ч дээш наслахыг илтгэж байна” хэмээн айлджээ.
Ү-Цангийн төлөөлөгчид, дараа нь Дүйнхорын бүтээлийн бүлгийн лам нар Дээрхийн гэгээнийг тойрон хүрээлж, хамтдаа зургаа татууллаа. Шэвацэлаас Дээрхийн гэгээн Сток тосгон руу өгсөх замаар заларч, тэнд орших алтадсан Буддагийн үлэмж сэрэг дүрд морилон ирэв. Замын хоёр талаар гоёмсог хувцас өмсөн, цэцэг, хадаг барьсан нутгийн иргэд инээмсэглэн зогсож байлаа. Зарим нь замын хажууг чимэхээр шимтэглээ, ваартай цэцэгсийг авчирсан байв.

Дээрхийн гэгээнийг хурц нарны илчээс хамгаалан, гоёл чимэглэлт шар торгон шүхэр барьжээ. Тэрбээр үлэмж сэрэг дүрийн доорх сүмд заларч, хүндэтгэл үзүүлэн мөргөж, зул барив. Дараа нь адис хүртээхээр дэлгэн тавьсан бурхдын хөрөг, эрхи болон бусад эд тэргүүтнийг ариусган адислах ерөөл хайрлахдаа өлзий дэмбэрлийн бэлгэдэл болгон цэцгээр цацал өргөв.
Дээрхийн гэгээн сүмийн үүдний тагтан дээрх сэнтийд тухлан заларсныхаа дараа тэнд уншиж байсан ерөөлийн хуралд нэгдэв. Сток тосгоны иргэдийг төлөөлөн гэвш Цэвээндорж Дээрхийн гэгээнийг угтан авч буйдаа машид баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр 2016 онд Бурхан багшийн үлэмж сэрэг дүрийг босгосноос хойш тосгоныхон жил бүр Ганжуур, Данжуурыг хамтран уншиж ирснийг мэдээлэв. Мөн буддын шашныг судалж, төвөд хэл сурах боломжтой сургалтын төвүүд байгуулжээ. Өмнө нь уншиж чаддаггүй байсан ахмад настнууд ч судар ном, залбирал, ерөөлийн номыг уншиж сурсан аж. Буддын шашин, шинжлэх ухааныг хамтад нь судлах хичээлүүд ч зохион байгуулдаг ажээ. Сар бүрийн билгийн тооллын 15, 30-ны өдөр Сток тосгоны иргэд Дээрхийн гэгээн болоод бусад их мэргэдийг урт удаан наслахыг ерөөн залбирахаар цугладаг байна. Гэсэн ч тосгоныхон зөвхөн залбирал үйлдээд зогсохгүй, Дээрхийн гэгээний зөвлөсний дагуу “Бодь мөрийн зэрэг”, “Оюун судлахуй” тэргүүт дээдийн номыг судалж байгааг төлөөлөгч онцлов. Тэрээр өнөөдөр Дээрхийн гэгээний Бурхан багшийн сэрэг дүрийн доор морилон ирсэн явдалд талархлаа илэрхийлэв. Үүний дараа бөмбөр, бүрээний эгшиг дор Дээрхийн гэгээнийг магтан алдаршуулсан дуу, бүжгийн үзүүлбэрийг толилууллаа.

Дээрхийн гэгээн “Би Шэвацэл ордонд байхдаа алсаас харагдах үлэмж сэрэг дүрийг харах бүрийдээ дэргэд нь очиж үзмээр санагддаг байлаа. Тэгээд өнөөдөр ингээд хүрээд ирлээ. Дэлхийн агуу шашнуудыг үндэслэгч багш нараас зөвхөн Бурхан багш л шүтэн барилдлагын тухай сургаал айлдсан байдаг. Энэ бол гүн гүнзгий сургаал билээ. Миний ойлгож буйгаар, юмс үзэгдэл шүтэн барилдаж оршдог учраас тэдгээр нь өөрийн мөн чанараараа хоосон юм. Бид аливаа зүйлийг өөрийн мөн чанартай, эсвэл биднээс үл хамааран бодитоор оршдог гэж боддог учраас түүнд шунан татагдах, эсвэл жигшин дургүйцэх сэтгэл төрдөг. Юмс бидэнд тодорхой нэг байдлаар үзэгддэг ч үнэн хэрэгтээ тэр нь зөвхөн хуурмаг үзэгдэл юм. Нагаржуна гэгээн ийн бичжээ.
Үйлийн үр хийгээд нисваанисыг арилгаснаар гэтлэхүйд хүрнэ
Үйлийн үр хийгээд нисваанис нь илбэ сэтгэхүйгээс үүдэлтэй
Эдгээр нь сэтгэлийн зохиомжоос буй болном
Хоосон чанарыг ухаарснаар энэхүү зохиомж зогсоно.
Бясалгалын зорилго бол сэтгэлийн нисваанисыг багасгаж, гэгээрэлд хүрэх явдал билээ. Би өдөр бүр боломжийнхоо хэрээр хоосон чанарын тухай эргэцүүлэн бясалгадаг. Гэвч зөвхөн өөрийнхөө гэтлэхүйг бодох нь явцуу аминч үзэл юм. “Бодьсадвын явдалд орохуй” сударт:
Өөрийн жаргалаа бусдын зовлонгоор
Үнэхээр арилжиж эс үйлдвээс би
Бурхан ямагт үл болох бөгөөд
Орчлонд хэзээ ч жаргах үгүй болой хэмээсэн байдаг.
Бид бүгдээр сайхан сэтгэлийг төлөвшүүлж, аминч үзлээс зайлсхийх хэрэгтэй. Бид бүгд жаргалтай байхыг хүсдгээрээ адил учраас хүн бүрийн сайн сайхны төлөө санаа тавих учиртай”.

Алсаас харагдах Бурхан багшийн энэхүү үлэмж сэрэг дүрийн дэргэд бид Бурхан багш бидэнд сургаалаа айлдсан ач тусыг санаж, түүнд талархах хэрэгтэй. Ладак болоод Хималайн нурууны бусад нутгийн хүмүүс Буддын шашныг дагадаг бөгөөд ялангуяа Жанрайсиг бурханд итгэл найдвараа даатгаж, маани, мэгзэм уншин, сэтгэлийн амар амгаланг авчрах бодь сэтгэлийг бясалгадаг билээ. Би өглөө бүр сэрмэгцээ бодь сэтгэлийг үүтгэж, “Ум мани бадмэ хум” тарнийг уншдаг. Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг ч дэлхий ертөнцөд хүчирхийлэл, зовлон шаналал дэндүү их байна. Хүн нэг бүр сэтгэлийн амар амгаланг олж чадвал бид өргөн хүрээнд энх тайвныг буй болгож чадна. Буддын судар номд зөвхөн энэ насны тухай бус, өмнөх болон хойд төрлийн тухай ч өгүүлдэг. Хэрэв та сайхан сэтгэлтэй байж, Жанрайсиг бурханд итгэл найдвараа даатгавал амар амгалан амьдарч, олон амьтанд тус хүргэх болно. Буддын шашин бол зөвхөн Бурхан, Ном, Хувраг гуравт итгэх тухай асуудал биш. Энэ бол сэтгэлээ өөрчлөн төлөвшүүлэх тухай юм. Бурхан багшийн сургаалын гол утга энэ билээ. Бүх шашин сайхан сэтгэлтэй байхыг эрхэмлэдэг учраас би тэдгээрийг бүгдийг нь хүндэтгэдэг. Харин буддын шашин сайхан сэтгэлийг хэрхэн төлөвшүүлж, амьдралдаа хэрэгжүүлэхийг заадаг. Буддын шашин зөвхөн сүсэг бишрэлээр хязгаарлагдахгүй. Үүнд гүн ухааны үзэл санааг нарийвчлан тайлбарласан сургаал багтдаг. Тиймээс бид судалж, сурсан зүйлээ эргэцүүлэн тунгааж, бодит туршлага суутал бясалгах хэрэгтэй. Та бүхэнд хэлэхийг хүссэн зүйл минь энэ юм” хэмээн айлдлаа.
Сток тосгоны иргэдийг төлөөлөн гэвш Цэвээндорж Дээрхийн гэгээнийг тосгонд нь 2 дахь удаагаа морилон саатсанд талархал илэрхийлэв. Тэрээр тосгоныхон хамтдаа Дээрхийн гэгээний зөвлөсний дагуу буддын шашны сургаалыг судалж, маани мэгзмийг уншсаар ирснийг дахин онцоллоо. Мөн Дээрхийн гэгээнийг Ладак хотноо дахин дахин айлчлан ирэхийг ерөөн залбирдгаа хэлэв.

Дээрхийн гэгээн Сток тосгонд сүндэрлэх Бурхан багшийн үлэмж сэрэг дүрээс Ладакийн хуучин хатан, Сток Жаламын өргөө рүү залран очив. Сток Жалам ач хүүтэйгээ Дээрхийн гэгээнийг урьсан байлаа. Цэцэрлэгт нь нарнаас халхлан жижиг дөрвөлжин асрыг барьж, цай, идээ зооглох зуураа тэд халуун дотно яриа өрнүүлэв.
Гэр бүлийн гишүүд болон бусад сүсэгтнүүд замын хоёр талаар сууж байсан бөгөөд Дээрхийн гэгээнийг машиндаа морилох үед түүнд ойртож бараалхахаар урагш тэмүүлжээ. Дээрхийн гэгээн инээмсэглэн, тэдэнтэй мэндчилэв. Стокоос Чошот Якмагаар дайран, Инд мөрний гүүрээр гатлан, Шевацэл ордондоо буцаж морилон ирлээ.










