Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин. Өнөө өглөө Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны тэргүүн буюу сикён Бямбацэрэнгийн хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолыг удирдахаасаа өмнө Дээрхийн гэгээн XIV Далай лам хүндэт төлөөлөгчид болон уригдсан зочдыг хүлээн авч уулзав. Тэдний дунд Энэтхэгийн парламентын хоёр гишүүн Тапир Гао, Сүжит Кумар, Чилийн парламентын гишүүн Луис Малла Валенсуэла, Эль Сальвадорын парламентын гишүүн Хосе Франсиско Лира Альварадо, Их Британийн төлөөлөгчид болох Шотландыг төлөөлсөн парламентын гишүүн, Их Британийн парламент дахь Төвөдийн асуудлаарх бүх намын бүлгийн дарга Крис Лоу гэргий Кристи Дойгийн хамт, парламентын гишүүн Вера Хобхаус нөхөр Уильям Хобхаусын хамт, парламентын гишүүн Керри Маккарти, Алисия Кернс мөн Энэтхэг улсад суугаа АНУ-ын Элчин сайдын хоёр зөвлөх Бранд Крёгер, Айзая Уортман тэргүүт нар байв.
Дээрхийн гэгээнийг өргөөнөөсөө гарч, ёслол болох танхимд хүрэн, дуганын доод талд зассан сэнтийд залрав.

Ёслолын эхэнд төвөд сурагчид Төвөд, Энэтхэгийн төрийн дууллыг удирдан дууллаа. Дараа нь Намжил хийдийн дөрвөн лам Бурхан, Ном, Хуврагийн чуулганд залбирал уншив. Таши Шөлпа бүжиг толилуулах зуур цугласан олныг цай, будаагаар дайлав.
Төвөд хүүхдийн тосгоны (ТХТ) сурагчид Төвөдийн гурван мужийн ард түмэн болон тэдний хувцас өмсгөлийг дүрслэн, дуу бүжиг толилуулав. Тэд “Бид бол төвөдийн ард түмэн, Жанрайсиг бурхны ивээлд байдаг зон олон билээ. Бүгдээрээ нэгдэцгээе” хэмээн дууллаа. Төгсгөлд нь бүжигчид хос хосоороо хадаг солилцож, нөхөрлөлийн бэлгэдэл болгов.
Төвөдийн Дээд шүүхийн ерөнхий комиссар Еши Вангмо эхлээд Дээрхийн гэгээнд хадаг болон Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээн өргөв. Дараа нь тэргүүний албан үүргийг хүлээн авах тангаргийн үгийг уншихад Бямбацэрэн түүний араас давтан хэлэв. Үүний дараа Еши Вангмо үнэний тангаргийн үгийг уншихад давтан хэлэв. Еши Вангмо түүнд хадаг өргөсний дараа Бямбацэрэн сууж, албан тушаалын тангаргийн баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Үүний дараа эрхэм тэргүүн Дээрхийн гэгээний өмнө мөргөж, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээн өргөв.

Төвөд сургуулийн сурагчид лимбэ үлээж, бөмбөр дэлдэх зуур үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй болон өмнө нь ажиллаж байсан сайд нар Бямбацэрэнд хадаг өргөв. Дараа нь түүний ийнхүү албан тушаалаа хүлээн авсантай холбогдуулан анхны үгээ хэлэхийг урив. Тэрбээр Дээрхийн гэгээнд хүндэтгэл илэрхийлэн ийн айлтгав.
“Энх тайвны манлай, Төвөдийн ард түмний бэлгэ тэмдэг, Энэрэл нигүүлслийн гуу сан Жанрайсэг бурхны хувилгаан Дээрхийн гэгээн ээ, ХVII Кашагийн тангараг өргөх энэ ёслолыг удирдахаар таалан соёрхсонд туйлын их талархаж байна.
Өнөөдөр бидэнтэй хамт байхаар алс холоос хүрэлцэн ирсэн зочид, хүндэт төлөөлөгчид, Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны (ТТЗ) албан хаагчид, лам хувраг болон энгийн иргэдийн нийгэмлэгийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлье.
Би 2021 оны ТТЗ-ны Тэргүүний сонгуульд оролцохдоо бусадтай хагарал үүсгэх үг хэлэх, үйлдэл хийхийг тэвчинэ хэмээн амласан. Саяхан болсон сонгуульд ч мөн ийм амлалт өгч, дахин сонгогдлоо. Тусалж дэмжсэн бүх хүнд талархъя. XVI Кашагийн хугацаанд Төвөдийн улс төр, засаг захиргаа болоод ард түмнийхээ сайн сайхны төлөө чадах бүхнээ хийсэн. Бидний хийж чадсан бүхэн Дээрхийн гэгээн XIV Далай ламын ач ивээлээр боломжтой болсон юм.
Төвөдөд амьдарч буй хүмүүс Дээрхийн гэгээнд гүнээ сүсэглэн биширдэг бөгөөд хилийн чанадад хийж бүтээх бүхний маань урам зоригийн эх болдог. Тусалж дэмжсэн хүн бүрд дахин талархъя. ХVII Кашаг ч мөн Дээрхийн гэгээн XIV Далай ламын алсын хараа, чиглэл зааврыг дагана. Бид эв нэгдэл, үнэнч шударга байдал, алагчлалгүй засаглалын зарчмыг баримтална.
Хятадын засаг захиргаатай харилцах бидний арга зам хэрхэн үр дүнд хүрэх бол гэж эргэлзэж болох ч Хятадтай яриа хэлэлцээ хийх шийдвэрээсээ няцахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд боломжтой бүх арга замыг ашиглан чадах бүхнээ хийнэ”.

“Хятадын эрхшээл дор Төвөдийн нөхцөл байдал нэн хүнд болсон. Хятадын коммунистууд Төвөдийн нийгэмлэгийг хагалан бутаргахын тулд элдэв башир арга хэрэглэж байна. Бид тэдний оролдлогыг эсэргүүцнэ. Төвөдийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд бид цахим засаглал ашиглана. Үүнд бат бөх суурь шаардлагатай. Бид технологи, цахим хэрэгсэл, хиймэл оюун ухааныг ашиглахаар зорьж байна. Төвөдийн ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг хэрэгцээтэй бүх газарт хүргэх харилцааны стратеги боловсруулна.
Эв нэгдлээ хамгаалахын тулд эв зохицолтой харилцаагаа хадгална. Мөн нийгмийнхээ эмзэг бүлгийнхнийг халамжилж, эрүүл мэндийн тусламж, даатгалаар хангана. ТТЗ болон хилийн чанадад дүрвэн амьдарч буй төвөдүүд бие даан хэрэгцээгээ хангах чадвартай болох ёстой. Зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Энд цугласан хүн бүрийг энэ үйл хэрэгт нэгдэхийг урьж байна.
XVII Кашаг ажлаа хэрэгжүүлэхдээ Дээрхийн гэгээний алсын харааг дагана. Дүрвэн амьдарч буй төвөдүүд бид дүрвэгсэд гэдгээ мартаж болохгүй. Бид тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, тууштай, шийдэмгий байх ёстой. Хятадын коммунистууд төвөд үндэстний мөн чанарыг устгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч бид соёл, хэл, уламжлалаа хамгаалах үйл хэргээсээ мохохгүй.
Энэтхэг, АНУ болоод бусад бүх улс орны засгийн газар, ард түмэнд биднийг дэмжиж ирсэнд талархъя. Дээрхийн гэгээн XIV Далай лам өнө удаан насалж, түүний дөрвөн амлалтыг хэрэгжүүлэх үйлс дэлхий дахинд улам бүр дэлгэрэх болтугай. Төвөд нутагт болон хилийн чанадад амьдарч буй төвөдүүд бид удахгүй нэгдэн нийлэх болтугай. Энэ бол миний сэтгэлийн гүн дэх залбирал билээ”.

Йонлинг сургуулийн багачууд “Э ма хо” хэмээх сэтгэл татам бүжгийг толилуулсны дараа Гангки Петөн сургуулийн хүүхдүүд эрч хүчтэй үзүүлбэр үзүүлжээ. Дээрхийн гэгээн тэдний тоглолтыг илт баясан соёрхоод, өргөөндөө буцахаар зэхэв. Тэрбээр цахилгаан гольфийн тэргээр аядуухан явах зуураа дуганы хашааны хоёр талаар зогссон хүмүүсийн зүг инээмсэглэн, гар даллаж байлаа.
Орчуулагч П.Тунгалагтамир










