Энэтхэг, Ладак муж, Лэх хот, Шэвацэл. Дээрхийн гэгээн Далай лам Хавай мужийн захирагч Жош Грийнд захидал илгээн, гамшигт ой хээрийн түймрийн улмаас хүний алтан амь эрсдэн, соёлын өвийн барилга байгууламж тэргүүт эд хөрөнгө сүйдсэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр энэхүү эмгэнэлт явдалд өртсөн хавайн ард иргэд, Мауи арлын оршин суугчид болоод алтан амиа өргөгсдийн ар гэрийнхний төлөө чин сэтгэлээсээ залбиралч буйгаа уламжлав.

Дээрхийн гэгээн захидалдаа ийн бичжээ. “Би бээр Хавайд хэд хэдэн удаа зочлох завшаан тохиосон бөгөөд Мауи аралд ч мөн очиж байв. Хүний үндсэн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх миний хийж буй хүчин чармайлтыг хавайн ард иргэд сонирхон дэмждэгт би машид талархдаг. Түүнчлэн хавайн уугуул иргэдтэй харилцаж байхдаа тэд уламжлал, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэгт сэтгэл ихэд хөдөлж байсан. Тиймээс ой хээрийн түймэрт хуучин нийслэл хот сүйдсэн тухай мэдээг сонсоод, ихэд харамсаж байна. Та бүхэн болон хавайн ард иргэд энэхүү эмгэнэлт явдлыг даван туулах сэтгэлийн тэнхээ, оюун хүчийг олж аваасай хэмээн залбиръя.
Барилга байгууламжид учирсан хохирлыг нөхөн сэргээх боломжгүй байж болох ч энэхүү гамшигт өртсөн хүмүүст шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэхийн тулд Холбооны болоод Хавай мужийн засаг захиргаа мөн бусад байгууллага бүх хүчээ дайчлан ажиллаж буйг ойлгож байна” хэмээсэн байв.
Дээрхийн гэгээн захидлаа залбирал, сайн сайхныг хүссэн ерөөлөөр төгссөн байлаа.










