Энэтхэг, Ладак, Халцэ. Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Лэх хотоос баруунш Шамын хөндийд орших Халцэ хот руу нислээ. Тэрбээр хагас цаг хүрэхгүй хугацаанд нисэж, Халцэ хотын айлдварын талбайн ойролцоох нисдэг тэрэгний тусгай талбайд газарджээ. Ладакийн Өөртөө Засах Уулын Хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан, Шамын бүс нутгийн төрөл бүрийн байгууллага, шашны нийгэмлэгүүдийн төлөөлөгчдөөр ахлуулсан нутгийн иргэд Дээрхийн гэгээнийг халуун дотноор угтан авчээ.

Дээрхийн гэгээн айлдварын талбайд морилох замдаа барихаар төлөвлөсөн дээд сургууль, өөрийн болон бараа бологсдынхоо шинэ ордон Подрангийн шав тавих ёслолд оролцов. Халцэ, Шамын захиргааны тэргүүн Цэвээнноров, парламентийн гишүүн Жамьян Т.Намжил, Ладакийн Өөртөө Засах Уулын Хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан тэргүүт Дээрхийн гэгээнийг угтан авч, үг хэллээ. Цэвээнноров Шамын бүс нутгийн ард иргэд Дээрхийн гэгээнийг хүндэтгэл дүүрэн угтан авч, өөрөөс нь сургаал ном сонсох хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсандаа аз завшаантай бөгөөд ерөөлтэй хэмээн үзэж буйгаа баярлан хэлэв. Орон нутгийн иргэд болон бүс нутгийн сурагчид энэхүү онцгой үйл явдлыг тэмдэглэн соёл урлагийн үзүүлбэр толилуулжээ.

Үүний дараа Дээрхийн гэгээнээс цугласан 15,000 гаруй сүсэгтэнд айлдвар айлдахыг хүсэв. “Өнөөдөр шашин шүтдэг, шүтдэггүй эсэхээс үл хамааран надад ийм их хайр, халамж үзүүлдэг энэ нутгийн иргэдтэй уулзаж буйдаа би бээр машид баяртай байна. Би дэлхийн олон орон, газар нутгаар аялж, хүн төрөлхтөн бид бүгд уг чанараараа адилхан гэдэгт итгэлтэй болсон. Бид бүгд хайр энхрийллийг эрхэмлэдэг. Тиймээс эдгээр эрхэм чанарыг өөрсдийн дунд төлөвшүүлж, түгээн дэлгэрүүлэх нь машид чухал юм. Бид бүгд хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн эхийнхээ хайр халамжийн нөмөр нөөлөгт өсөж торнисон билээ. Өнөө үед ийм чин сэтгэлийн эрхэм чанаруудыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг хүмүүс улам бүр ойлгож байгаа нь сайшаалтай. Материаллаг хөгжил асар их ахиц дэвшилд хүрсэн хэдий ч хүмүүсийг “бид” болоод “тэд” хэмээн ялган үзэх сэтгэлгээ нь атаархал, хардлага сэрдлэгийг дэлгэрүүлэхэд хүргэж байна. Ийм сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах нэг арга бол хүн төрөлхтөн нэгэн бүхэл гэдгийг ухамсарлан ойлгох явдал юм”.

“Та бүхний надад хандах сүсэг бишрэл, хад чулуу мэт бат бөх итгэлийг би өндрөөр үнэлж буйгаа илэрхийлье. Маргааш өглөө та бүхэнд Цагаан Дар эхийн насны авшиг хүртээхээ мөн дуулгая. Шашны бясалгал, номын үйлсийн зорилго бол сэтгэлийг номхотгож, шунал, атаархал, мунхаг хэмээх гурван хорын үндсийг арилган, дулаан энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх явдал юм. Миний хувьд өглөө бүр сэрэнгүүтээ бодь сэтгэлийг төрүүлэхийг хичээдэг. Энэ нь надад сэтгэлийн амар амгалан, эрүүл энхийг авчирдаг. Залбирал үйлдэх, зан үйл үйлдэх нь шашны дадал номын нэг хэсэг байж болох ч хамгийн чухал нь амар амгалан хүн болох явдал юм. Бусдад тус хүргэж чаддаг байхын төлөө өргөдөг миний залбирал сэтгэлийн амар амгаланг олоход минь хувь нэмэр оруулдаг. Бид бие биедээ дайсагнахын оронд найрсаг, нөхөрсөг хандах боломж бүрийг ашиглах хэрэгтэй. Аз жаргал гэдэг бол баян чинээлэг эсвэл алдартай байх тухай асуудал биш, харин сэтгэлийн амар амгаланг эдлэх явдал юм. Жинхэнэ сэтгэл ханамжийг бидэнд энэ л авчирдаг. Тиймээс амьдралаа хайр, энэрлийг эрхэмлэн дадал болгон хэрэгжүүлэхэд суурилах нь нэн чухал юм. Эцэст нь, сүүлийн амьсгал хураах цаг ирэхэд биднийг гэр бүл, найз нөхөд маань хүрээлэн байх бөгөөд тэд биднийг хорвоод мэндлэхэд эхийн маань хайр энхрийлэл ямар байсан билээ, түүнтэй адил хайр, энэрлээр үдэх болно. Шашин шүтдэг, шүтдэггүй эсэхээс үл хамааран хүн бүр дулаан энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлж, амьдралаа утга учиртай өнгөрүүлэх нь машид чухал юм. Энэ бол аз жаргалтай, амар амгалан амьдрах зам билээ” хэмээн айлджээ.










