Хавай муж, Хонолулу хот. Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Хавайн 9500 гаруй оюутанд зориулан “Сэтгэлийн боловсрол” сэдвээр илтгэл тавьж, боловсролыг төгс эзэмшихэд сэтгэл зүй, оюун санааны хөгжил ихэд чухал болохыг онцлон тайлбарлалаа.
Далай лам арга хэмжээнд оролцохыноо өмнө Хавайд амьдардаг төвөд хүмүүстэй товч уулзалт хийсэн юм. Тэдний эрхэлж буй ажил мэргэжлийн талаар Далай лам ихэд сонирхож, төвөд хүн гэдгээ мартаж болохгүй талаар аминчлан захилаа. Төвөдийн соёл уламжлалыг хадгалан хамгаалахын чухлыг онцлоод, Ладак нутгаас ирсэн нэгэн иргэнд хандаж, ладакчууд энэ үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсныг дурдав.

Тэрбээр энэ халуун дотно угталтын дараа музейтэй танилцсан юм. Тус музей нь Хавайн сүүлчийн хааны угсаа Камехамеха овгийн гүнж Бернис Пауахи Бишопын эд өлгийн зүйл, хааны гэр бүлийн өв хөрөнгийг хадгалах зорилгоор анх байгуулагджээ. Өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж, Хавай, Номхон далайн бусад арлын соёлд холбогдох эд өлгийн зүйлс, баримт бичиг, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлдэг болсон байна. Дээрхийн гэгээн Хавайн соёлд бусад улс орны нөлөө хэрхэн туссан байж болох талаар сонирхон асууж байлаа.
Музейд хийсэн аяллынхаа төгсгөлд Дээрхийн гэгээнд уламжлалт ёслолын малгай болон музейн ажилтнуудын тусгайлан нэхсэн хадгийг өргөн барьжээ.

Дээрхийн гэгээн эдгээр бэлэгт талархаж буйгаа илэрхийлээд, үүнийг Хавайн ард түмэн өөрийг нь соёлын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч буйн илрэл хэмээн үзэж, түүний хувьд энэ нь асар их нэр төрийн хэрэг болохыг дурдлаа. Тэрбээр хавайчуудыг хэл бичиг, соёлын арвин их өвтэй эртний ард түмэн хэмээн онцолсон юм. Дээрхийн гэгээн Латин Америк, Европ зэрэг орноор аялах явцдаа тэндхийн уугуул иргэд өөрсдийн хэл, соёлоо хадгалан үлдэх туйлын хүсэл эрмэлзэлтэй байдгийг анзаарснаа хуваалцав. Төвөдийн ард түмэн ч мөн адил ийм сэтгэл зүрхтэй байдгийг тэрээр хэлсэн юм.
Өнөөгийн ертөнц илүү соёл иргэншилтэй болсныг Дээрхийн гэгээн мөн онцоллоо. Уугуул америкчууд, Японы Шинто шашинтнууд зэрэг ихэнх уугуул соёл нь байгаль дэлхийтэйгээ нягт шүтэлцээтэй байдгийг тэрээр дурдав. Энэ нь маш чухал сэдэв бөгөөд технологийн өндөр хөгжилтэй орнууд эдгээр уламжлалаас суралцаж, бид байгалийг хянаж чадахгүй, мөн түүнээс давуу эрх эзэмшихгүй гэдгээ ухамсарлах ёстойг сануулсан юм. Хүн төрөлхтний оршин тогтнол байгаль дэлхийгээс шууд хамааралтай гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэйг тэрээр чандлан захилаа.
Өөрийн эх хэлийг хадгалан хамгаалах нь яагаад туйлын чухал гэдгийг Дээрхийн гэгээн тайлбарлаж өгөв. Тэрээр музей бол ихэвчлэн мөхсөн соёлд зориулагдсан, харин амьд соёлын хувьд хэл гэдэг хамгийн чухал зүйл хэмээн айлдлаа. Мөн аман уламжлал дангаар тогтворгүй байдаг тул бичгийн хэлтэй байх зайлшгүй шаардлагатайг нэмж дурдаад, “Хавайн ард түмэн та бүхний тэмцлийн талаар сонсоход төвөдүүд бидний хийж буй тэмцлийг өөрийн эрхгүй санагдуулж байна” хэмээжээ.

Дээрхийн гэгээн Хавайн хаадын удмын сүүлчийн захирагч Калакауа хаан, Лилиуокалани хатан нарын албан ёсны өргөө болох Иолани ордонд зочлоход түүнийг гүнж Абигаил Хавананакоа угтан авлаа. Тэрбээр эрхэмсэг гүнжтэй хэсэг ярилцаж, Хавай хүмүүсийн сүсэг бишрэлийн гарал үүсэл, уламжлалын нарийн чанарыг сонирхон асуужээ.
Улмаар Дээрхийн гэгээн Өрнө, Дорнын төвд зочлон, тус төвийн ерөнхийлөгч Чарльз Моррисонтой уулзаж, арга хэмжээг зохион байгуулагчдын зарим төлөөлөлтэй хамт өдрийн зоог барив.
Үдээс хойш Дээрхийн гэгээн оюутнуудад зориулан илтгэл тавих газар болох Хавайн Маноа дахь их сургуулийн кампуст байрлах Стан Шериф төвийг зорилоо. Түүнийг их сургуулийн канцлер Виржиниа Хиншоу болон Хавайн Хараат бус сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал Роберт Витт нар хүлээн авсан юм. Дээрхийн гэгээн тайзнаа гарах үед Америкийн фолк рок хөгжимчин Жек Жонсон ая дуугаа өргөж байв. Дээрхийн гэгээн дуучинтай мэндчилж, өвдөг рүү нь хөнгөхөн алгадсан нь хуран цугларсан олныг ихэд хөгжөөсөн явдал боллоо.

Хавайн нийгэмлэгийн сангийн төлөөлөгч ноён Келвин Такета нээлтийн үгэндээ энэхүү арга хэмжээнд зориулж ирсэн энэ олон оюутныг хараад сэтгэл нь ихэд хөдөлснийг дурдсан юм. Тэрээр уг арга хэмжээг зохион байгуулах болсон сэдэл, түүхийн талаар ярьж, Пам Омидярыг индэрт урилаа. Омидяр Дээрхийн гэгээн Далай ламын товч намтрыг танилцуулж, энх тайвны үлгэр дуурайлал, бэлгэ тэмдэг болж байгаад нь гүнээ талархал илэрхийлэв.
Дээрхийн гэгээн “Бид бүгд оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодын хувьд нэгэн ижил хүмүүс билээ” хэмээн илтгэлээ эхэллээ. Түүнийг Хонолулу хотод ирэхэд угтаж авсан зарим оюутан төвөдүүдтэй тун төстэй харагдсаныг дурдсан юм.

“Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд энэ бол бидний үндсэн эрх. Амьдралын жинхэнэ зорилго нь аз жаргал, баяр баясгаланд хүрэхэд оршдог. Аз жаргалыг гагцхүү бие махбодын түвшинд ойлгож болохгүйг тэрээр анхааруулаад, бие махбодын аз жаргал нь зарим үед сэтгэл ханамж авчирдаг бөгөөд тэр нь улмаар дотоод амар амгаланг бий болгодог. Мэдрэхүйн түвшин дэх аз жаргал нь бие махбодын шинж чанартай бол сэтгэл зүйн аз жаргал нь үүнээс хавь илүү бөгөөд илүү хүчтэй нөлөөтэй болох юм. Бие махбодын өвчин шаналлыг сэтгэлийн амар амгалангаар анагааж болдог байхад сэтгэл зүйн хямралыг бие махбодын аргаар эмчлэх боломжгүй юм. Иймд дотоод сэтгэлийн аз жаргалд онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай юм шүү”.
Дээрхийн гэгээн олон жилийн өмнө нэгэн чинээлэг Америк эрийн гэрт зочилсон түүхээ дурсав. Тэрээр угаалгын өрөөнд нь орох үедээ эмийн шүүгээг нь санамсаргүй нээж хартал хэд хэдэн тайвшруулах нөлөөтэй эм байхыг олж харжээ. Эд баялаг дангаараа сэтгэлийн аз жаргалыг авчирдаггүйг энэ явдал батлан харуулсан юм хэмээн айлдлаа.

“Бид материаллаг ахуй нөхцөлийн талаар маш их судалгаа хийдэг боловч орчин үеийн боловсролын тогтолцоо өнөөг хүртэл оюун санаа, сэтгэл хөдлөлийн хөгжилд шаардлагатай хэмжээний анхаарал хандуулахгүй байна. Орчин үеийн боловсрол аз жаргал гэгч зүйлийн бодит мөн чанар болон өнгөц харагдах байдал хоорондын ялгааг арилгаж чадаагүйг тодхон харуулж байна. Сэтгэлийн аз жаргалын тухай ярихдаа, дотоод амар амгаланг жинхэнэ сүйтгэгч нь айдас, үл итгэлцэл болох юм. Үл итгэлцэл нь айдаст, харин айдас нь бухимдал, уур хилэнд хүргэнэ. Эдгээр нь гэр бүлийн төдийгүй үндэсний хэмжээнд ч хүчирхийллийг өдөөдөг хүчин зүйл болдог аж. Тэрээр эдгээр асуудлыг хүчирхийллээр шийдвэрлэх ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү хүчирхийллийн бус арга замаар л даван туулах боломжтой билээ”.
Дээрхийн гэгээн энэ бүхнийг өөрийн туулсан туршлагадаа үндэслэн хуваалцаж буйгаа илэрхийлж, түүний энэхүү туршлага бурхны шашны боловсролд тулгуурласан хэдий ч уг асуудалд шашин шүтлэгтэй холбохгүйгээр нийт хүн төрөлхтний түвшинд хандан дэвшүүлж буйгаа илэрхийлсэн юм. Үүний дараа шашингүй буюу секуляр үзлийг тайлбарлахдаа “Энэтхэгийн эртний сэтгэлгээнд түгээмэл хэрэглэгддэг тодорхойлолт буюу бүх шашин шүтлэг, түүнчлэн шашингүй үзэлтнүүдийг ч хүндэтгэх зарчмыг баримталдаг. Секуляр үзэл нь эрүүл саруул ухаан, нийтлэг ёс суртахуун, шинжлэх ухааны ололт нээлтэд суурилах ёстой. Хүн тайван байх үедээ тархины зүүн тал илүү идэвхтэй ажилладаг бол уур хилэн, үзэн ядалтад автах үед баруун тал нь илүү идэвхэждэг болохыг харуулсан судалгааны үр дүн ч байна. Өөртөө итгэлтэй байж, бусдын сэтгэл санаанд анхаарал халамж тавих нь айдсыг даван туулах нэг арга зам болох юм. Бусдыг, тэр байтугай дайснаа ч хүндэтгэх ёстой. Энэ нь шударга бус зүйлд хүчин мөхөсдөж, бууж өгч буй хэрэг огтоос биш” хэмээн айлдав. Тэрбээр энэрэн нигүүлсэх сэтгэлийн мөн чанарыг тайлбарлан, биологийн хязгаарлагдмал түвшний болон ямар ч болзолгүй гэсэн хоёр түвшинтэй байдгийг тайлбарлав.

“Дотоод эерэг сэтгэлгээний үнэ цэнийг таньж мэдэхийг тэрээр бүгдэд уриалсан бөгөөд үүнд зөвхөн залбирал үйлдэхээс гадна халуун дулаан сэтгэлээр хүрч чадна. Энэ дэлхийн 7 тэрбум хүний багагүй хэсэг нь өөрсдийгөө сүсэгтэн хэмээн үздэг боловч шашны сургаалаа амьдрал дээр үл хэрэгжүүлдэг билээ. Би бээр Энэтхэг улсыг гүнээ хайрлаж хүндэтгэдэг хэдий ч шашны зан үйлийг өдөр бүр үйлддэг атлаа бусдыг хууран мэхлэх үйлдэл гаргадаг хүмүүс ч байна. Хүмүүс нэг бол бурхныг шүтэж, түүний сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх эсвэл мөнгийг шүтэж, хүссэн бүхнээ хийх ёстой бөгөөд үүнд гурав дахь зам гэж үгүй болох юм” хэмээн нэмж хэлэв.
Дээрхийн гэгээн хэдэн жилийн өмнө өөрийгөө "Энэтхэгийн хүү" хэмээн нэрлэж байсан бөгөөд тухайн үед хятадын зарим сэтгүүлч үүнийг улс төрийн зорилготой мэдэгдэл хийлээ хэмээн хардан асууж байжээ. Гэвч тэрбээр оюун санааны хувьд тархиныхаа бүхий л хэсэг Наландагийн уламжлалт Энэтхэгийн эртний гүн ухаанаар тэтгэгдсэн гэдгээ тэдэнд тайлбарлажээ. Мөн бие махбодын хувьд 50 гаруй жилийн туршид Энэтхэг цагаан будаа, дал (сэвэг зарам), чапати идэн амьдарч буйгаа хэлжээ. Тэрхүү тайлбарын дараа хятадын сэтгүүлчид утга санааг нь зөвөөр ойлгосон бололтой байсан хэмээн Дээрхийн гэгээн хуваалцсан юм.
Дээрхийн гэгээн өөрийн баримталдаг гурван гол амлалтын тухайгаа ярилаа. Тэрбээр эхний амлалтаа үл хүчирхийл, энх тайвныг дэлгэрүүлэх үйлс хэмээн тайлбарлав. Энэхүү амлалт нь нийт хүн төрөлхтний түвшинд хамаарах бөгөөд хүмүүс эерэг сэтгэл зүйн хандлагыг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Хоёр дахь амлалт нь шашин хоорондын эв нэгдлийг дэмжих явдал бөгөөд энэ нь түүний бурхны шашинтны хувиар хүлээсэн үүрэг гэдгээ айлдлаа. Бүх шашин гүн ухааны ялгаатай байдаг хэдий ч ижилхэн захиас тээдэг бөгөөд бүгд сайн хүн төлөвшүүлэхийг зорьдог болохоо дурдсан юм. Дээрхийн гэгээн өөрийн гурав дахь амлалтыг Төвөдийн асуудал хэмээв. Тэрбээр өнгөрсөн жил өөрийн улс төрийн эрх мэдлээ ардчилсан сонгуулиар сонгогдсон Төвөдийн удирдлагад бүрэн шилжүүлж өгснөөр энэ асуудлаас багахан чөлөөлөгдөн, уужирсан мэдрэмж авч буйгаа хуваалцсан юм.
Улмаар Дээрхийн гэгээн амьдралыг хэрхэн илүү амар амгалан болгох арга замуудын талаар эргэцүүлэн бодохыг оюутнуудад уриаллаа. “Оюутнуудын ихэнх нь 30-аас доош насныхан буюу XXI зууны иргэд билээ. Харин миний үеийнхэн хэдийн түүх болсон XX зуунд харьяалагдаж байна. XX зуун хүчирхийллээр дүүрэн байсныг ухамсарлан, XXI зууныг энх тайвны зуун болгон төлөвшүүлэх нь шинэ үеийнхэн та бүхний гарт байна. XXI зууныг энх тайвны зуун болгоно гэдэг нь ямар ч асуудал бэрхшээл гарахгүй гэсэн үг биш юм. Харин тэдгээр асуудалд харилцан хүндэтгэл, яриа хэлэлцээний замаар илүү оновчтой, зөв аргаар ханддаг болохыг хэлж буй хэрэг. Тиймээс залуу оюутнууд өөрсдөд нь асар өндөр хариуцлага ногдож байгааг ухамсарлах ёстой билээ” хэмээн айлдвараа өндөрлөв.
Дээрхийн гэгээн айлдвараа дуусгасныхаа дараа цахимаар ирүүлсэн 2000 гаруй асуултын заримд хариуллаа. "Таныг юу хамгийн их инээлгэдэг вэ?" гэсэн асуултад тэрбээр “Ганцаараа байхдаа огтхон ч инээдэггүй. Учир нь тэгвэл хүмүүс намайг галзуурчхаж гэж бодно шүү дээ” хэмээн хошигножээ. Түүний инээмсэглэл хүмүүсийн харилцаа, тэдний нөхөрлөл, үйл хөдлөлөөс ундардаг болохыг тайлбарлаад, инээмсэглэлд хэл, соёлын ямар ч саад хязгаар байдаггүйг хэлсэн юм.
"Хавайн хамгийн амар амгалан зүйл юу байсан бэ?" хэмээн асуухад тэрбээр “Хавайд хэд хэдэн удаа ирж байсан ч энэ удаад ердөө ганцхан өдөр өнгөрөөх юм. Хавайг бүрэн дүүрэн ойлгож, бодит байдал болон өнгөц харагдах байдлын ялгааг танихын тулд илүү их хугацаа шаардагдах болно. Гэсэн ч Хавайн соёл, өв уламжлал түүний сэтгэлийг минь машид хөдөлгөлөө. Энэхүү соёл нь маш амар амгалан төдийгүй байгаль дэлхийтэйгээ нягт уялдаатай санагдсан билээ. Байгаль хүн төрөлхтнийг бүтээдэг тул энэ нь маш чухал бөгөөд хэрэв байгалийн тэнцвэр алдагдвал экологи, ундны ус, цунами зэрэг олон асуудал үүсэх эрсдэлтэйгщ болох юм”.
"Ямар нэгэн хариу хүлээлгүйгээр энэрэн нигүүлсэх сэтгэлийг хэрхэн түгээх вэ?" гэсэн асуултад тэрбээр энэрэнгүй сэтгэлийн хоёр түвшний тайлбараа эргэн сануулав. “Хязгаарлагдмал биологийн түвшний энэрэнгүй сэтгэлд асуудал гарч болзошгүй боловч жинхэнэ энэрэнгүй сэтгэл нь нөгөө талын хариу үйлдэл эсвэл хариу хүлээлтээс огт хамаардаггүй билээ. Хүн төрөлхтөн ямар ч болзолгүйгээр сайн сайхан байх байгалийн өгөгдөлтэй” хэмээн хариулав. Дээрхийн гэгээн мөн хүүхдүүд бие биетэйгээ ямар нэгэн гарал үүсэл, арын бүлэглэлийг үл харгалзан ижил түвшинд харилцдаг бага насны гэнэн цайлган үеийн тухай ярив.

Энэ үеэрээ тэрээр бага насанд нь түүнийг эрхлүүлж энхрийлж өсгөсөн ачит ижийнхээ энэрэнгүй хайр, нинжин сэтгэлийг дурссан юм. Оюутнуудын дунд жинхэнэ нөхөрлөлийн мэдрэмжийг хөгжүүлэх шаардлагатайг ч хэлэв. “Өөрийгөө хөгжүүлж, амжилтад хүрэхийг зорьж буй тохиолдолд өрсөлдөөн байх нь сайн хэрэг боловч өөрийгөө дөвийлгөн бусдад саад тотгор учруулдаг хэт туйлширсан өрсөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй. Дээрэлхэх, зодолдох зэрэг үйлдэл нь сөрөг уур амьсгалыг бүрдүүлдэг тул анги танхимдаа ахан дүүсийн барилдлага, харилцан итгэлцлийг бий болгох нь нэн чухал” хэмээн оюутнуудад захисан юм.
Илтгэлийн дараа 3 оюутан ая дуугаа өргөн барив. Дээрхийн гэгээнд Хавайн дунг өргөн барьснаар энэ өдрийн хөтөлбөр өндөрлөсөн юм.
4 дүгээр сарын 15-нд Дээрхийн гэгээн Хавайн Их Сургуульд "Орчин үед уугуул иргэдийн оюун ухааны ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, "Алохагийн хүчээр энх тайвныг цогцлоох нь" сэдвээр олон нийтэд зориулсан лекц унших болно.










