Швейцар, Цюрих хот, 2010 оны 4 дүгээр сарын 8 - Дээрхийн гэгээн Далай лам Швейцар, Төвөдийн найрамдлын нийгэмлэг болон Төвөдийн нийгэмлэгээс зохион байгуулсан "Мэрси Швийз - Баярлалаа Швейцар" арга хэмжээнд оролцлоо. Дээрхийн гэгээн сүүлийн тавин жилийн турш төвөдүүдэд харамгүй тусламж үзүүлсэн Швейцарын Засгийн газар, Улаан загалмай нийгэмлэг, ард түмэн, орон нутгийн засаг захиргаа, байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэв. Дээрхийн гэгээн Далай лам "Тусалсан хүмүүстээ талархах нь манай төвөдийн соёл, уламжлал юм. Тиймээс би та бүхэнд баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна" хэмээжээ.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам "Баярлалаа Швейцар" арга хэмжээний үеэр. Зургийг Мануэль Бауэр.
Өнгөрсөн 51 жилийг эргэн харахад гунигтай, бас аз жаргалтай мөчүүдийн аль аль нь тохиолдож, заримдаа итгэл найдвар огт үгүй, заримдаа бага зэрэг, заримдаа илүү их итгэл найдвар төрөх үеүүд байсныг Дээрхийн гэгээн Далай лам дурсан ярив. Тэрбээр хүнд хэцүү цаг үед эв нэгдэлтэй байж, бие биедээ тусалж чаддаг хүн төрөлхтний сайн сайхан чанар байдаг хэмээгээд, Төвөдийн суурьшлын төслийг санаачилсан доктор Тони Хагены ажлыг өндрөөр үнэллээ.
Талийгаач доктор Хагены охин доктор Катрин Хаген аавынхаа Төвөдийн дүрвэгсдийн төсөлд хийж гүйцэтгэсэн ажлын талаар ярив. Троген дахь Песталоццигийн хүүхдийн тосгоны захирал асан ноён Артур Билл Дээрхийн гэгээн Далай ламтай анх холбоо тогтоосон болон Трогенд залуу охид, хөвгүүдэд боловсрол олгосон талаараа сэтгэл хөдлөн ярилаа. 1960-аад оны эхэн үеэс төвөдүүдийг нүүлгэн суурьшуулах ажилд оролцож байсан Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан асан хатагтай Сигрид Жосс-Арнд "1959 онд Дээрхийн гэгээн Далай ламыг Энэтхэгт эсэн мэнд нэвтэрснийг сонсоод үнэхээр тайвширч билээ" хэмээн ярив.
1960 оны 10 дугаар сард төвөдийн 20 охид, хөвгүүд Швейцарын Троген дэх Песталоццигийн хүүхдийн тосгонд суралцахаар ирж байжээ. Швейцарын Засгийн газар 1963 оны 3 дугаар сарын 29-нд төвөдийн 1000 иргэнийг нүүлгэн суурьшуулахыг зөвшөөрсөн байна. Төвөдүүд Швейцар дахь Европын бус анхны дүрвэгсэд байсан бөгөөд өнөөдөр Швейцарт 4000 орчим төвөдүүд амьдарч байгаа юм.
Зураг. Дээрхийн гэгээн Риконд хүрэлцэн ирэхийг нь хүлээж байсан сайн санаат хүмүүстэй мэндчилж байна. Зургийг Мануэль Бауэр.
Өглөө нь Дээрхийн гэгээн Далай лам Рикон дахь Төвөдийн хүрээлэнгээр зочиллоо. Төвөдийн хийд рүү явах замдаа тэрбээр өөрийг нь ирэхийг хүлээн эгнэн зогсож байсан төвөдүүдийн урт цувааны эхэнд машинаа зогсоохыг хүсээд, хүмүүсийн дундуур аажуухан алхаж, заримдаа цугласан олны дундаас таньдаг хүнээ олж хараад нэрийг нь дуудаж байв.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн хийдийн хийж буй ажил, ялангуяа Швейцар болон Энэтхэг дэх зарим хийдүүдэд хийсэн үйл ажиллагаанд нь маш их баяртай, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, "Та бүхэн гайхалтай ажил хийсэн байна" хэмээсэн байна. Тэрбээр мөн цугласан олонд дэмжлэг үзүүлсэнд нь талархаж, "Та бүхний тусламжгүйгээр үүнийг хийх боломжгүй байлаа" хэмээжээ.
Зураг. Дээрхийн гэгээн Швейцарын Үндэсний Парламентын дарга хатагтай Паскаль Брудэрэр-Виссийн хамт. Зургийг Мануэль Бауэр.
Швейцарын Үндэсний Парламентын дарга хатагтай Паскаль Брудэрэр-Висс хийд дэх ёслолд оролцсон байна. Ёслолын дараа тэрбээр Дээрхийн гэгээн Далай ламд бараалхав. Тэрбээр Швейцарын парламент дахь Төвөдийн бүлгийн гишүүн бөгөөд Дээрхийн гэгээн Далай ламтай хамгийн сүүлд 2005 онд уулзаж байжээ.
Хийд дэх ёслолын үйл ажиллагааны төгсгөлд Дээрхийн гэгээн тэнд цугласан олон тооны төвөд иргэд дээр очиж, хамтдаа дурсгалын зураг татууллаа. Маш завгүй хуваарьтай хэдий ч хайртай удирдагч нь ийм их цаг зарцуулан байж төвөд ахан дүүстэйгээ уулзаж, ярилцаж байгааг харах нь төвөдүүдийн хувьд туйлын сэтгэл хөдөлгөсөн мөч байв.
Дээрхийн гэгээн Далай ламын энэ өдрийн хамгийн сүүлийн ажил нь Швейцарын парламент дахь Төвөдийн бүлгийн гишүүдтэй хийх уулзалт байлаа.
Орчуулсан Б.Одгэрэл