Энэтхэг, Ладак, Лэх хот, Шэвацэл. Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө Ладак дахь “SEE Learning” (Нийгэм, сэтгэл хөдлөл хийгээд ёс зүйн боловсрол олгох) хөтөлбөрийн үндсэн багийн 30 гишүүнтэй уулзав. Тэд хөтөлбөрийг Ладак мужид хэрэгжүүлж эхэлснээс хойш жил гаруйн хугацаанд орон нутгийн сургуулиудад нийгэм, сэтгэл хөдлөл, ёс зүйн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлэх 500 багшийг бэлтгээд буйгаа Дээрхийн гэгээнд танилцуулжээ. Өчигдөр Лэх, Каргил хотын 150 багш уулзаж, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагаа хэлэлцсэн байна. Тэдний төлөөлөгч “SEE Learning” хөтөлбөрийг хөгжүүлэх санаачилгыг гаргаж, дэмжсэнд нь Дээрхийн гэгээнд талархал илэрхийлэв.

“Та бүхэнтэй уулзаж буйдаа машид баяртай байна. Төвөдүүд бид Энэтхэгт дүрвэн ирэхдээ ардчилал хэрхэн хэрэгжиж байгааг нүдээр үзэж, шашин шүтлэгт төдийлөн татагддаггүй хүмүүс ч байдгийг ойлгосон. Мэдээж, шашны зан үйл, дадал нь ихээхэн тустай боловч, зарим хүмүүс шашныг бусадтай зөрчилдөх, мөргөлдөөн өдөөх шалтаг болгон ашигладаг тохиолдол ч бас байдаг. Би өөрөө Сажа, Гаржүд, Нинма ёсны төдийгүй Гэлүгба ёсны сургаалыг хүртэж, эдгээр уламжлалын дагуу дадал, бясалгал хийдэг. Гэхдээ шашин хүн бүрд тохирох зүйл биш. Тиймээс хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэл зэрэг эерэг чанарыг шашнаас ангид ёс зүйн үндсэн дээр төлөвшүүлэх арга замыг олох нь чухал юм. Бид төрсөн цагаасаа эхийн хайр энхрийлэлд өсөн хүмүүждэг. Бид эхтэйгээ шашин шүтлэгтэй ямар ч холбоогүй, байгалийн төрөлхийн холбоо тогтоодог. Энэхүү хайр, халамжийн мэдрэмж зарим талаар дасах сэтгэлээр сүлэгдсэн байдаг ч зарим тохиолдолд зүгээр л төрөлхийн аяндаа илэрдэг хариу үйлдэл юм. Дэлхийн I, II дайнд асар олон хүн хүчирхийллийн улмаас амь үрэгдсэн атал өнөөдөр ч гэсэн III дайныг өдөөхөөс буцахгүй дайтах хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүс байна. Тэд цөмийн зэвсэг хэрэглэвэл өөрсдөө ч сүйрнэ гэдгийг үл хайхран улам хүчирхэг зэвсэг бүтээсээр байна. Хэрэв бид энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлт гаргахгүй бол хүн төрөлхтөн бүхэлдээ зовж шаналах болно. Хүмүүс шашин шүтдэг эсэхээс үл хамааран бид бүгдэд хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэл хэрэгтэй. Суурь ёс суртахуун ч үүнээс урган гарна. Үнэндээ дайн дажин хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэл дутсанаас үүддэг юм”.

“Би буддын шашныг дагагч хүн хэдий ч хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх тухай сургаал, зааврыг шашнаас ангид тайлбарлан таниулахыг хичээдэг. Шашнаас ангид ёс зүйг амьдралд хэрэгжүүлснээр эхээсээ мэдэрч суралцсан энэрэл, хайр халамжийг улам хөгжүүлж, бэхжүүлэх боломжтой. Амьтдыг ажиглаарай. Тэд шашны нөлөөгүйгээр бие биедээ хайр халамжаа үзүүлдэг. Үүнтэй адил хүүхдүүд ямар шашин шүтдэг, аль үндэстэн, арьс өнгөнөөс үл хамааран бие биедээ элгэмсүү ханддаг. Хүүхдүүдийн илэн далангүй, чин сэтгэлийн нөхөрсөг зан чанарыг насанд хүрэгчид ч гэсэн үлгэр жишээ болгон дагах хэрэгтэй. Биднийг хооронд нь хувааж, талцуулж болох зүйлд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй. Харин хүн төрөлхтөн нэгэн бүхэл гэдгийг ухамсарлаж, бид бүгд адилхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий даяар эв найрамдлыг цогцлоохын төлөө хүчин чармайлт гаргах ёстой. Хүн төрөлхтөн бид бүгд хоёр нүд, нэг хамар, нэг амтай адилхан нүүр царайтай. Хэрэв бид гурав дахь нүдтэй хүнтэй таарвал үнэхээр хачирхалтай санагдах биз ээ. Бид төвөдүүд дүрвэн гараад, олон янзын хүмүүстэй уулзахдаа тэднээс огт өөр биш, яг л тэдэнтэй адил хүмүүс гэдгээ ойлгосон юм. Хятадын коммунист түрэмгийллийн улмаас бид асар их бэрхшээл туулсан хэдий ч өнөөдөр Хятадын ард түмэн өргөн хүрээтэй үер усны гамшигт нэрвэгдэж байхад бид тэднийг өрөвдөн хайрлаж, сэтгэл зовнихоос өөр аргагүй. Ийм гамшиг нь уур амьсгалын өөрчлөлтийн нэг илрэл юм. Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, гамшгийн хор уршгийг арилгах тусламжийн үйлсэд хандив өргөх боломж олдоосой гэж найдаж байна. Буддын шашинтнууд бид залбирахдаа,
Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай
Хамаг амьтан зовлонгүй, жаргалан лугаа төгөлдөр болтугай.
Хамаг амьтан ойр, холд шунах, уурлах хоёроос ангижран тэгш сэтгэлээр орших болтугай хэмээн ерөөдөг.
Хамаг амьтан гэдэгт чухам юуг хамруулдгийг бид бүдэг бадагхан ойлгодог байж болох ч ядаж энэ дэлхий дээрх бүх амьд амьтныг багтаан бодож чадна шүү дээ”.

“Өмнө хэлсэнчлэн, үер усны гамшигтай тэмцэж буй хятадын ард түмнийг би чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж байна. Тэд тулгарсан сорилт бэрхшээлийг даван туулах зориг тэнхээтэй байна гэж би найдаж байна. Манай судар номд дэлхий ертөнц эцэстээ ус, гал эсвэл салхины улмаас сүйрнэ хэмээн тэмдэглэсэн байдаг. Өнөөгийн дэлхийн дулаарал нь галын тухай тэрхүү зөгнөлтэй дүйж болохоор байна. Намайг анх Ладакт ирэхэд хамт явсан хүмүүсийн нэг нь уул толгод нь ямар нүцгэн, ургамалгүй байгаад сэтгэл нь зовниж байсан юм. Харин та бүхэн мод тарьж, байгаль орчноо сэргээхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргасны үр дүнд байдал өөрчлөгджээ. Жилийн энэ үед Дарамсала болон энэтхэгийн нам дор газрын бусад газарт чийг ихтэй, бороо хур элбэг байдаг. Харин Ладакт ирэхэд хуурай уур амьсгалтай, агаарын хэм нь тааламжтай байдагт би машид талархдаг юм. Надад үзүүлж буй та бүхний хайр халамжид мөн талархаж байна. Гялайлаа” хэмээсэн юм.
Энэрэнгүй сэтгэл болоод бусдын сэтгэлийг ойлгох чадварын ялгааны талаар асуухад Дээрхийн гэгээн “Энэрэнгүй сэтгэл гэдэг нь бусдыг зовлонгоос ангижруулахын төлөө хичээн зүтгэхийг хэлнэ. Зовлонгийн гурван төрөл буй. Зовлонгийн зовлон, хувирахын зовлон хийгээд оршихуйн хүрдэнд нэвчин шингэсэн зовлон юм. Үйлийн үр, мунхаг төөрөгдлийн эрхшээлд байгаа цагт бид зовж шаналах болно. Бид чухамхүү энэ нөхцөл байдлаас ангижрахыг зорьдог билээ” хэмээн хариулжээ. Дээрхийн гэгээн өөрөө олон жилийн турш бодь сэтгэл болон хоосон чанарыг ухаарах билгүүний бясалгал хийж ирсэн тухайгаа айлдав. “Үүний үр дүнд тэрбээр хурах мөрийн дадал, эрдмийг хураасан бөгөөд одоо үйлийн мөрд хүрэхийг зорьж байна. Үүний дараа үзэхүйн мөр, бясалгахуйн мөр болон бодьсадвын төгс баясгалант газар хүрэхэд ойртоно. Тэндээс эхлэн мөр, газрын үе шатуудаар ахин дээшилсээр бурхны хутгийг олох юм. Үүнд хүрэх үнэхээр боломжтой гэдгийг ухаарах нь хүний амьдралаа утга учиртай өнгөрүүлж буйдаа итгэх асар их итгэл, урам зоригийг төрүүлдэг” хэмээн айлдлаа.

Мансууруулах бодисны зохисгүй хэрэглээг хэрхэн бууруулах талаар асуухад Дээрхийн гэгээн “Энэ нь алсын хараагүй, богино бодолтойгоос үүдэлтэй асуудал. Мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн хүмүүс өөрсдийн асуудлыг шийдэх өөр арга зам олж харахгүй байгаагийн зэрэгцээ уг бодисын богино хугацаанд төрүүлэх таашаалд татагддаг байна. Залуу хүмүүс амьдралаа илүү өргөн далайцтай харж сурах хэрэгтэй. Эцэг эх, багш нар ч өөрсдийн асрамж, халамжид байгаа хүүхэд залууст аливаа асуудлыг холч ухаанаар харж, ирээдүйд хийж бүтээж болох зүйлсээ илүү өргөн хүрээнд төсөөлөхийг зөвлөх нь зүйтэй” хэмээн айлдлаа. Төгсгөлд нь, Дээрхийн гэгээнээс “SEE Learning” хөтөлбөрт шинээр ажиллаж эхэлж буй багшид ямар зөвлөгөө өгөх талаар асуухад, “Боловсролын салбарт өнгөрсөн болоод ирээдүйн төрөл байдаг гэх мэт шашны ойлголтыг заавал нэвтрүүлэх шаардлагагүй. Харин яг одоо, энд тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах нь илүү чухал юм. Асуудлыг даван туулах үндэс суурь нь шашны аль нэг урсгалд үл хамаарах ёс зүй байх ёстой. Амьдралынхаа турш бодь сэтгэлийг төлөвшүүлэх, хоосон чанарыг ухааран танихыг хичээсээр ирсэн боловч ийм түвшний туршлага хүн бүрд заяах албагүйг ойлгодог. Түүний хүрсэн бүхэн хичээл зүтгэлийн л үр дүн юм. Энэрэн нигүүлсэхүйн хувилгаан бие болсон Жанрайсиг бурханд залбирах нь дотоод сэтгэлээ хөгжүүлэх нэгэн арга зам болох юм. Үүний нэгэн адил Манзушир бурханд хандан залбирах нь мунхгийн харанхуйг сэтгэлээсээ гэтэлгэж, оюун билиг ухаанаа хөгжүүлэхэд тусалдаг” хэмээн хариулжээ.

Дээрхийн гэгээн Наландагийн уламжлалын сэтгэл, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаарх сургаал, мэдлэгт анхаарал хандуулжан суралцаж буй орчин үеийн эрдэмтдийн тоо өнөө үед улам бүр нэмэгдэх болсныг хэлээд өөртэй нь уулзахаар хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.










