АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот — 2011 оны 5 дугаар сарын 14-нд Америкт хийсэн айлчлалынхаа сүүлийн өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Ньюарк хотын Энх тайвны боловсролын дээд чуулганд хоёр хуралдаанд гол илтгэл тавин оролцож, боловсролын системд ёс зүйн хичээлийг оруулах саналыг хамтран илтгэгчид санал нийлэн дэмжлээ.
Зураг. Нью Жерси мужийн Ньюарк хотноо болсон Энх тайвны боловсролын дээд чуулганы илтгэгчид. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Соном Зоксанг
Өглөөний хуралдаанд Дээрхийн гэгээн XIV Далай лам “Боловсрол дахь энх тайван” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов. Түүний хамтран илтгэгчид нь Нью-Йоркийн их сургуулийн профессор Педро Ногера, CNN-ийн нэвтрүүлэгч Соледад О’Брайен, АНУ-ын Боловсролын яамны дэд нарийн бичгийн дарга Жэймс Шелтон, боловсрол судлаач Анзелла Нелмс, Мартин Лютер Кингийн ууган хүү Мартин Лютер Кинг III, залуусын төлөөлөл Кати Лойд, жүжигчин Голди Хоун болон Ньюарк хотын дарга Кори А. Бүүкер нар байв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам боловсролын зорилгуудын нэг нь бодитой хандлагыг хөгжүүлэх тухай хэмээн үгээ ийн эхлүүллээ. Тэрээр хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд үүнд хүрэхийн тулд бодит арга зам бүхий хандлага шаардлагатай гэлээ. Эрт дээр үед Европт боловсрол нь шашны байгууллагатай нягт холбоотой байж, гэр бүлийн хамтаар ёс суртахууны боловсрол болоод халуун дулаан сэтгэлийг хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг байсан хэмээн тэмдэглэв. Дараа нь боловсролын байгууллагууд сүм хийдүүдээс салан тусгаарлагджээ.
Гэвч сүүлийн 200 орчим жилд шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр өвчин эмгэг буурах зэрэг эерэг өөрчлөлтөөс хүмүүс эдгээрийн шууд үр дүнг харж эхэлжээ. Иймээс хүмүүс шинжлэх ухаан, технологийн материаллаг хөгжилд улам бүр итгэж найддаг болсон. Гэвч Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс өөрийн туршлагаараа дан материаллаг хөгжилөөр дамжуулан дотоод амар амгаланг олохгүй гэдгийг ухаарч эхэлсэн. Үүний зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлага ч сэтгэлийг судлах сонирхолтой болж эхэлсэн байна хэмээжээ.
Зураг. АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотноо болсон Энх тайвны боловсролын дээд чуулганд Дээрхийн гэгээн XIV Далай лам илтгэл тавьж буй нь. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Соном Зоксанг
Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ өнөөгийн боловсролын тогтолцоо нь ихэвчлэн мэдлэг олгоход төвлөрч, ёс суртахууны хүмүүжил нь өөрөө аяндаа бий болно хэмээн үздэг хандлагатай байна гэлээ. Тэрээр сургуулийн хөтөлбөрт дотоод үнэ цэнийг хэрхэн багтаах талаар судалгаа хийх шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Дээрхийн гэгээн XIV Далай лам цэцэрлэгийн түвшнээс эхлэн хүүхдүүдэд хүч хэрэглэх нь буруу бөгөөд асуудал зайлшгүй гарч ирдэг ч тэдгээрийг яриа хэлцлээр шийдэх ёстойг заах хэрэгтэй хэмээн санал болгон зөвлөв. Түүнчлэн зарим хүн энэрэх сэтгэл, уучлал зэрэг асуудлыг ердөө шашны асуудал хэмээн үздэг нь буруу хэмээн хэлэв. Дээрхийн гэгээн XIV Далай ламын тайлбарласнаар эдгээр нь бүх шашинд байх хэдий ч үнэндээ биологийн хүчин зүйлийн салшгүй хэсэг бөгөөд бидний амьд үлдэхэд шаардлагатай чанарууд хэмээлээ. Тэрээр эцсийн мөрөөдөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллага энэ асуудлаар ямар нэгэн тогтоол баталж, бүх нийтийн боловсролын тогтолцоонд багтаах боломжтой болгох явдал хэмээн нэмж хэлэв.
Бусад илтгэгчид өөрсдийн ажил туршлагадаа үндэслэн боловсролын тогтолцоог хэрхэн өөрчлөх шаардлагатай талаар хийгээд ингэснээр эерэг хандлагатай хувь хүмүүсийг төлөвшүүлэх боломжтой болох тухай ярив. Тэдний дундаас Соледад О’Брайен зэрэг хэд хэдэн хүн Дээрхийн гэгээн XIV Далай ламын саналын дагуу сургуульд ёс суртахууны боловрол оруулах санааг дэмжлээ. Мартин Лютер Кинг III “Энэ чухал асуудлаар Дээрхийн гэгээн XIV Далай ламтай хамт ярилцах боломж олдсондоо үнэхээр их баяртай бөгөөд сэтгэл хөдөлгөм байна” хэмээн хэлэв. Харин Голди Хоун өөрийн байгууллагын туршлагыг хуваалцаж, тус сан нь сурагчдад илүү “ухаалаг, эрүүл, аз жаргалтай амьдрах” нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадвар заадаг тухай дурдав. Ньюарк хотын дарга Кори Бүүкер энх тайвны бага хурал хотод болж байх үеэр өчигдөр буу зэвсгийн хүчирхийллээс амь алдсан тохиолдлыг дурдаж, бодит байдлыг ойлгох хэрэгцээний талаар хүчтэй байр суурь илэрхийлэв. Тэрээр энэ бага хурлын санаа анх гарч ирэхэд зохион байгуулагчид Ньюаркын оршин суугчид мөн үүнд оюутан (энэ өдрийн чуулганд 1,500 оюутан оролцсон гэж нэгэн сонин мэдээлжээ), багш нар болон бусад хүмүүсийг багтаах алхам хийсэнд баяртай байснаа илэрхийлэв. Хотын дарга “Энэ чуулган зүгээр л асуудлуудыг ярьдаг ахиад л нэг уулзалт байж болохгүй... Өнгөрсөн жил хийсэн зүйлээ давтаад энэ жил өөрчлөлт хүлээж болохгүй” хэмээлээ. Тэрээр хүчирхийлэл болон нийгмийн бусад асуудлын эсрэг сайн хүмүүс дуугарч, идэвхтэй оролцох хэрэгтэй бөгөөд сайн хүмүүсийн чимээгүй, идэвхгүй байдал нь буруу хэмээн нэмж хэлэв.
Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөд Хаус (Tibet House US) АНУ-ын зарим уран бүтээлчид болон ажилтнуудтай товч уулзалт хийж, хоёр Нобелийн шагналт Ширин Эбади, Жоди Уильямс нарт өдрийн зоог барив.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Нью Жерси мужийн Ньюарк хотод болсон Энх тайвны боловсролын дээд чуулганд оролцох үеэр Эд Нортоныг угтаж буй нь. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Соном Зоксанг
Өдрийн хуралдаан дууссаны дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам бага хурлын талбай болсон Нью Жерсигийн Урлагийн төвөд буцаж ирэв. Tус өдрийн сэдэв нь “Нийгэм дэх энх тайван” байв. Түүний хамтран илтгэгчид нь Нобелийн шагналтнууд Ширин Эбади, Жоди Уильямс; хүний эрхийн хөдөлгөөний анхдагч активист Ван Жонс; гэр оронгүй хүмүүст тусалдаг Эрл “Гудамжны эмч” Бэст; бизнес эрхлэгч Кирстен Жиарди; жүжигчин Эд Нортон; энх тайвныг бэхжүүлэх стратегич Алдо Чивико; ЛГБТ хүний эрхийн активист Дарил Пресгрейвс; мөн 11 настай залуу төлөөлөгч Аалиа Бекфорд нар байв.
Эдгээр илтгэгчид нь ихэвчлэн олон нийтийн идэвхтэн активист эсвэл орон нутгийн түвшинд ажилладаг байгууллагуудтай холбоотой хүмүүс байсан бөгөөд тэд тухайн нийгмийн нөхцөл байдал болон энх тайвныг төлөвшүүлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярив. Олон хүн өөрсдийн хүчин чармайлтад урам өгсөн Дээрхийн гэгээн XIV Далай ламын ном болон бүтээлүүдийг дурдаж байлаа. 11 настай Аалиа Бекфорд илтгэлийнхээ үеэр “Далай лам надад олон нийтдээ өөрчлөлт хийх урам зоргийг өгсөн” хэмээгээд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон нь өөрийнх нь амьдралыг өөрчилсөн боломж боллоо хэмээн нэмж хэлэв. Мөн жүжигчин Эд Нортон Дээрхийн гэгээн XIV Далай ламд хандан, “Таны бүтээл, сургаал надад асар их утга учир бэлэглэсэн” хэмээн талархлаа илэрхийлэв.
Зураг. Нью Жерси мужийн Ньюарк хотод болсон Энх тайвны боловсролын дээд чуулганы үеэр асуулт авч буй панелистууд — Дээрхийн гэгээн XIV Далай лам, Доктор Түвдэн Жинба, Жоди Уильямс болон модератор Роберт Турман. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Соном Зоксанг
Панелистуудын илтгэлд өгсөн хариу болон өөрийн үндсэн илтгэлийн агуулгыг нэгтгэн хэлсэн үгэндээ Дээрхийн гэгээн XIV Далай лам хоёр өдрийн турш олон илтгэгчдийн тавьсан илтгэлээс гүн сэтгэгдэлтэй үлдсэнээ хэлэв. Бүгд чин сэтгэлээсээ буюу хамгийн гол нь өөрийнхөө амьдралын туршлага дээр тулгуурлан ярьсан хэмээн онцлов. “Гудамжны эмч”-ийн урам зоригтой, сэтгэл хөдөлгөсөн түүхийн талаар хэлэхдээ, “Та үнэхээр хүчтэй сэтгэл тээн ярьсан” хэмээв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам нийтлэг өнцгөөс харвал олон бэрхшээл байгаа ч сэтгэлээр унах, гутрах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг онцлов. Уг санаагаа бэхжүүлэх зорилгоор тэрээр 20-р зууныг авч үзэж, эхний хагас нь дайн дажнаар дүүрэн байсан бол сүүлийн хагасын үед харилцан зэрэгцэн орших үзэл санаа илүү өргөн дэлгэрсэн тухай дурдав. Байгаль орчны талаар ч гэсэн уг зууны эхэнд бараг хайхарч анхаарал хандуулдаггүй байсан бол сүүл үеэс байгаль орчинд дэлхий нийтээрээ өргөн хүрээтэйгээр анхаарал хандуулдаг болсон хэмээв. Мөн зууны эхэнд шинжлэх ухаан болон сүсэг бишрэл (ёс суртахууны үнэ цэнэ гэсэн утгаар) тусдаа байсан бол сүүл үед хоорондоо илүү ойртсон хэмээн хэлэв. Дээрхийн гэгээн Далай лам сүүлийн 30 орчим жилийн турш эрдэмтэдтэй энэ талаар чухал яриа хэлэлцүүлэг өрнүүлж ирснээ дурдав.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ 21-р зуун бол 20-р зууны үргэлжлэл учраас ирээдүйд итгэлтэй байх бүрэн үндэс бий хэмээв. Тэрээр 1996 онд 96 настай Английн Хатан эхтэй уулзалт хийсэн үеэ дурсав. Тухайн үед тэрээр “Дэлхий дээр байдал дээрдэж байна уу, дордож байна уу?” хэмээн асуухад Хатан эх огтхон ч эргэлзэлгүйгээр “Дээрдэж байна” хэмээн хариулсан бөгөөд үүний хоёр гол үзүүлэлтийг дурдсан байна. Нэгдүгээрт түүний залуу насанд хүний эрх болон өөрийн хувь заяагаа тодорхойлох эрх гэсэн ойлголт огт байгаагүй бол одоо эдгээрт идэвхтэйгээр анхаарал хандуулдаг болсон гэв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам хүмүүсийг өөдрөг сэтгэлээ хадгалахад уриалав. Тэрээр залбирал хувь хүнд хэрэгтэй байж болох ч нийгэмд энх тайвныг бий болгохын тулд үйлдэл хийх нь илүү чухал хэмээн онцлон тэмдэглэв.
Зураг. Ньюаркт хот дахь Нью Жерсигийн Урлагийн Төв буюу Энх тайвны боловсролын дээд чуулган зохион байгуулсан газрын зураг. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 13-аас 5 дугаар сарын 15-ны өдрүүд. Гэрэл зургийг: Соном Зоксанг
Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөгийн дэлхийн харилцан шүтэлцэл буюу холбоо хамааралтай шинжийн талаар ярив. Тэрээр шинэ бодит байдал нь Америкийн ирээдүй бусад улс орны ирээдүйтэй салшгүй холбоотой болсон хэмээн хэлээд “Өөрийгөө бусдыг устгаж байгаа мэтээр төсөөлдөг ч үнэн хэрэгтээ бусдыг устгах нь өөрийгөө устгаж буй хэрэг” хэмээлээ. Хүний мөн чанарт хувиа хичээх хандлага байдаг ч хүмүүсийг илүү өргөн мэдлэгтэй агаад цогц байдлаар аливаа асуудалд хандах ухаалаг хувиа хичээх үзлийг хэрэгжүүлэхийг уриалав. Харин хэт өөртөө төвлөрөх хандлага нь мунхаг хэрэг гэлээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн түгээн дэлгэрүүлдэг уучлалын тухай үзэл бодлоо тайлбарлахдаа уучлах гэдэг нь нөгөө талд бөхийх аль эсвэл бусдыг хүссэнээр аяглахыг нь зөвшөөрөх гэсэн үг биш хэмээв. Харин үйлдэгч болон үйлдэл хоёрыг ялгахад суралцах ёстой гэж хэлэв. Буруу үйлдлийг сөрөх хэрэгтэй ч ямар нэгэн сөрөг сэтгэлгүйгээр харин үйлдлийг хийсэн хүнийг бусадтай адил хүн хэмээн үзэн хандах ёстой. Теистийн үзлээс харвал үйлдэгч нь Бурхны бүтээл боловч үйлдэл нь тийм биш юм. Энэ бол чөлөөт хүсэл зорилгоо буруу ашиглагдсан тохиолдол гэж нэмж хэлэв.
Тэрээр үзэгчдийн дунд байсан залуучуудад хандан 21-р зуун та бүхнийх бөгөөд илүү сайхан дэлхийг бүтээх ихээхэн хариуцлага тэдэнд ногдож байгаа тухай онцоллоо. Харин өөрийнх нь үе болох 20-р зуунд олон буруу үйлдэл гарч, түүний үр дүнд бид өнөөгийн бэрхшээлтэй нөхцөл байдалд хүрсэн хэмээв. Зөрчилдөөн гарах боломж үргэлж байдаг тул эвлэрлийн сэтгэл бол цорын ганц бодитой арга хандлага гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой хэмээв. Мөн сургуулиудад яриа хэлэлцээний ач холбогдлыг заахыг уриалав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Нью Жерсигийн Ньюарк хотод болсон Энх тайвны боловсролын дээд уулзалтад Колумб улсаас зорин ирсэн оролцогчийн гарыг атгаж буй агшин. АНУ, Нью Жерси муж, Ньюарк хот. 2011 оны 5 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Соном Зоксанг
Дээрхийн гэгээн XIV Далай лам залуу үед хандан өнөөгийн дэлхийг цэрэгжилтгүй бүс болгох хийгээд нөөцийг илүү тэгш хуваарилах талаар тодорхой алсын хараатай байх хэрэгтэй хэмээн хэлэв. Тэрээр өөрийгөө Марксист хэмээн тодорхойлдог ч Ленинизмыг бүрэн эсэргүүцдэг гэдгээ онцоллоо. Мөн баян, ядуугийн хоорондын зөрүүг багасгахыг уриалах бөгөөд зөвхөн мөнгө өгөх нь шийдэл биш хэмээв. Харин нийгмийн маргинал хэсгийнхэнд урам зориг хийгээд өөртөө итгэх итгэлийг төрүүлэх боловсрол хэрэгтэй гэдгийг онцлов. Тэрээр Өмнөд Африкийн Совето хотод нэгэн гэр бүлд зочлохдоо хар арьстнуудын тархи арай дор хэмээн үздэг хүнтэй таарсан тухай дурдлаа. Үүнийг сонсоод ихэд харамсаж бодит байдалд нийцэхгүй, явцуу сэтгэлгээ болохыг түүнд тайлбарласан хэмээв. Мөн Хятадын эрх баригчид БНХАУ дахь өөр өөр үндэстнүүдийн талаар өөр ойлголттой байдгийг дурьдаад ярилцсаны эцэст нь энэ хүнийг өөр хэнтэй ч адил гэдэгт нь итгүүлж чадсан тухай ярив.
Дээрхийн гэгээн XIV Далай лам багш, сурган хүмүүжүүлэгчдэд сурагчдын дунд дэлхийн хэмжээний хариуцлагын ухамсрыг төлөвшүүлэхийг зөвлөв. Мөн сурагчид аливаа зүйлийг шууд үнэн мэт хүлээж авах бус өөрсдөө судлан шинжлэхийг сурах хэрэгтэй хэмээн хэлэв. Энэ талаар тэрээр Бурханы шашны боловсролын зарчмыг эш татав: багшаас сонсох болон өөрөө шинжилж судлах.
Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ чухал хурлыг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлэв.
Энэхүү хэлэлцүүлгийг Tөвөд Хаусын (Tibet House) профессор Роберт Турман хөтөлжээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам орой буудлаасаа нисэх буудал руу хөдөлж, Энэтхэг рүү буцах аяллаа эхлэв. Тэрээр 2011 оны 5-р сарын 1-нд АНУ-д энэ удаагийн айлчлалаа эхлүүлж, Калифорни, Миннесота, Арканзас, Техас мужуудын зургаан их сургуульд болсон арга хэмжээнүүдэд оролцсон бөгөөд мөн Нью Жерсигийн энх тайвны бага хуралд оролцжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун