Төвөдийн ард түмний төлөөлөгчдийн XIV чуулганы гишүүдэд...
Хуучин Төвөд улс гурван муж буюу Чолкха-сум (Cholkha-sum)-аас бүрддэг байсан бөгөөд нийтэд мэдэгдэж байгаагаар Нятри Цэнпо (НТӨ 127 он) хэмээх анхны хаанаас эхлэн Три Ралпачэн (НТ 838 он) хүртэлх дөчин хоёр гаруй төвөд хааны засаглал дор оршиж байжээ. Тэдний засаглал бараг мянган жилийн турш үргэлжилсэн гэдэг. Тэр үеийн Tөвөд нь Ази тивд цэрэг, улс төрийн нөлөөгөөрөө Монгол, Хятадын хамтаар хүчирхэг үндэстнүүдийн нэг хэмээн тооцогддог байв. Төвөдийн уран зохиол хөгжиж, шашин болоод соёлын нэн баялаг өв уламжлал нь Энэтхэгийн дараах агуу соёл иргэншил хэмээн үнэлэгдэж байлаа.
IX зууны үед төв засаг захиргааны нэгдэл сарнин унасны дараа Tөвөд улс нь тус тусын нутаг дэвсгэртээ хязгаарлагдсан эрх мэдэл бүхий олон ноёдын удирдлагад орсон юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Төвөдийн нэгдмэл байдал сулран доройтсон. XIII зууны эхээр Tөвөд, Хятад аль аль нь Чингис хааны захиргаанд орсон билээ. Гэсэн ч Дрогон Чойгял Пагпа XIII зууны 1260-аад онд Төвөдийн бүрэн эрхийг сэргээж, түүний засаглал гурван мужид дамнан тогтсон боловч дараагийн 380 жилийн хугацаанд Пагмодрупа, Ринпүнпа, Цангпа зэрэг ноёдын засаглалын давтамжтай солигдол нь нэгдмэл Төвөдийг тогтоож чадсангүй. Төв засаглалын дутмаг байдал, дотоодын зөрчилдөөнүүд нь Төвөдийн улс төрийн хүчийг уналтад хүргэсэн гэдэг.
1642 онд V Далай ламын үндэслэсэн Гандэн Подрангийн засаглалын эхээс эхлэн Далай ламын хойч үеийн хувилгаад нь Төвөдийн шашин, төрийн удирдагч байсаар ирсэн. V Далай ламын үед Төвөдийн арван гурван түмэн хошуу тогтвортой засаглал дор оршиж, буддын шашин дэлгэрэн хөгжиж, төвөдийн ард түмэн амар тайван, эрх чөлөөтэй амьдарч байлаа.
XIX зууны сүүл үе, XX зууны эхэн үед Төвөд улс улс төрийн зохистой удирдлагагүй байсан төдийгүй олон улсын харилцаагаа хөгжүүлэх чухал боломжийг алдсан юм. XIII Далай лам 1895 онд төрийн эрхийг гартаа авсан боловч 1904 онд Их Британийн цэргүүдийн довтолгооны улмаас Монгол болоод Хятад руу дүрвэсэн бол 1910 онд Манж, Хятадын довтолгооны улмаас Энэтхэгт дүрвэхэд хүрсэн. Эцэст нь нөхцөл байдал бүрдэж, Төвөддөө эргэн ирсний дараа XIII Далай лам 1913 онд Төвөдийн бүрэн эрхт байдлыг дахин тунхагласан юм. Дүрвэх үедээ олж авсан мэдлэг, туршлагын үр дүнд XIII Далай лам Төвөдийн засаг захиргааг бэхжүүлэх зорилгоор шинэ боловсролын тогтолцоо нэвтрүүлж, хэд хэдэн шинэчлэл хийжээ. Эдгээр алхмууд нааштай үр дүнд хүрсэн боловч 1932 оны түүний сүүлчийн улс төрийн гэрээслэлээс харахад тэрбээр үзэл баримтлалаа бүрэн хэрэгжүүлж чадаагүйг илтгэнэ. Шашны орлон тоглогчид, тэдний засаг захиргааны сул дорой удирдлагын улмаас үүссэн хүндрэлийг үл харгалзан Гандэн Подрангийн засаглал өнгөрсөн дөрвөн зууны турш харьцангуй тогтвортой засаглал явуулсаар ирсэн байна.
Бага балчир үеэс эхлэн би Төвөдийн улс төрийн тогтолцоог шинэчлэх яаралтай шаардлагатайг ухамсарлаж ирсэн билээ. 16 настайдаа би улс төрийн удирдлагыг хүлээн авахад хүрсэн юм. Тэр үед би Төвөдийн дотоодын улс төрийн тогтолцоо төдийгүй олон улсын асуудлыг ч бүрэн ойлгож амжаагүй байв.
Гэсэн ч би цаг үеийн өөрчлөлттэй нийцэх зохих шинэчлэлүүдийг нэвтрүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд зарим үндсэн өөрчлөлтийг хийж чадсан юм. Харамсалтай нь хяналтаас минь давсан нөхцөл байдлын улмаас эдгээр шинэчлэлийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж билээ.
1959 оны 4 дүгээр сард Энэтхэгт ирсний дараахан бид боловсрол, соёлыг хадгалах, дахин суурьшуулах болон олон нийтийн сайн сайхны асуудал хариуцсан яамд байгуулж, Калон сайд нарыг томилов. Үүний адилаар 1960 онд ардчиллын ач холбогдлыг ойлгосны үндсэн дээр анхны Төвөдийн ард түмний төлөөлөгчдийн комиссыг сонгон байгуулсан бөгөөд 1963 онд ирээдүйн Төвөдийн Үндсэн Хуулийн төслийг зарлан нийтлэв.
Улс төрийн үйл явцад ард түмний оролцоо, дэмжлэггүйгээр ганц хүний удирдлагад түшиглэсэн засаглал тогтвортой хөгжилд хүрэх боломжгүй. Ганц хүний засаглал нь үеэ өнгөрөөсөн хүсэмжит бус тогтолцоо юм. Зургаан сая төвөд хүний урт хугацааны ашиг сонирхлыг хангахын тулд бид бусдыг дуурайх бус, харин ардчилал нь хамгийн тохиромжтой төлөөллийн засаглалын хэлбэртэй бөгөөд ардчилсан байгууллагуудаа бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан. 1990 онд Дүрмийн төслийг боловсруулах хороо байгуулж, 1991 онд цагаач төвөд иргэдийн хууль тогтоох дээд байгууллага болох төвөд түмний төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн. 1991 онд XI чуулган Цагаач Төвөд Иргэдийн Дүрмийг албан ёсоор баталж, бүх хууль тогтоох эрх мэдлийг өөртөө авчээ. Цагаачлалын амьдралын хязгаарлалттай нөхцөлд эдгээр нь бахархахуйц ололт юм.
2001 онд төвөдийн ард түмэн анх удаа улс төрийн удирдагч болох Калон Трипаг шууд сонгосон. Тэр үеэс хойш би өдөр тутмын засаг захиргаанд оролцохоо больсон бөгөөд хүн төрөлхтний сайн сайхны төлөө илүү их цаг зарцуулах боломжтой болсон юм.
Ардчилсан тогтолцооны мөн чанар нь товчхондоо олон нийтийн сайн сайхны төлөө сонгогдсон удирдагчид улс төрийн хариуцлага хүлээдэгт оршдог. Манай ардчиллын үйл явц бүрэн төгс болохын тулд би албан ёсны эрх мэдлээ ард түмнээс сонгогдсон удирдлагад шилжүүлэх цаг нь ирсэн гэж үзэж байна. Манай ардчилсан байгууллагууд туршлага, улс төрийн төлөвшлийн учир дутагдалтай байсан учир бид энэ алхмыг өмнө нь хийж чадаагүй билээ.
Далай ламын залгамжлал нь бараг дөрвөн зууны турш улс төрийн удирдлагаар хангаж ирсэн тул төвөд дэх төвөд хүмүүсийн хувьд Далай лам тэргүүлдэггүй улс төрийн тогтолцоог төсөөлөх хийгээд хүлээн зөвшөөрөх нь амаргүй байж болох юм. Тиймээс сүүлийн 50 жилийн хугацаанд би ард түмний улс төрийн ухамсрыг нэмэгдүүлэх, ардчилсан үйл явцдаа идэвхтэй оролцохыг уриалах олон аргыг туршиж ирсэн юм.
Жишээлбэл, 1969 оны 3 дугаар сарын 10-ны мэдэгдэлдээ би “Төвөдийн ард түмэн өөрсдөө эх орноо удирдах цаг ирэхэд төрийн ямар хэлбэртэй байхыг ард түмэн шийдэх ёстой. Далай ламын залгамжлалт төрийн тогтолцоо байж ч болно эсвэл байхгүй ч байж болно. Тухайлбал ирээдүйг харж чаддаг залуу үеийнхний санал бодол шийдвэрт хүчтэй нөлөөлнө” гэж мэдэгдэж байсан юм.
Үүний адил 1988 оны 3 дугаар сарын 10-ны мэдэгдэлдээ “Би олон удаа хэлж байсан. Далай ламын институтыг үргэлжлүүлэх эсэхийг ард түмэн өөрсдөө шийдэх ёстой” гэж хэлсэн байдаг. 1980-аад оноос хойш би Кашаг, Ардын Төлөөлөгчдийн Хурал (АТПХ) болон нийт ард иргэдэд Төвөд хүмүүс Далай лам байхгүй мэтээр ард түмний засаг захиргаа, сайн сайхны төлөөх бүх хариуцлагыг өөрсдөө бүрэн үүрэх хэрэгтэйг дахин дахин зөвлөж ирсэн.
Би Ардын Төлөөлөгчдийн XIII хурлын дарга, тухайн үеийн Шүүхийн Ерөнхий комисст хандан, хууль тогтоох байгууллагаас баталсан хуулиудад гарын үсэг зурах зэрэг ёслолын чанартай үүрэг хариуцлагыг оролцуулаад, улс төр, захиргааны эрх мэдэлтэй холбоотой бүх чиг үүргээс чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч миний саналыг авч хэлэлцээгүй билээ. 2010 оны 8 дугаар сарын 31-нд Ардын Төлөөлөгчдийн хурал зохион байгуулсан Төвөдийн анхдугаар ерөнхий чуулганы үеэр би энэ асуудлыг дахин дэлгэрэнгүй тайлбарласан юм. Одоо энэ чухал асуудлыг хойшлуулах учиргүй. Миний албан ёсны эрх мэдлийг бүрэн шилжүүлэхийн тулд Үндсэн Хууль болон холбогдох бусад дүрэм журмуудад шаардлагатай бүх нэмэлт өөрчлөлтийг энэ чуулганы хугацаанд хийж дуусгах ёстой.
Надад гадаад дотоодын олон төвөд хүн энэхүү эгзэгтэй цаг үед улс төрийн удирдлагаа үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа илэрхийлсэнд би энэ завшаанаар талархлаа илэрхийлье. Гэвч би улс төрийн эрх мэдлээ шилжүүлэх гэж байгаа нь хариуцлагаас бултах эс бөгөөс сэтгэлээр унасан хэрэг огтхон ч биш билээ. Үүний цорын ганц зорилго бол төвөдийн ард түмний урт хугацааны эрх ашгийн төлөө билээ. Бид Төвөдийн асуудал бүрэн шийдэгдэх хүртэл цагаачлал дахь төвөдийн засаг захиргаа болон тэмцлийнхээ тасралтгүй үргэлжлэлийг хангах нь маш чухал юм.
Хэрвээ бид олон арван жил цагаачилбал миний хувьд удирдлагын үүрэг гүйцэтгэх боломжгүй болох цаг хугацаа гарцаагүй ирнэ. Тиймээс би эрүүл энх, ажиллах чадвартай байгаа дээрээ төвөдийн цагаачлал дахь засаг захиргаа Далай ламд бус өөрөө өөртөө түшиглэн тогтвортой ажиллаж чадахуйц засаглалын тогтолцоог байгуулж үлдээх шаардлагатай. Хэрвээ бид энэ системийг яг одоо хэрэгжүүлж чадвал шаардлагатай тохиолдолд би асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой хэвээр байх болно. Харин энэ системийг хэрэгжүүлэхийг хойшлуулж, миний удирдлага гэнэт тасалдах өдөр ирвээс үүсэх тодорхой бус байдал нь давшгүй бэрхшээл үүсгэж мэдэх юм. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх арга зам нь төвөд хүмүүс бүхий л хүчин чармайлтаа гаргах явдал мөн.
Төвөдийн зургаан сая хүний нэгийн хувьд мөн Далай лам нар төвөд түмэнтэй түүхийн болон үйлийн үрийн онцгой холбоотойг бодолцон төвөд хүмүүс миний биед итгэж найдаж байгаа цагт би Төвөдийн хэрэгт зүтгэсээр байх болно.
Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд “Асран хамгаалагчдын зөвлөл” байгуулах талаар заасан боловч энэ нь өнгөрсөн уламжлалд суурилсан түр зуурын зохицуулалт юм. Тус зүйлд Далай ламын оролцоогүй улс төрийн удирдлагын тогтолцоог бий болгох талаар заалт тусгагдаагүй. Иймээс энэ удаад Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд нь тодорхой хугацаагаар ард түмнээс сонгогдсон улс төрийн удирдагч бүхий ардчилсан тогтолцооны хүрээнд нийцэх ёстой. Иймд Үндсэн хуулийн холбогдох зүйл болон бусад дүрэм журмыг өөрчлөхтэй холбоотойгоор тусгай хороо томилох зэрэг шаардлагатай бүх алхмыг авч хэрэгжүүлэн, энэ чуулганы үеэр шийдвэр гарган хэрэгжүүлэх ёстой.
Үүний дүнд 1963 оны “Ирээдүйн Төвөдийн Үндсэн хуулийн төсөл”, 1992 оны “Ирээдүйн Төвөдийн засаглалын чиглэл” зэрэг миний гаргасан зарим улс төрийн баримт бичгүүд хүчин төгөлдөр бус болно. Мөн Далай ламын тэргүүлдэг Гандэн Пагчүг Засгийн Газрын одоогийн байгууллагын нэрийдлийг ч мөн зохих ёсоор өөрчлөх шаардлагатай.
Чуулганы үйл ажиллагаа амжилттай болохын төлөө залбиръя.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Дэнзин Гьяцо
2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун