Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот - Доорх нь Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн оршин суугаа газраас БНХАУ-д суурьшсан иргэдийн эрхийн идэвхтэн Тэн Биао, хүний эрхийн өмгөөлөгч Жян Тианён нартай хийсэн шууд цахим уулзалтын англи хэл дээрх бичлэг юм. Энэхүү ярилцлагыг Хятадын нэрт зохиолч Ван Лисюн 2011 оны 1 дүгээр сарын 4-нд зохион байгуулсан билээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам
Хятадын эх газраас ирсэн асуултуудад хариулсан нь...
2011 оны 1 дүгээр сарын 4-ний цахим хуралдаан
________________________________________________________
Хятадын олон хотын иргэдээс Дээрхийн гэгээн XIV Далай ламд тавьсан асуултууд:
1. Дээрхийн гэгээн XIV Далай лам та Нгабо Нгаван Жигмэгийн талаар ямар үзэл бодолтой байдаг вэ? Тэрээр БНХАУ-тай хэлэлцээр хийхэд таны томилсон төлөөлөгч байсан бөгөөд 1951 оны “17 зүйл бүхий гэрээ”-нд гарын үсэг зурсан хүн юм. Хэдийгээр та түүнд бүрэн эрх олгоогүй байсан ч та тухайн үед уг гэрээг хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь тэрээр ихэнх тохиолдолд таны эсрэг байр суурьтай байж, Төвөдийн асуудлаар Хятадын Засгийн Газрын төлөөлөгч шиг авирласан шүү дээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам: Би Нгабог 1950 оноос ч өмнө таньдаг байсан. Тухайн үед хүмүүс түүнийг шударга, ёс суртахуунтай нэгэн хэмээдэг байв. Би ч мөн түүнийг дэвшилтэт үзэлтэй, итгэлтэй хүн гэж боддог байлаа. Тухайн үед миний итгэж найдаж байсан гол хүмүүсийн нэг нь Нгабо байв. Гэрээнд гарын үсэг зурсны дараа би Лхасад Нгаботой уулзах үеэр хэрвээ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан бол “зэвсэгт чөлөөлөлт” болох байсан тул түүнээс зайлсхийж, “энхийн чөлөөлөлт”-ийг илүүд гэж үзсэнээ хэлсэн. Гэвч тэр ийм зүйл хэлсэн юм. “Гэрээнд гарын үсэг зурах үед Чамдогийн амбан захирагчийн тамга авч явсан ч түүнийг ашиглаагүй. Харин Хятадын Засгийн Газраас өгсөн хуурамч тамгыг ашиглахад хүрсээн” гэж...
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Шинэ Дели дэх Орчин үеийн сургуульд яриа өгч буй агшин. Энэтхэг, Дели хот. 2011 оны 1 дүгээр сарын 9. Гэрэл зургийг Дэнзин Tахла.
Түүнчлэн 1979 онд Дэн Сяопин уян хатан байр суурь үзүүлсний дараа би төлөөлөгчдөө баримт шалгах зорилгоор Төвөд рүү илгээсэн. Тэр үед миний төлөөлөгчид Нгаботой уулзахад тэрээр Чин гүрний үед ч эсвэл Гоминданы ноёрхлын үед ч Гандэн Повронгийн (Төвөдийн Засгийн Газар) харьяа нутгуудаас татвар авдаггүй байсныг анхаарах хэрэгтэй хэмээн хэлсэн. Үүгээрээ Нгабо эх оронч байдлаа тодорхой харуулсан юм.
Түүнчлэн 1989 онд Төвөдийн Өөртөө Засах Орны Ардын Их Хурлын чуулганы үеэр Нгабо Гоминданы Нанжингийн Засгийн Газар нь Дээрхийн гэгээн XIV Далай ламыг сэнтийд залах, хойд дүрийг тодруулахтай холбоотой бүх шийдвэрийг гаргасан гэх Хятадын албан ёсны баримтыг үнэн бодит зүйл биш хэмээн няцаасан явдал юм. Нгабо хэлэхдээ Далай ламын хойд дүрийг Төвөдийн өргөмжлөгч (тэргүүн төлөөлөгч) уламжлалт шашны ёс заншлын дагуу таньж тодруулсан бөгөөд өргөмжлөх ёслолын үеэр гаднын ямар ч даргалагч байгаагүй гэжээ. Тэрээр Гоминданы зүгээс баталж буй эдгээр мэдэгдлүүд үнэн бус хэмээж байв. Би тухайн үед нас бага байсан ч өргөмжлөгдөх ёслолыг тодхон санадаг. Британийн Энэтхэг, Хятад, Балба, Бутан улсын төлөөлөгчид бүгд нэгэн эгнээ суудалд зэрэгцэн сууж байв. Иймээс энэ асуудалд Нгабо бодит үнэнийг ил тод болгохын төлөө хүчин чармайлт гаргасан гэж хэлж болно.
Таалал төгссөнийх нь дараа бид түүний гэгээн дурсгалд зориулж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан юм. Үнэндээ зарим найз нөхөд минь энэ хүндэтгэлийн арга хэмжээг зохисгүй хэмээн шүүмжилсэн билээ. Гэвч бид бүгд айдаст автсан хүмүүс нөхцөл байдалд нийцүүлэн дипломат ёсоор ярихад хүрдгийг сайн мэднэ. Энэ бол миний түүнд ямагт бүрнээ итгэж явсны шалтгаан. Тэрбээр одоо энэ хорвоод үгүй ч би түүний хойноос ямагтад залбирч байдаг билээ.
2. Дээрхийн гэгээн XIV Далай лам та цагаачилсан төвөдүүдийн үйл хөдлөлийг хянаж чадахгүй болж байна уу? Хэрвээ тийм зүйл тохиолдвол та үүнд хэрхэн хандах вэ?
Дээрхийн гэгээн XIV Далай лам: Одоогоор 150,000 гаруй төвөд хүн цагаачлан амьдарч байгаа бөгөөд магадгүй тэдний 99% нь Төвөдийн асуудалд ижил хүсэл санаа хийгээд үнэн сэтгэлээсээ санаа зовж буй нь илэрхий буй за. Мэдээж санал бодлын зөрүү байх нь зүйн хэрэг. Учир нь бид ардчиллын замналаар замнаж байгаа болохоор ийм зүйл байх ёстой. Би ард түмэндээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй гэж хэлдэг. Тиймээс өөр өөр үзэл бодол илэрдэг. Жишээ болгож Төвөдийн Залуучуудын Конгрессийг дурдъя. Тэд тусгаар тогтнолын төлөө тэмцдэг бөгөөд манай “Tөв үзэл”-ийн бодлогыг шүүмжилдэг. Би тэдэнтэй үе үе уулзахдаа “Хятадын Засгийн Газар намайг та нарын заримыг баривчлах ёстой гэж найдаж хүлээж байгаа” гэж хэлдэг юм. Гэхдээ бид чөлөөт оронд байгаа учраас ийм зүйл хийх боломжгүй, би хэзээ ч тийм зүйл хийхгүй.
3. Багш минь, миний асуулт бол энх тайвныг эрхэмлэгч, үнэнд тулгуурласан тэмцэл (хамтран ажиллахаас татгалзах тэмцэл) коммунист Хятадын эсрэг үр дүнтэй гэж та үздэг үү? Хэрэв тийм бол төвөдийн ард түмэнд энэ нь ямар ашиг тусаа өгсөн бэ?
Дээрхийн гэгээн XIV Далай лам: Би үүнийг төвөдүүддээ үргэлж хэлдэг. Мөн энд нэг зүйлийг дурдъя. Бидний баримталж ирсэн энх тайвны үндэст “Tөв үзэл”-ийн бодлого Хятадын Засгийн Газартай хийсэн хэлэлцээрүүдэд шууд үр дүн авчирч чадаагүй байж болох ч энэ бодлого хятадын эрдэмтэн, оюутнууд хийгээд бодит байдлыг эрхэмлэгч хүмүүсийн дунд бидэнд хүчтэй дэмжлэг авчрахад түлхэц болсон юм. Энэ бол миний чармайлтын үр дүн юм.
Хятадын Засгийн Газартай харилцахад бэрхшээлтэй байдаг мөн хятадын сэхээтнүүд болон олон нийттэй өргөн хүрээний холбоо тогтоож чадахгүй байгаа хэдий ч бидний баримталж буй байр суурь тэдний дэмжлэгийг авч, цаашид улам тэлнэ гэдэгт би итгэдэг. Тяньаньмэний үйл явдлын дараахан би Харвардын Их Сургуульд байх үедээ зарим хятад найзтайгаа уулзсан юм. Би тэдэнд өөрийн байр сууриа тайлбарлахад тэд “Хэрэв хятадын ард түмэн үүнийг мэдвэл тэд бүгдээрээ Далай ламын байр суурийг дэмжих болно” хэмээсэн юм.
4. Дээрхийн гэгээн XIV Далай лам, Далай ламын хойд дүрийг тодруулах ёсонд шинэчлэл хийх нь хэрхэн зөвшөөрөгдөх боломжтой вэ? Ийм шинэчлэл нь бурхны сургаалд харшлах уу?
Дээрхийн гэгээн XIV Далай лам: Юун түрүүнд асуулт тавьсан хүнд би Бурхан багшийн сургаал болох Кагьюр (Буддагийн айлдварууд), Тэнгюр (Буддын их багш нарын тайлбар) зэргийг бага ч атугай уншихыг зөвлөе. Хойд дүрийг тодруулах уламжлал нь Энэтхэг, Тайланд, Бирм, Хятад зэрэг олон буддын шашинт улсад үүсэж хөгжөөгүй ч гэгээрсэн хувь хүний хойд дүрийг тодруулах тогтолцоо байдаг бөгөөд тухайн хүнийг тулку эсвэл лам хэмээн тодруулдаггүй юм.
Төвөдөд хамгийн анхны хойд дүрийг тодруулсан үйл явдал нь өнгөрсөн амьдралаа тодхон санадаг жаахан хүүхдийг баримтаар баталгаажуулсны дараа болсон хэрэг юм. Үүний дараагаар энэ ёс аажимдаа нийгэм дэх анги давхаргын хэлбэрт шилжсэн. Тиймээс би олон нийтэд тулку, лам хоёрын хооронд ямар ялгаа байдгийг тодорхой хэлж ирсэн. Лам гэдэг нь өөрийн бие даасан сурлага, бясалгалын үр дүнд хүрсэн хүнийг хэлнэ. Харин тулку нь өмнөх ламын нэрийн дор сургууль боловсрол, боловсролын шалгуур хангаагүй атал нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг нэгэн юм шүү дээ. Зарим тулку нар ламын шалгуурыг хангаагүйгээс гадна тэдний нэр хүндийг нь гутаах тохиолдол ч бий. Тиймээс би 40 гаруй жилийн өмнөөс эхлэн тулкуг тодруулах үйл явцыг журамлах систем хэрэгтэйг сануулж ирсэн юм. Учир нь мэргэжлийн бус олон тулкуг тодруулах нь ерөөсөө ч сайн зүйл биш.
Би хойд дүрийн ёсонд сонирхолтой байдаг нь Бурхан багшийн сургаалд зүтгэж буй хэлбэр гэж үздэг. Далай ламын хойд дүрийн тухайд Далай ламын шашин, төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан 400 жилийн уламжлал нь 2001 онд цагаач төвөдүүд ардчилсан сонгуулиар улс төрийн удирдагчаа сонгосноор төгсгөл болсон бмлээ. Би аль 1969 онд албан ёсны мэдэгдэлдээ “Далай ламын институцийг цаашид хадгалах эсэхийг төвөдийн ард түмэн шийдэх ёстой” гэж мэдэгдсэн. Ирээдүйд Далай ламын хойд дүрийг тодруулах эсэх хэрэв хэрэгтэй гэж үзвэл заавал өнгөрсөн жишгийг дагах албагүй бөгөөд тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргаж болно. Энэ нь Бурхан багшийн сургаалд харшлахгүй, харин ч нийцэж байгаа. Би лам нарын ялангуяа Далай ламын хойд дүрийн талаар тайлбар өгөхөд Төвөд дэх зарим иргэд, хятад найзууд минь үүнийг шашны уламжлалтай нийцэж байна уу гэж гайхдаг юм.
5. Хятадад одоо танд хорссон, дайсагнасан хүмүүс олон байна. Та тэдэнд юу хэлэх вэ?
Дээрхийн гэгээн XIV Далай лам: Нэгэн үе намайг “чөтгөр” гэж нэрлэж байлаа. Зарим үед “Далай ламыг чөтгөр гэж нэрлэж байгаад та юу гэж боддог вэ?” гэж надаас асуухад би ихэд баяр хөөртэйгөөр “Тийм ээ. Би чөтгөр. Би толгой дээрээ эвэртэй шүү дээ” гэж хариулдаг байсан юм.
Энэ бол тун ойлгомжтой зүйл. Учир нь хятадын ард иргэд нэг талыг барьсан, гуйвуулсан мэдээлэлд л их хандалттай байдаг. Жишээлбэл, олимпын бамбарын буухианы үеэр би хариуцсан хүмүүст нь онцгойлон дамжуулж хэлж байсан юм. Олимпын наадам бол 1,3 тэрбум хятад хүний бахархалтай холбоотой. Иймд бид хэзээ ч саад учруулж болохгүй. Хятад улсад олимпын эрхийг олгохоос ч өмнө би АНУ-ын нийслэл Вашингтон хотод айлчилж байхдаа зарим сэтгүүлчдийн асуултад “Хятад улс бол хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг баялаг соёл, түүхтэй улс тул олимпын наадмыг зохион байгуулах бүрэн эрхтэй” хэмээн хэлж байсан. Энэ бол баримт юм.
Гэвч үүний дараа Хятадын Засгийн Газар биднийг олимпын наадамд саад учруулж буй мэтээр ухуулга хийсэн юм. Ийм ухуулгаас болж хятадын ард түмэн бүхнийг бүрнээ ойлгож чадахгүй учир бид тэднийг буруутгаж болохгүй юм.
Харин нөгөө талаас дэлхий даяар намайг хүндэтгэдэг олон хүн бий. Тиймээс би Хятадын ахан дүүстээ “Та бүхэн авсан мэдээллээ нарийн судалж, гүн гүнзгий шинжлэн үзээрэй” хэмээн уриалъя. Би Хятадын оюутнуудтай уулзахдаа “Та бүхэн чөлөөт оронд амьдарч байгаа бол хоёр нүдээ, хоёр чихээ бүрэн ашиглаарай” хэмээн хэлдэг юм.
6. БНХУ-ын Төв Засгийн Газар Далай ламын хойд дүрийг тодруулж, өргөмжлөх үйл явцад оролцож байсан. Тэгвэл Дээрхийн гэгээн XIV Далай лам та Тайвань дахь БНХУ-ыг хүлээн зөвшөөрдөг үү? Мөн Тайванийн Засгийн Газар дахин хойд дүр тодруулах үйл явцад нөлөө үзүүлэх үү?
Дээрхийн гэгээн XIV Далай лам: Энэ бол өмнө дурдсан Нгабогийн түүхтэй төстэй юм. Би Тайваньд байхдаа “Нэг Хятад” гэх уриалгыг дэмждэг байв. Гэсэн ч эцэст нь Хятад болон Тайванийн ард иргэд л нэгдэх эсэхээ шийдэх ёстой.
Хамгийн чухал нь Тайванийн ардчилал, хүчирхэг эдийн засаг, боловсролын өндөр түвшин бөгөөд эдгээрийг сайн хамгаалах явдал юм. Би үүнийг үргэлж хэлдэг.
Ван Лисюн: Бид өнөөдөр бараг л Далай ламтай “уулзлаа”. Таны хэлснээр бид бие биеэ үнэрлэж л чадсангүй. ХХI зуунд цахим орчныг ашиглан Дээрхийн гэгээнтэй ийнхүү харилцах боломж олдсон нь бидний хувьд маш чухал ач холбогдолтой. Ийм уулзалт Хятад, Төвөдийн харилцаанд үр дүнтэй, харилцан ойлголцлыг нэмэгдүүлдэг гэж үзвэл бид цаашид ч хятадын олон эрдэмтэн, холбогдох хүмүүс оролцоно хэмээн найдаж байна. Таши дэлэг.
Дээрхийн гэгээн XIV Далай лам: Маш сайн. Хэрвээ та бүхэн л боломжтой бол би үргэлж бэлэн байна. Орчин үеийн технологийг ашиглан хятадын найзуудынхаа эргэлзээг тайлахын төлөө би чин сэтгэлээсээ оролцоход бэлэн байна. Би үргэлж хэлдэг, “Хань, Зангийн таатай харилцаа” (Хятад, Төвөдийн найрсаг харилцаа) гэж...
Хэрвээ бид ийм уулзалтыг дахин дахин хийж чадвал жинхэнэ итгэлцэл, ойлголцлыг бий болгоход тус дөхөм болох юм. Хоорондоо хол зогсоод, итгэлцэл бий болгож чадахгүй. Харин бидний асуудлыг ил тод хэлэлцвэл бие биедээ итгэх итгэл нэмэгдэнэ. Итгэлцэл буй бол найрсаг харилцаа үүснэ. Найрсаг харилцаа буй бол ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Нүүр царайг минь тодхон харж байна уу? Саарал хөмсөг минь харагдаж байна уу? Дараа уулзъя. Таши дэлэг. Баярлалаа.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун