Польш улс, Вроцлав хот. 2008 оны 12 дугаар сарын 10. Дээрхийн гэгээн XIV Далай лам Польшийн баруун өмнөд хэсэгт орших Вроцлав хотын хүндэт иргэн болжээ.
Хотын зөвлөлийн тусгай хуралдааны үеэр зөвлөлийн дарга Барбара Здроевска Дээрхийн гэгээнийг эрх чөлөө, энх тайван, хүлцэн тэвчих үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хосгүй үлгэр дуурайл үзүүлж буй эрхэм хэмээн онцолсон байна. Дээрхийн гэгээн үг айлдахдаа польшийн ард түмэн өөрт нь найрсгаар хандаж, эрх чөлөөт Төвөдийн төлөөх үйл хэргийг дэмжиж ирсэн тухай дурджээ. Үүнээс өмнө буюу 12 дугаар сарын 9-ний өдөр Дээрхийн гэгээн 6000 орчим залуу оролцсон уулзалтад хүлцэн тэвчихийн ач холбогдлын талаар айлдвар айлдсан байна. Мөн еврейн сүмд зочилж, Кармелитын шашны бүлгийн гэлэнмаа нартай хийдэд нь уулзан ярилцаж, Вроцлав хотын даргатай уулзжээ.
Зураг. Вроцлав хотын зөвлөлийн дарга Дээрхийн гэгээн Далай ламд Вроцлав хүндэт иргэний үнэмлэхийг өргөн барьж буй нь... Түүний ард хотын дарга Рафал Дуткевич харагдана.
Польшийн нийслэл Варшав хот нь Дээрхийн гэгээний энэ удаагийн айлчлалын сүүлчийн зогсоол юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Краков, Гданьск хотуудад мөн зочилжээ. Гданьск хотод Польшийн ардчиллын төлөө тэмцэгч Лех Валенса Нобелийн энх тайвны шагнал хүртсэний 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцсон билээ. Үүний зэрэгцээ Төвөдийг дэмжигч “Other Space” сан Варшав хотын нэгэн тойрог уулзварыг “Эрх чөлөөт Төвөд” хэмээн нэрлэх тухай хотын зөвлөлийн хэсэг төлөөлөгчийн санаачилгыг дэмжихийг Варшавын хотын зөвлөлд уриалжээ. Тус сан хотын зөвлөлийн даргад илгээсэн захидалдаа, энэ оны эхээр Варшавын хотын зөвлөл Хятадын эрх баригчдын Төвөдөд явуулж буй хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагааг эрс эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байсныг сануулсан байна.
Хятадын тал хотын зөвлөлийн гишүүдийн энэхүү саналыг эсэргүүцэж, Польшийн Засгийн газарт захидал илгээжээ.










