Бельги улс, Брюссель хот. 2008 оны 12 дугаар сарын 3. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам 12 дугаар сарын 3-ны өдөр Европын орнуудыг Хятадад хэт буулт хийхгүй байхыг уриаллаа. Тэрбээр Бээжинтэй илэн далангүй харилцаж, найз нөхрийн ёсоор хандах нь хүний эрхийг хамгаалахад илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Дээрхийн гэгээн энэ долоо хоногт Европт айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр Францын ерөнхийлөгч Николя Саркозитой уулзахаар төлөвлөсөн байна. Уг уулзалтыг эсэргүүцсэн Хятад улс Францын Лион хотод 12 дугаар сарын 1-ний өдөр эртнээс төлөвлөсөн Европын Холбоо, Хятадын дээд хэмжээний уулзалтыг цуцалжээ. Гэсэн ч Нобелийн Энх тайвны шагналт Дээрхийн гэгээн Европын Холбоог үүнд хэт түгших хэрэггүй хэмээн уриалсан байна. Тухайн үед 27 гишүүн оронтой байсан Европын Холбоо дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буйг даван туулах олон улсын хүчин чармайлтад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж үзэж байв.
Өдгөө 73 настай Дээрхийн гэгээн “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө “Амны зарим шарх аяндаа эдгэдэг гэсэн төвөд зүйр үг бий” хэмээн айлджээ. Тэрбээр цааш нь “Хятадын тал эхэндээ хатуу хариу үйлдэл үзүүлсэн ч яваандаа байдал намжиж болно. Миний айлчлалын тухайд ч эхэндээ сүрдүүлсэн шинжтэй зүйл байсан боловч эцэст нь түүнийг дагасан дорвитой үйлдэл бараг гараагүй” хэмээн тайлбарласан байна.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам болон Бельгийн ерөнхий сайд Ив Летерм нар... Зургийг AFP.
Хятадын цэрэг 1950 оноос хяналтдаа авсан уулархаг бүс нутаг болох Төвөдөд Хятадын засаглалыг эсэргүүцсэн бослого бүтэлгүйтсэний дараа Далай лам 1959 онд эх нутгаасаа дүрвэн гарсан юм. Тэрбээр Төвөдийн ард түмэн ирээдүйгээ өөрсдөө шийдэх эрхтэй гэсэн байр суурь баримталдаг бөгөөд үүнийх нь төлөө Хятадын эрх баригчид түүнийг “салан тусгаарлагч” хэмээн буруутгадаг. Үүнээс өмнө Хятадын тал Францын ерөнхийлөгч Николя Саркозид Далай ламтай уулзвал Европын Холбоо Бээжинтэй харилцах харилцаандаа олон жилийн хүчин чармайлтаар олж авсан ахиц дэвшлээ алдаж болзошгүйг анхааруулжээ. Тухайн үед Франц улс Европын Холбоог ээлжлэн даргалж байв.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улстай харилцах харилцаа чухал гэдгийг Дээрхийн гэгээн хүлээн зөвшөөрсөн ч зарчимч, тууштай хандах нь Хятадын өөрийнх нь эрх ашигт нийцнэ гэж айлдсан байна. Тэрбээр “Жинхэнэ нөхөрлөл хэдий чинээ бат бөх байна, төдий чинээ илэн далангүй байх учиртай гэсэн төвөд зүйр үг бий. Энэ бол чухал зүйл” хэмээжээ. Мөн “Дэлхийн II дайны өмнөхөн Чемберлений хэт буулт хийх бодлого үр дүнд хүрээгүй” хэмээн айлдсан байна. Ингэхдээ 1930-аад онд Их Британийн ерөнхий сайд байсан Невилл Чемберлен нацист Германы удирдагч Адольф Гитлертэй тохиролцоонд хүрэхийг оролдсон түүхэн үйл явдлыг дурджээ.
Европын Холбоо, Хятадын харилцаанд худалдааны маргаан хүндрэл учруулж байсан тул Лионд хийхээр төлөвлөсөн дээд хэмжээний уулзалт болсон ч дорвитой үр дүнд хүрэх эсэхэд шинжээчид эргэлзэж байв. Хоёр талын харилцааг улам хүндрүүлж болзошгүй өөр нэг үйл явдал болжээ. Европын Холбооны худалдааны хороо Хятадаас импортолдог эрэг, боолтод 87 хүртэлх хувийн импортын татвар ногдуулах саналыг дэмжсэн тухай тус холбооны дипломатчид мэдээлсэн байна.
Дээрхийн гэгээн Хятадын эрх баригчдыг Төвөдөд “соёлын геноцид” үйлдэж байна хэмээн дахин буруутгажээ. Мөн Европын орнууд болон бусад тал Бээжинтэй харилцахдаа хүний эрх, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх шаардлагыг байнга тавьж байхыг уриалсан байна. Тэрбээр “Хятад улс дэлхийн хамтын нийгэмлэгийн сайн гишүүн болохын тулд эдгээр эрхийг хүндэтгэх ёстой. Заримдаа тоталитар үзэлтэй эрх баригчид өөрсдийн алдаа дутагдлыг анзаардаггүй. Тиймээс найз нөхрийн хувьд юу нь буруу байгааг илэн далангүй хэлж өгөх нь маш чухал” хэмээн айлджээ. Мөн Төвөдийн асуудлыг шийдвэрлэхээр баримталж буй “Төв үзэл”-ийн бодлого нь БНХАУ-ын дарга Ху Жиньтаогийн дэвшүүлсэн эв зохицолтой нийгэм байгуулах, тогтвортой байдал, эв нэгдлийг хангах зорилготой бүрэн нийцдэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Дээрхийн гэгээн “Бидний баримталж буй “Төв үзэл”-ийн бодлого нь тогтвортой байдал, эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийг дэмжиж, эцсийн дүндээ эв зохицолтой нийгэм байгуулахад тусална гэдэгт би үргэлж итгэдэг. Тиймээс энэ бодлогыг дэмжиж буй хэн боловч, тэр дундаа Европын Холбоо ч Хятадын Засгийн газарт шууд бусаар тусалж байгаа хэрэг” хэмээн айлджээ.
30 гаруй минут үргэлжилсэн ярилцлагын үеэр Дээрхийн гэгээн Хятадтай эвлэрэлд хүрэх хүсэлтэй байгаагаа олонтаа онцолсон юм. Гэвч ярилцлагын үеэр хаана суухаа ярилцахдаа зочид буудлын өрөөнд байсан хятад хийцийн халхавчийг арын дэвсгэр болгон ашиглахыг хүссэнгүй. Тэрбээр “Хятад шүү дээ. Бидэнд жаахан асуудал бий” хэмээн хошигножээ.










