Польш улс, Краков хот. 2008 оны 12 дугаар сарын 8. Төвөдийн шашин, улс төрийн тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр Краков хотын Ягеллоны Их Сургуулийн хүндэт доктор цол хүртжээ. Цол гардуулах ёслол тус сургуулийн “Коллегиум Новум” барилгын гол танхимд, их сургуулийн Сенатын ёслолын хуралдааны үеэр болж, эрдэмтэн судлаачид болон бусад хүндэт зочид оролцсон байна.
Ягеллоны Их Сургуулийн Философийн хүрээлэнгийн профессор Беата Шиманьска-Александрович Дээрхийн гэгээнийг уг хүндэт цолд нэр дэвшүүлжээ. Их сургуулийн Сенат 2007 оны 10 дугаар сард Дээрхийн гэгээнд хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн байна. Тэрбээр нийгэм, олон нийтийн амьдралд ёс зүйн өндөр зарчим баримталж, соёл хоорондын болон шашин хоорондын яриа хэлэлцээг дэмжин, төвөд ард түмний эрх, эрх чөлөөний төлөө хүчирхийлэл үл хэрэглэх замаар тэмцэж ирснийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ.
Профессор Беата Шиманьска-Александрович цол гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Энэхүү хүндэт доктор цол нь бүхий л амьдралаа үнэн, эрхэм дээд үзэл санааны дагуу амьдрахад зориулсан нэгэн эрхмийг үнэлэн хүндэтгэж буй хэрэг төдий биш юм. Мөн ёс суртахууны өндөр зарчмыг баримтлан, сайн сайхан, үнэнийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж ирсэн ч нэр нь олонд танигдаагүй бүх хүнд үзүүлж буй хүндэтгэлийн илэрхийлэл билээ” хэмээн онцолжээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Ягеллоны Их Сургуулийн хүндэт докторын цол хүртэж буй нь.... Ёслолын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Дээрхийн гэгээн Бээжингийн олимпын наадмаас хойш Төвөдийн нөхцөл байдал “огт сайжраагүй” хэмээн айлджээ. Зургийг AP.
Профессорын хэлснээр, Ягеллоны Их Сургууль өмнө нь Ромын пап II Иоанн Павел, Калькуттын Тереза эх зэрэг нэрт эрхмүүдэд хүндэт доктор цол олгож ирсэн уламжлалтай бөгөөд Дээрхийн гэгээн ийнхүү тэдний эгнээнд нэгдэж байгаа ажээ.
Дээрхийн гэгээн хүндэт цолоо хүлээн авахдаа польшийн ард түмэн түүний сэтгэлд онцгой байр суурь эзэлдгийг айлдсан байна. Тэрбээр Лех Валенса болон “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний тухай анх сонссон цагаасаа Польш улсыг сонирхож ирснээ танхимд цугласан хүмүүст хуваалцжээ. “Польшчууд түүхийнхээ туршид олон хүнд хэцүү үеийг даван туулсан ч польш үндэстний сэтгэлийн хат, зориг тэвчээр мохоогүй” хэмээн Дээрхийн гэгээн айлдсан байна.
Далай ламын Польшид хийж буй айлчлал, Францын ерөнхийлөгч Николя Саркозитой уулзсан явдал нь хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, Франц, Хятадын харилцаанд хурцадмал байдал үүсгээд байна. Гэсэн ч Дээрхийн гэгээн Польшид хийж буй айлчлал нь улс төрийн шинжгүй болохыг онцолжээ. Тэрбээр “Гэхдээ миний Польшид хийж буй айлчлал улс төрийн шинжгүй гэдгийг санаарай. Брюссельд хийсэн айлчлал маань улс төрийн шинжтэй байсан. Харин бусад айлчлал маань тийм биш” хэмээн тайлбарласан байна. Дээрхийн гэгээн айлчлалаа улс төрийн бус байлгахыг зорьж байгаа ч Хятадын тал Францын Лион хотод зохион байгуулахаар төлөвлөсөн Хятад, Европын Холбооны дээд хэмжээний уулзалтыг цуцалжээ. Тэрбээр цааш нь 1980-аад онд Польшид өрнөсөн “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн зэрэг хүчирхийлэл үл хэрэглэх тэмцлийн амжилтыг өндрөөр үнэлсэн байна. Мөн иргэдийн санаачилга, оролцоонд тулгуурласан энхийн хөдөлгөөн болон гэр бүлийн үнэт зүйлсийн ач холбогдлыг онцолж, хүүхдийг хүч хэрэглэхгүйгээр, хайр энэрлээр сурган хүмүүжүүлэх нь чухал болохыг айлджээ.










