Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесотагийн их сургуульд шашны бус ёс зүйг түгээв 2011 он 5 дугаар сар 9

Түгээх

АНУ-ын Миннесота муж, Миннеаполис хот – 2011 оны 5 дугаар сарын 8-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам “Дотоод амар амгалангаар энх тайванд хүрэх нь” сэдвээр олон нийтийн илтгэл тавьж, мөн Mанал бурханы авшгийг хүртээлээ. Эдгээр хоёр арга хэмжээ нь “Нэг зүрх, нэг сэтгэл, нэг орчлон” сэдэвт Миннеаполис дахь айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Миннесотагийн их сургуулийн Сүсэг бишрэл ба Анагаар Төв (Center for Spirituality & Healing ) болон Миннесотагийн Tөвөд-Америкийн Сан (Tibetan American Foundation of Minnesota) нар хамтран зохион байгуулжээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннеаполис хот дахь Миннесотагийн Их Сургуулийн Мариуччи Аренад болсон “Хувь хүний болон нийгмийн эдгэрлийг дэмжих төвөд соёл, сүсэг бишрэлийн ёслол”-ыг удирдан явуулж буй агшин. АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 8. Гэрэл зургийг: AP

Mанал бурханы авшгийг иннесотагийн Tөвөд-Америкийн Сан (Tibetan American Foundation of Minnesota) зохион байгуулж, арга хэмжээ Мариуччи Аренад болов. Ойролцоогоор 6000 хүн оролцсон энэ арга хэмжээний үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам буддын шашны үүднээс төвөд анагаах ухааны талаар тайлбарлав. “Хувь хүний болон нийгмийн эдгэрлийг дэмжих төвөд соёл, сүсэг бишрэлийн ёслол” хэмээх нэртэй энэ арга хэмжээг эхлүүлэн өнөөгийн нийгэм дэх өөр өөр шашны үүргийн талаар ярьжээ. Тэрээр бүх шашны зорилгын ижил төстэй байдлыг онцлон, тэдгээр нь бүгд ялгаваргүй энэрэх сэтгэлийг хөгжүүлэх нэгэн адил боломжтой хэмээн хэлсэн байна. Мөн төвөд буддистуудын бусад шашинтай хийсэн харилцаа, хамтын ажиллагааны талаар дурссан юм.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесотагийн их сургуульд болсон Mанал бурханы авшгийн үеэр үг хэлж буй агшин. АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 8. Гэрэл зургийг: AP

Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ үеэр буддын шашны талаарх ерөнхий ойлголт өгч, түүний философийг судалж, хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Тэрээр дэлхий дахины бүх асуудлын уг шалтгааныг хэт өөр дээрээ төвтэй байх байдалтай холбон тайлбарлав. Гүн сүсэг бишрэлтэйгээр бясалгал хийдэг буддын шашинтай хүн дараах “анхаарал төвлөрлийн дөрвөн суурь”-д бясалгах хэрэгтэйг зөвлөсөн байна. Үүнд: биеийн анхаарал санамсарт төвлөрөл, мэдрэмжийн анхаарал санамсарт төвлөрөл, сэтгэлийн анхаарал санамсарт төвлөрөл хийгээд дарма буюу номын анхаарал санамсарт төвлөрөл багтдаг.

Mанал бурханы авшгийг хүртээхдээ төвөд буддын уламжлал ёсоор Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрөө энэ авшгийг багш нар болох Тактра ринбүүчи болон Трижанг ринбүүчи нараас авснаа сонордуулжээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам “адис” хэмээх зүйлийн мөн чанар агаад түүнд хандах хандлагын талаар тайлбарлав. Тэрээр төвөд хэлээр адисыг “жинлав” гэдэг бөгөөд энэ нь үгчилбэл “гэгээ буюу сүр жавхаагаар хувирган авчрах” гэсэн хоёр үгнээс бүтдэг гэж хэллээ. Энэ нь буруу, ариун бус зүйлийг гэгээний хүчээр цэвэр ариун болгон хувиргах гэсэн утгатай ажээ.

Эцэст нь тэрээр зөвхөн залбирал унших нь хангалтгүйг сануулж, энх тайван нь залбиралаар бус харин үйлдлээр бий болдгийг онцлон тэмдэглэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам, АНУ-ын Конгрессын гишүүн Кит Эллисон нар Миннесотагийн их сургуульд болох олон нийтийн ярианы өмнө товчхон ярилцаж буй агшин. АНУ, Mиннесота муж, Mиннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 8. Гэрэл зургийг: OHHDL

Үдээс хойших олон нийтийн ярианы өмнө Дээрхийн гэгээн XIV Далай лам ивээн тэтгэгчдэд зориулсан үдийн зоогийн үеэр товч үг хэлэв. Үдийн зоогт ирэгсдийн дунд Конгрессын гишүүн Кит Эллисон байв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам нутгийн иргэд төвөдийн олон нийтэд үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв. Тэрээр Төвөдийн олон нийт жижиг боловч олон жилийн турш өөрийн амьжиргаагаа залгуулахаас гадна төвөдийн асуудлаар тодорхой зүйл хийж чадсан хэмээн хэлэв.

Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам төвөдөийн буддын шашны мөн чанар болон орчин үеийн шинжлэх ухаантай холбон хийж буй чухал яриа хэлэлцээний талаар товч тайлбарлав. Энэтхэг дэх Төвөдийн хийдүүдэд шинжлэх ухааны хичээл оруулж эхэлснийг дурдав. Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ Төвөдийн буддын шашин бол бие даасан сүсэгтэнд хамаарах зүйл боловч төвөдийн соёл нь нийгэмд зориулагдсан болохыг онцоллоо. Мөн Төвөдийн анагаах ухааныг үүнд багтаан энэ нь цогц буюу бүхэллэг эмчилгээний арга гэдгийг тэмдэглэв. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесотагийн Их Сургууль Төвөдийн уламжлалт анагаах ухааны судалгаанд оролцож байгаад талархал илэрхийлэв.

Үдээс хойших арга хэмжээ мөн газар дээрээ эхэлж, Миннесотагийн их сургуулийн Сүсэг бишрэл ба Эдгэрэлтийн төвийн захирал хатагтай Мэри Жо Кайцер, Миннесотагийн Төвөд-Америкийн Сангийн ерөнхийлөгч доктор Цэвээн Нгодуп нар нээлтийн үг хэлэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесотагийн их сургуулиас Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэргийг гардан авч буй агшин. АНУ, Mиннесота муж, Mиннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 8. Гэрэл зургийг: AP

Дараа нь Их сургуулийн ерөнхийлөгч Роберт Х. Бруининкс хүндэтгэлийн үг хэлэхдээ Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалтай зэрэгцэн төвөдийг танилцуулах үзэсгэлэн, бага хурал зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буйг дурдав. Дээрхийн гэгээн XIV Далай ламд Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэргийг олгож буйгаа зарласны дараа ерөнхийлөгч Бруининкс болон Их сургуулийн захирлуудын зөвлөлийн төлөөлөгч хүндэт өргөмжлөлийг гардууллаа. Эл өргөмжлөлийн тодорхойлолтод: "Хүмүүнлэгийн ухааны доктор (Doctor of Humane Letters). Дээрхийн гэгээн XIV Далай лам. Такцэр, Амдод төрсөн; 1950 оноос өнөөг хүртэл төвөд болон цагаачлал дахь түүний засгийн газрын шашин, төрийн тэргүүн; 1959 онд Лхасын Жокан хийдэд гэвш лхарамбын зэрэг хүртсэн; 1963 онд төвөдийн ардчилсан үндсэн хуулийн төслийг боловсруулсан; 1987 онд төвөдийн Таван цэгт энхийн төлөвлөгөөг дэвшүүлсэн; 1987 оноос өнөөг хүртэл Оюун ухаан ба Амьдрал Институц (Mind and Life Institute)-ээр дамжуулан шинжлэх ухааны судалгааны дэмжигч; 1989 онд Нобелийн энхийн шагнал хүртсэн; 1992, 2001 онд төлөөллийн засгийн газартай болох шууд ардчилсан сонгуулийг санаачлагч; 72 гаруй номын зохиогч, түүний дотор “Аз жаргалтай Амьдрахуйн Урлаг” (The Art of Happiness) Нью-Йорк Таймсын бестселлер; 2007 онд АНУ-ын Конгрессын Алтан медаль хүртсэн; 2009 онд төвөдийн ард түмний сайн сайхны төлөө, тэдний соёл, өвийг хамгаалах зорилготой Далай ламын сан (Dalai Lama Trust)-ы үндэслэгч —

“Учир нь та тайван төлөв, энэрэнгүй зүрх сэтгэл, мэдлэгийн тэмүүллээрээ энгийн нэгэн буддын ламын замнал дэлхий нийтийн ойлголцол, эрхэм зорилгод хүрч болдгийг үлгэрлэн харуулсан; таны сургаал нь аз жаргал, эрх чөлөөний хүслийн уг сурвалж, бидний гарагт үзүүлэх нөлөөлөл зэрэг нийтлэг зүйлсийг илчилсэн; энх тайван гэдэг нь зөвхөн дайн дуусах үед бус, харин хүний анхан шатны хэрэгцээ хангагдаж, үндсэн эрх нь хүндлэгдэж байж бий болдгийг бидэнд сануулсан; таны оюун санааны талаархи шинжлэх ухааны судалгааг хөхүүлэн дэмжих хандлага нь эрүүл мэнд, сайн сайхан байдлын харилцан шүтэлцээг гийгүүлсэн — ингэснээр Миннесотагийн их сургуулийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг зөвхөн судалгаа, эмнэлгийн шинэчлэлээр төдийгүй олон соёлын итгэл үнэмшил, эмчилгээний арга барил хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг хэрхэн сайжруулж болохыг ухаарахад тус дөхөм болж байна.

Миннесотагийн их сургуулийн Захирлуудын зөвлөл, эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Дээрхийн гэгээн XIV Далай лам, Дэнзин Гьяцод Хүмүүнлэгийн ухааны хүндэт докторын зэрэг (honoris causa)-ийг олгов.

“2011 оны 5 дугаар сарын 8-нд батламжилсан."

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесотагийн их сургуульд тавьсан олон нийтийн илтгэлийн үеэр. АНУ, Mиннесота муж, Mиннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 8. Гэрэл зургийг: Таши Хонгцоцанг

Дээрхийн гэгээн XIV Далай лам дараа нь олон нийтэд хандан илтгэлээ тавив. Юуны өмнө тэрээр өөрөө суралцах шаардлагагүйгээр олгосон хүндэт өргөмжлөлийнхөө төлөө их сургуульд талархал илэрхийлэв. Тэрээр энэ арав гаруй жилийн дараах хоёр дахь айлчлал дээр хүмүүс түүнд жинхэнэ сайхан сэтгэл гаргаж байгааг хэлэв. Дээрхийн гэгээн XIV Далай лам яагаад энэ хэрэгцээ байгаа тухай өөрийнх нь бодлыг тайлбарлан, их сургууль зэрэг боловсролын байгууллагууд хөтөлбөртөө секуляр ёс суртахууны үнэт зүйлсийг оруулахын чухлыг ярив. Тэрээр үндсэндээ бүх хүн адилхан, аз жаргалтай амьдрал хүсдэг хэмээн хэлэв. Орчин үеийн боловсролын систем мянга гаруй жилийн өмнө Европт сууриа тавьжээ. Тэр үед сүм дотоод тайвныг дэмжих үүргийг өөртөө авсан байв. Он цагийн явцад сүмийн нөлөө буурч, гэр бүлийн үнэт зүйлс ч бас буурсан. Иймээс одоо боловсролын байгууллагууд дотоод үнэт зүйлсийн талаар хүмүүст заахад оролцох хэрэгтэй болсон байна.

Тэрээр хорьдугаар зууныг хүний түүхэн дэх хамгийн чухал зуун гэж тодорхойлов. Энэ зуунд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлүүд гарсан. Үүний зэрэгцээ маш их цус урсгасан, цөмийн бөмбөг хэрэглэсэн болон түүний дараах үр дагавар гарсан. Иймээс гайхамшигтай хөгжил дэвшил нь илүү их айдас дагуулсан. Иймд энэрэх, дулаан сэтгэл төрүүлэх, дотоод үнэт зүйлсийг бэхжүүлэх, итгэлцэл ба нөхөрлөлийг бий болгох үзэл санааг дэмжих хэрэгцээ бий болсон хэмээн хэлэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам дотоод үнэт зүйлсийг хөгжүүлэх гурван үндсэн шалтгааныг тайлбарлав. Үүнд: нийтлэг туршлага, нийтлэг ухаан, шинжлэх ухааны нотолгоо. Тэрээр хүүхэд төрөхөд эхийн хайр халамж нь хожим ихээхэн нөлөөтэй байдгийг хэлэв. Энд Дээрхийн гэгээн XIV Далай лам ээжийнхээ сайхан сэтгэлийг дурсаж, дулаан сэтгэлийг түүнээс сурсан хэмээн хэлэв. Тэрээр багадаа ээжээсээ хамгийн их хайр халамж авсан хүмүүс насанд хүрээд илүү тогтуун сэтгэлтэй байдаг бол хайр халамж дутуу, бүр хүчирхийлэл амссан хүмүүс насанд хүрэхэд сөрөг хандлагатай байдаг гэж хэлэв.

Зураг. Миннесота мужийн Миннеаполис хот дахь Миннесота их сургуулийн хотхоны Мариучи Аренад Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлдвар болон олон нийтийн илтгэлийг зохион байгуулсан. АНУ, Mиннесота муж, Mиннеаплис хот. 2011 оны 5 дугаар сарын 8. Гэрэл зургийг: Дэнзин Валиг

Дээрхийн гэгээн XIV Далай лам хэт өөрт төвлөрсөн хандлага, нарийн хүрээтэй үзэл бодол нь зөвхөн дотоод тайвныг хөгжүүлэх боломжийг олгохгүйгээс гадна бие махбодод ч хор учруулж болзошгүй гэж хэлэв. Тэрээр нэгэн бага хурлын үеэр нэгэн эрдэмтний хийсэн илтгэлийг дурсан ярив. Уг эрдэмтэн “Би”, “Намайг”, “Миний” гэх мэт үгсийг их хэрэглэх хандлагатай хүмүүс зүрхний шигдээс авах магадлал өндөр байдгийг илрүүлсэн тухай хэлсэн байжээ. Дээрхийн гэгээн Далай лам уг эрдэмтэн шалтгааныг тайлбарлаагүй ч энэ нь өөрт төвлөрсөн сэтгэлгээтэй холбоотой гэж өөрөө үздэгээ хэлэв.

Иймээс Дээрхийн гэгээн XIV Далай лам энэрэх сэтгэл нь зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй эерэг нийгэмд ч чухал хүчин зүйл болохыг тодотгов. Тэрээр эдгээр үнэт зүйлсийг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгаа хийх төсөл хэрэгтэй хэмээн санал болголоо.

Дээрхийн гэгээн XIV Далай лам суурь хүний үнэт зүйлсийг дэмжих гурван замыг тодорхойлов. Үүнд: теист, теист бус, болон секуляр буюу шашны бус ёс зүй хэмээв.

Теист хандлагын хувьд бүтээгч бурханд итгэх, бурханд бүрэн захирагдах нь хувь хүнд хүний үнэт зүйлсийг төлөвшүүлэхийг дэмждэг. Тэрээр Иерусалимд болсон нэгэн үйл явдлыг дурсав. Нэгэн еврей багш палестин болон еврей сурагчдаас бүрдсэн ангийнхаа хүүхдүүдэд өөрсдийн өрсөлдөгчийг бурханы дүрээр харахыг хүссэн байна. Үүний дараа палестин сурагчид израилийн шалган нэвтрүүлэх цэгийг гарахдаа мэдэрдэг байсан тавгүй мэдрэмж нь арилсан гэж түүнд хэлжээ. Мөн Дээрхийн гэгээн XIV Далай лам ислам шашинт найзууд нь бүх амьтанд хайр энэрлээ түгээх ёстой хэмээн хэлдгийг дурдав. Тэрээр энэ бүгдийг логиктой гэж үздэгээ хэлэв.

Теист бус шашин шүтдэг хүмүүст бол үйлийн үрийн хуульд итгэх нь — таны үйлдэл үр дүнг тодорхойлдог — маш их тус болдог гэж Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэв. “Хэрэв чи сайн үйл хийвэл сайн үр дүнд хүрнэ” гэх итгэл нь хүмүүст эерэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд урам өгдөг гэжээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесота их сургуульд тавьсан олон нийтийн илтгэлийн үеэр үзэгчдийн асуултад хариулж буй нь. АНУ, Mиннесота муж, Mиннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 8. Гэрэл зургийг: Таши Хонгцоцанг

Дээрхийн гэгээн XIV Далай лам эдгээр шашны хандлагыг ашиглах ёстой бол “аль шашныг сонгох вэ?” гэх мэт шинэ асуултууд гарч ирдэг гэж хэлэв. Тиймээс шашныг хөндөхгүйгээр хэрэгжүүлэх гурав дахь хандлага хэрэгтэй гэж үздэгээ илэрхийлэв. Тэрээр үүнийг секуляр ёс зүй гэж нэрлэв. Секуляр гэдгийг Энэтхэгт хэрэглэдэг утгаар нь өөрөөр хэлбэл шашныг үгүйсгэх бус бүх шашинд тэгш хүндэтгэл үзүүлэх утгаар хэрэглэж буйгаа тайлбарлав.

Дээрхийн гэгээн XIV Далай лам эртний Египет, Хятад, Инд мөрний хөндийн соёл иргэншлүүдийн дундаас Энэтхэгийн бүс нутагт янз бүрийн сэтгэхүйн сургуулиуд хөгжсөн тухай өгүүлэв. Бурханыг үгүйсгэсэн нигилизмыг сурталчилдаг нэгэн сургуулийг дурдаад, түүний сурталчлагчид Энэтхэгт өнөөг хүртэл хүндлэгдэн “Риш” буюу мэргэд хэмээн нэрлэгддэгийг хэлэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам үгийнхээ төгсгөлд Миннесота их сургуулийн сүсэг бишрэлийн чанарын судалгааг хөтөлбөртөө оруулахын төлөө хийж буй хүчин чармайлтыг үнэлэв. Түүний айлчлал нь их сургуулийн Сүсэг бишрэл ба Эдгэрлийн төвд Tөвөд Эмчилгээний Санаачилга (Tibetan Healing Initiative)-ын албан ёсны нээлттэй давхцаж буй юм. Шинэ санаачилгад төвөдийн эмчилгээний аргыг уламжлалт эрүүл мэндийн практиктай хослуулах үр ашгийн судалгаа мөн бүс нутгийн эмнэлэг, эмнэлгийн нөхцөлд төвөдийн уламжлалыг нэвтрүүлэх ажлууд багтах юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам одоогоор Висконсин-Мэдисоны их сургууль, Стэнфордын их сургууль, Эмори их сургууль зэрэг нь сүсэг бишрэл ба шинжлэх ухааны нөлөөллийг судалсан хөтөлбөртэй байгааг дурдав. Тэрээр хошигнон “нэг хэдэн жилийн дараа буцаж ирээд Миннесота их сургуулийн хөтөлбөр хэрхэн хөгжсөнийг үзнэ” гэж хэлэв.

Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам үзэгчдийн зарим асуултад хариулав. Эхний асуулт нь Хятадын нэгэн эрдэмтнийг хорьсон тухайд ямар сэтгэгдэлтэй байгаа талаар байв. Дээрхийн гэгээн Далай лам харамсалтай нь хатуу зарчимт сэтгэлгээний улмаас Хятад хяналтаа чангатгаж байна хэмээн хэлэв. Үүний улмаас эрдэмтэн, сэхээтнүүд гэх улс орны үнэт баялаг нь хоригдох эсвэл гэрийн хорионд орох явдал гарч байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй нэг сэхээтнийг хорьсон ч шинэ нь гарч ирнэ гэж тэрээр нэмж хэлэв. Өөр нэг асуулт нь интернэтийн хөгжилд түүний байр суурь ямар байх тухай байв. Дээрхийн гэгээн Далай лам үүнийг гайхамшигтай хэрэг гэж үздэгээ илэрхийлээд учир нь энэ нь хүмүүс янз бүрийн эх сурвалжаас олон талын мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлдэг хэмээн хэлэв. Харин “дэлхий улам сайжирч байна уу, эсвэл дордож байна уу?” гэж асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам сайжирч байна гэж хариулаад 1996 онд Английн хожмын хатан эхтэй хийсэн яриагаа дурсан ярив. Тэр үед хатан эх 20-р зууны ихэнх хугацаанд амьдарсан учраас түүнээс тухайн зууны талаарх үзэл бодлыг нь асуужээ. Хатан эх эргэлзэлгүйгээр “дэлхий сайжирч байна” гэж хэлсэн бөгөөд учир нь 20-р зууны эхэнд хүний эрх, өөрөө засан тогтоох эрх зэрэг ойлголт байгаагүй бол зууны сүүл үед эдгээр нь олон нийтийн ухамсарт идэвхтэй орж ирсэн гэжээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам мөн өөрийнхөө туршлагаас дэлхий сайжирч байгаа гэдэгт итгэдэг шалтгаанаа хуваалцав. Тэрээр өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад одоо экологи, байгаль орчны ач холбогдлын талаарх ойлголт илүү өргөн дэлгэрсэн ногоон нам зэрэг улс төрийн намууд хүртэл гарч ирсэн агаад эрдэмтэд зөвхөн хэмжиж эсвэл тооцоолж болох зүйлд хязгаарлагдах бус хүний сэтгэлийг ч ноцтой судалж эхэлсэн. 1986 онд хамба лам Иоанн Павел II санаачилсан Ассизийн шашны дээд хэмжээний уулзалт зэрэг нь “нэг шашин, нэг үнэн”-ээс “олон шашин, олон үнэн” гэсэн хандлагад шилжих өөрчлөлт авчирсан, улс төрчид “өрөвдөх сэтгэл”-ийн талаар ярьдаг болсон агаад цөмийн зэвсгийг хориглох олон нийтийн уриалга гарч байгаа гэх мэт жишээг дурдав.

Дээрхийн гэгээн XIV Далай лам хүмүүс гаднаас нь өнгөц харж дүгнэх бус илүү гүнзгий бодох хэрэгтэй гэж хэлээд дотоод гоо сайхан нь гадаад гоо сайхнаас чухал болохыг онцлов.

Бямба гарагт Миннесота мужийн амбан захирагч Марк Дэйтон Дээрхийн гэгээн XIV Далай ламд бараалхжээ. Миннесота муж нь АНУ-д Нью-Йоркийн дараа төвөд гаралтай америкчуудын хоёр дахь томоохон төвлөрөлтэй нутаг юм.

Дээрхийн гэгээн XIV Далай ламын дараагийн айлчлал нь 2011 оны 5 дугаар сарын 9-нд Техас мужийн Даллас хотод байрлах Өмнөд Методист Их Сургуульд болох юм.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт