Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам төвөд олон нийтдээ хандан үг хэлж, хятад оюутан, эрдэмтэдтэй уулзав 2011 он 5 дугаар сар 8

Түгээх

АНУ, Миннесота муж, Миннеаполис хот — 2011 оны 5 дугаар сарын 7-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам гурван гол арга хэмжээнд оролцов. Өглөө нь тэрээр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, дараа нь төвөд олон нийтэд хандан үг хэлэв. Үдээс хойш тэрээр төвөдийн буддизмын өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд түүнд хэд хэдэн хятад оюутан, эрдэмтэд хүрэлцэн ирсэн байв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэл мэдээллийнхнийг угтан авч буй агшин. АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: AP

Дээрхийн гэгээн XIV Далай лам өглөө Миннеаполис хотод болсон хөтөлбөрөө хэвлэл мэдээллийнхэнтэй хагас цаг гаруй уулзсанаар эхлүүлэв. Тэрээр эхлээд хүний үнэт зүйлийг дэмжих, шашны эв нэгдлийг бэхжүүлэх, Төвөдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн өөрийн амьдралын үүрэг амлалтуудын талаар ярив. Хүн төрөлхтөн биологийн хувьд хүний энэрэх сэтгэлийг дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх замаар төлөвшүүлэх боломжтой хэмээн хэллээ. Хоёрдугаарт шашны эв нэгдлийн асуудлаар хүн төрөлхтний төрөлхийн зан араншингийн олон янзат байдлаас үүдэн олон төрлийн шашин байх шаардлагатай хэмээгээд тэдгээр нь нийтлэг зорилгын үүднээс нэгдэн нийлэх боломжтойг онцлов. Эдгээр хоёр зүйл нь Дээрхийн гэгээний насан туршийн үүрэг амлалт гэлээ.

Төвөдийн шударга тэмцлийн асуудлаар энэ оны гуравдугаар сард тэрээр Далай ламын институци улс төрийн эрх мэдлийг хүлээн авснаас хойш 400 гаруй жилийн уламжлалыг зогсоох шийдвэрээ ил тод мэдэгдсэн тухайгаа дурсав. Мөн бусдад шашныг улс төрөөс тусгаарлахыг зөвлөж байгаа атлаа өөрөө шашны болон улс төрийн эрх мэдлийг давхар хүлээж буй нь бага зэрэг хоёр нүүртэй хэрэг мэт санагдсан хэмээн тайлбарлав. Төвөдийн цагаач олон нийт нь ардчиллын үйл явцад төлөвшсөн бөгөөд улс төрийн хариуцлагыг ард түмний дундаас сонгогдсон төвөд удирдлагад шилжүүлэх цаг нь болсон гэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хүний үнэт зүйл, шашны эв нэгдлийн асуудлаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйлд чухал үүрэгтэйг онцлов. Хэвлэл мэдээлэл нь урт хошуутай заан шиг зүг бүрд нягт нарийн шалгалт хийдэг байх ёстой гэсэн үзэл бодлоо дахин самбаачлав.

Дараа нь Дээрхийн гэгээн XIV Далай лам сэтгүүлчдийн асуултад хариулав.

Эхний асуулт нь Дээрхийн гэгээн өөр шашны уламжлалуудтай хэрхэн холбогдож харилцдаг буюу ялангуяа еврей олон нийттэй харилцах харилцаанаасаа авсан сургамжийн талаар байв. Дээрхийн гэгээн еврей ард түмнийг зуун зууны турш хийгээд тэр дундаа зарим тохиолдолд бүр таагүй нөхцөлд байдалд ч тэр өөрсдийн ард түмний ижилсэл, соёлоо хадгалж ирсэн хэмээн хэлээд еврей уламжлал нь тогтолцооноос илүүтэйгээр гэр бүлд тулгуурладаг бол төвөдийн хувьд тогтолцооноос илүү хамааралтай байдгийг тэмдэглэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэлийн уулзалт эхлэхийн өмнө нэгэн бяцхан сурагчтай мэндчилж буй агшин. АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: AP

Сургууль дээрээ мэдээ бэлтгэх даалгавар авч, залуу үеийнхэнд зориулсан зөвлөгөөг Дээрхийн гэгээн XIV Далай ламаас хүссэн 11 настай сурагчийн асуултад Дээрхийн гэгээн маш дэлгэрэнгүй хариулав. Дээрхийн гэгээн хүүг XXI зууны нэг хэсэг бол өөрөө XX зууны хүн хэмээн хэлээд XX зуун бол цус урсгасан зуун байсан тул XXI зууныг цус урсгалгүй зуун болгох шаардлагатайг онцлов. Мэдээж асуудлууд гарах боловч тэдгээрийг хэлэлцээ, эвлэрлээр шийдвэрлэх бодит аргуудыг олох ёстой хэмээв. Тэрээр дотоод хуяг дуулгаа авч дэвтээн хөгжүүлснээр үр дүнд нь гадаад хуяг дуулгаа авч тайлахад хүргэхийг санал болгосон бөгөөд энэ нь эхлээд цөмийн зэвсгийг устгах, дараа нь дэлхий дахинд цэргийн институцгүй хорвоог бий болгох замаар хэрэгжинэ хэмээн хэлэв.

Хүүгийн насны талаар ярьж байхдаа түүний тууштай занг биширч буйгаа илэрхийлээд өөрөө тэр насандаа суралцахад жинхэнээсээ чих сонирхол тавьдаггүй байснаа дурсаж, үүндээ харамсдгаа хэлэв.

Өөр нэг сэтгүүлч Бин Ладеныг устгасны дараах дэлхий дахин дах терроризмын талаарх Дээрхийн гэгээн XIV Далай ламын бодлыг асуулаа.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийгөө энэтхэгийн Ахимса буюу хүч үл хэрэглэх үзлийн уламжлалыг түгээгч элч хэмээн үздгээ хэлэв. Иймээс тэр үргэлж хүч үл хэрэглэхийн чухлыг онцолж, асуудлыг шийдэх цорын ганц арга нь яриа хэлэлцээ хэмээн нэмж хэллээ. Тэрээр хэдий зорилго нь зөв, урам зориг нь сайн байлаа ч хэрэглэж буй арга хэрэгсэл нь хүчирхийлэл бол урьдчилан таамаглахын аргагүй үр дагавар гарч болзошгүй хэмээн тайлбарлав. Учир нь хүчирхийллийн мөн чанар нь маш амархан хяналтаас гарах эрсдэлтэй байдагтай холбоотой гэв. Тиймээс практик түвшинд ч, ёс суртахууны түвшинд ч хүчирхийлэл бол буруу арга гэж хэллээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлэхдээ санаагаа онцолж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: Дэнзин Валийг

Тэрээр терроризм бол хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр хэмээгээд 9 дүгээр сарын 11-ний эмгэнэлт явдалд 3000 гаруй хүн газар дээрээ амиа алдсан нь үнэхээр харамсалтай хэрэг гэж тэмдэглэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам 2001 оны 9 дүгээр сарын 12-нд тус эмгэнэлт явдлаас ердөө нэг хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушид хандан эмгэнэл, харамслаа илэрхийлсэн захидал илгээсэн бөгөөд тэр захидалдаа хариу арга хэмжээ нь хүч үл хэрэглэх замаар хандана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Үүнээс хойш олон удаа хэрэв энэ асуудлыг буруу зохицуулбал нэг л Бин Ладентай байсан байдал 5-10 жилийн дараа 10 Бин Ладентай, цаашлаад 100 Бин Ладентай болох аюултай хэмээн хэлж байснаа тайлбарлав. Учир нь нэгэнт хүний дотор үзэн ядалт, өшөө хорсол үүсэх юм бол түүнийг арилгах маш хэцүү болдог хэмээн тайлбарлав.

Тэрээр мөн Бин Ладеныг хөнөөсний дараа Америкт зарим хүмүүс уг мэдээгээр баяр болгон тэмдэглэсэн тухай сонссон тухайгаа хэлэв. Энэ нь хэдий ойлгож болох үйлдэл ч хэд хоногийн өмнө яг ижилхэн асуултад хариулахдаа “нэг талаараа асуудал үүсгэгч хүн таны дайсан мэт боловч нөгөө талаасаа таны хамгийн сайн багш” хэмээн хэлснээ ахиж хэлэв. Иймээс баярлахын оронд залбирах нь зүйтэй гэж хэллээ.

(Дээрхийн гэгээн XIV Далай лам мөн ерөнхийлөгч Бушийг мэддэг бөгөөд хүн талаасаа гайхалтай нэгэн хэмээн хэллээ. “Би хүнтэй уулзах бүрийдээ эхлээд хүний түвшинд нь хардаг” хэмээн хэлэв. Мөн тэрээр ирэх долоо хоногт ерөнхийлөгч Буштэй уулзахаар төлөвлөж байгаагаа дурдав.)

Аль ч тохиолдолд цаазын ялын талаар Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэхдээ өөрийн залуу насанд буюу ойролцоогоор 1945–46 онд Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа болсон Нюрнбергийн шүүх хурлын үеэр зарим герман удирдагчдыг дүүжилсэн явдалд маш их харамссан тухайгаа дурсав. Тэд буруу зүйл хийсэн байж болох ч тодорхой өнцгөөс харвал тэднийг амьд үлдээн өнгөрсөн алдаагаа ухаарах боломж олгосон нь дээр арга хэмжээ байсан болов уу хэмээн тэр хэллээ. Өнөөдрийн хатуу сэтгэлтэй хүн хайр энэрлийн хүчээр энэрэнгүй хүн болж өөрчлөгдөх боломж ч бий гэж хэлээд тэрээр цаазын ялыг устгах үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, Амнести Интернэшнлийн энэ чиглэлийн кампанит ажилд гарын үсэг зурсан тухайгаа хэлэв.

Саддам Хусейнд цаазын ял оноосон үед нь тэрээр харамслаа илэрхийлсэн тухайгаа дурдав. Саддам бол ялагдсан хүн төдийгүй аль хэдийн хоригдол болсон байсан бөгөөд зургуудаас нь харахад нас ахиж, сэтгэлийн гал цоггүй хүн болсон байжээ. Бин Ладены хувьд ч тэр бараг л аль хэдийН ялагдсан байсан гэж хэлэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам цаазын ялд өргөн хүрээтэй өнцгөөс хандах шаардлагатайг хэлэв. Учир нь үүнээс урган гарах үр дагавар нь ч өргөн хүрээтэй байж болзошгүйг онцлов.

Мөн тэрээр их сургуулиа төгсөх дөхсөн оюутнуудын хариуцлагын талаар хөндөж, өөртөө итгэлтэй байх, ёс суртахууны зарчмуудаа баримтлах агаад өөдрөг байх хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн нас баралтын асуудлыг шашин шүтдэг хүний өнцгөөс авч үзэв.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Mиннесота мужийн Сэнт Пол хот дах Гэгээн Tомасын их сургуулийн уулзалтынхаа өмнөхөн төвөд олон нийттэй уулзан мэндэлж буй агшин. Миннесота мужийн Миннеаполис хотод хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлэхдээ санаагаа онцолж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: AP

Хэвлэлийн уулзалтын дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам Сэнт Пол хот дахь Гэгээн Томасын их сургуульд морилж, Миннесота болон хөрш мужуудаас хүрэлцэн ирсэн 2000 гаруй төвөдүүдтэй уулзав. Тэрээр танхимд орж ирэхэд нь уламжлалт төвөд бүжгээр угтан авлаа.

Төвөдийн төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Цэвээн Нгодуп өөрийн холбооны үйл ажиллагааны тайланг Дээрхийн гэгээн XIV Далай ламд өргөн барьж, товч байдлаар олон нийтэд уншиж танилцуулан хүргэлээ. Тэрээр Миннесотагийн Төвөд-Америкийн сангийн Миннесота их сургууль, Төвөдийн Анагаах ухаан ба Зурхайн хүрээлэн, Төвөдийн Урлагийн Хүрээлэн, TigerLion Arts зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэв.

Дараа нь төвөдийн нийгэмлэгийн гишүүд хоёр соёлын тоглолтоор өргөн барьсан бөгөөд тэдгээрийн нэгийг Дээрхийн гэгээн XIV Далай ламд зориулан шинээр туурвижээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Миннесота мужийн Сэнт Пол хот дахь Сэнт Томасын их сургуульд төвөдийн олон нийтэд хандан үг хэлж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: Даши Хонгцоцан

Өгүүлэлдээ Дээрхийн гэгээн цугласан төвөд хүмүүст хандан цагаач төвөдүүдийн зорилго нь Төвөдийн асуудлаар ямар нэгэн зүйл хийх явдал гэдгийг сануулав. Тэрээр тэдэнд өөрийн үндэсний ижилсэл, ялгаатай байдлаараа бахархахыг уриалаад төвөдийн нийгэмлэг үе солигдож байгаа ч угийн онцлог, ялгаатай байдлын мэдрэмж хүчтэй хэвээр байгааг сайшаан магтав.

Тэрээр Төвөдөд байгаа төвөд хүмүүс үнэн сэтгэлээ илэрхийлж чадахгүй байгаа тул боломжтой байгаа цагаач төвөдүүд тэднийг төлөөлөн ажиллах ёстойг онцлов. Мөн Төвөд дэх төвөд хүмүүс шашин, соёлоо хамгаалах үүднээс амь насаа дэнчин тавьж байгаа тул цагаач төвөдүүд тэдгээрийг хамгаалж, хөгжүүлэхэд илүү их хариуцлагатайгаар хандах ёстой хэмээв. Зөвхөн төвөд хэлээр уншиж, бичиж чаддаг байх нь хангалтгүй бөгөөд өв соёлоо илүү гүнзгий ойлгох хэрэгтэйг хэлэв. Дээрхийн гэгээн XIV Далай лам Ганжуур, Данжуур зэрэг буддын судруудыг зөвхөн тахилын ширээн дээр байрлуулаад зогсохгүй, сургалтын гарын авлага болгон судлах хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Зураг. Миннесота мужийн Сэнт Пол хот дахь Сэнт Томасын их сургуульд төвөдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн гэгээн XIV Далай ламд зориулан тоглолт хийж буй агшин. АНУ, Mиннесота муж, Сэнт Пол хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: AP

Дээрхийн гэгээн XIV Далай лам цагаач төвөдийн засаг захиргааны чухлыг онцлоод, Миннесотагийн төвөдүүд сүүлийн үед болсон төвөдийн сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцсоныг сайшаав. Тэрээр улс төрийн эрх мэдлээ сонгуулиар сонгогдсон төвөд удирдлагад шилжүүлэх шийдвэртээ хүрэхэд нөлөөлсөн үйл явц хийгээд хөгжлийн талаар тайлбарлав.

Мөн тэрээр Рочестер хот дахь Мэйо клиникт жил тутмын эмнэлгийн үзлэгээ хийлгэснээ, эмч нар эрүүл мэндийн байдал сайн байна хэмээн хэлснийг сонсогчдод дуулгав. Цугларсан олны алга ташилтын дунд Дээрхийн гэгээн XIV Далай лам эмч нар өмнөх үзлэгээс илүү сайн эрүүл мэндийн байдалтай байна гэж хэлсэн тухайгаа хуваалцав.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн “Tөв үзлийн” хандлагын шалтгааны талаар мөн ярьж, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч байгааг онцлов. Мөн Хятад өөрчлөгдөх ёстой гэж хэлэв.

Төвөдийн нийгэмлэгтэй уулзсны дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам “Өнөө үеийн буддизмын байдал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохоор зочид буудалдаа буцан ирэв. Хэлэлцүүлэгт Миннесота их сургуулийн доктор Энн Уолтнер “Сүүлчийн эзэнт гүрний үеийн Хятадын буддизм” сэдвээр, зохиолч Ли Жианглин “Хятадад буддизмын сэргэлт ба түүний нөлөө”, докторын зэрэг горилогч Жен Ван “Хятадын буддизмын өнөөгийн байдал: Хувийн өнцөг”, Карлтон коллежийн доктор Рожер Жэксон “Даяаршил ба буддизмын ирээдүй”, Миннесота их сургуулийн доктор Марк Умбрейт “Уучлал, энхийг цогцлоох ба эвлэрэл: буддын өнцгөөс”, Миннесота их сургуулийн доктор Кристин Марран “Буддизм ба байгаль орчны хамгаалал” сэдвээр тус тус илтгэл тавив.

Хэлэлцүүлэгт оролцсон 200 орчим хүний ихэнх нь хятад оюутан, эрдэмтэд байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Хятадад төвөдийн буддизмд сонирхох хандлага нэмэгдэж байгаа, залуу үеийнхэн буддизмд идэвхтэй хандаж буй, нэгэн оролцогчийн хувийн сэтгэгдлээр төвөдийн буддын сүм хийдүүд илүү амьтай мэт санагддаг бол хятадын буддын сүм хийдүүд амин сүнсгүй мэт мэдрэгддэг тухай хийгээд бас нэгэн оролцогчийн хувьд буддын сургааль түүний ажил амьдралд томоохон өөрчлөлт авчирсан тухай тус тус хэлэлцэв. Буддизмын ирээдүйн тухайд багш-сурагчийн харилцаа, сахилын амьдралын бууралт зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ч хөндлөө.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам болон хэлэлцүүлэгт оролцогчид Миннесота мужийн Миннеаполис хотод болсон “Өнөө үеийн буддизмын байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр. АНУ, Mиннесота муж, Миннеаполис хот. 2011 оны 5 дугаар сарын 7. Гэрэл зургийг: Сангай Тайти

Өгүүлэлдээ Дээрхийн гэгээн XIV Далай лам хүний үнэт зүйлийн түүхэн хөгжлийн талаар ярьж эхлэв. Тэрээр бүх асуудлын шийдлийг шашнаас хамааран эрэлхийлдэг байснаас хүмүүс шинжлэх ухаан, технологийн хөгжилд шийдэл хайх хандлагад шилжсэн тухай дурдав. Дараа нь шинжлэх ухаан ба сүсэг бишрэлийн үзлийг ялгаатай хэмээн үздэг байсан ойлголтоос шинжлэх ухаанчид буддын шинжлэх ухаанд идэвхтэй сонирхох болсон өөрчлөлтийн талаар ярив. Шинжлэх ухаанчид буддын харилцан хамаарлын онолыг квантын физиктэй маш төстэй хэмээн үздэг болохыг хэллээ. Тэрээр буддын шинжлэх ухаанд тавих шинжлэх ухаанчдын сонирхол цаашид ч өснө хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Бурханы “ямар ч сургаал, түүний дотор өөрийнхийг нь хүртэл хүлээн авахын өмнө нягт нямбай судал” гэсэн захиас нь Хятадыг оролцуулан бүх нийгэмд үргэлжид ач холбогдолтой хэвээр байх болно хэмээн хэлэв.

Асуулт хариултын үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам Франц, Америкийн ерөнхийлөгч зэрэг улс төрчидтэй уулзахдаа улс төрийн манлайллын талаар юу сурсан бэ хэмээн асуухад тэрээр өөрийгөө улс төрийн сургалтгүй энгийн нэгэн буддын лам хэмээн хэлэв. Харин өөрийн сурсан зүйл бол үнэнч, шударга, ил тод байх нь чухал бөгөөд хэт их хоёр нүүр гаргах нь хүмүүсийн итгэлийг үгүй хийдэг хэмээх сургамж гэлээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам 1970-аад оны эхээр Хятадын удирдагч Жоу Энлайн найз, Британийн зохиолч Феликс Гринтэй хийсэн яриагаа дурсав. Тэрээр Төвөдийн талаар Хятадын албан ёсны үзэл баримтлалд нийцсэн байр суурьтай байсан ч, удаан хугацааны хэлэлцүүлгийн эцэст нэг талт буюу ганц эх сурвалжит мэдээлэл авдаг байснаа ойлгосныхоо дараа хандлагаа өөрчилсөн байна.

Дээрхийн гэгээн өөрийгөө марксист гэж үздэг ч ленинист биш хэмээв. Энэтхэг, Шри Ланкад ч мөн марксист үзэлтэй олон буддистууд байдаг тухай дурдав.

Тэрээр Мао Зэдун эхний жилүүдэд үнэхээр хувьсгалч байсан боловч 1950-иад онд тэр цэвэр байдал нь алдагдсан гэж хэлэв. Мөн 1930-аад онд олон төвөдүүд коммунист намд ихээхэн урам зоригтойгоор элссэн ч 1950-иад оны дунд үеэс Хятадын бодит байдалтай тулгараад уг урам зориг нь буурсан гэв.

2008 онд Төвөдөд болсон хүчирхийлэл, үймээний талаар ямар байр суурьтай байгааг асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Лхасад болсон жагсаалын талаар ажилтнаасаа мэдсэн тухайгаа ярив. Дараагийн хэд хоногт жагсаалууд болсон боловч Хятадын Засгийн газар зөвхөн 3 дугаар сарын 14-нд гарсан хүчирхийллийн талаар ярьдаг хэмээв. Тэр өдөр орон нутгийн хүмүүст танигдаагүй олон шинэ хүн оролцсон байж магадгүй гэсэн мэдээлэл гарсныг дурдсан бөгөөд иймээс бүрэн дүүрэн, төвийг сахисан мөрдөн шалгах шаардлагатайг онцлов.

Өөр нэг асуултад хариулахдаа 1978 оноос эхлэн 2002 онд дахин холбоо тогтоох хүртэлх Бээжингийн Хятадын удирдлагатай харилцааны хөгжил, өнөөг хүртэл болсон есөн удаагийн хэлэлцээний талаар ярив. Өнгөрсөн туршлагаас харахад бүх зүйл хувь хүн удирдагчдаас ихээхэн шалтгаалдаг гэж хэлээд Ху Яобан маш нээлттэй хүн байсан бөгөөд хэрэв тэр амьд байсан бол Төвөдийн асуудал шийдэгдсэн байх байсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Дээрхийн гэгээн XIV Далай лам орчин үеийн Хятадын үеийг ерөнхийд нь дөрвөн үед хуваадаг тухай хэлэв. Мао Зэдуны үед үзэл сурталд ач холбогдол өгсөн; Дэн Сяопиний үед мөнгө олоход ач холбогдол өгсөн; Жян Зэминий үед нам ажилчин ангиас гадна дунд анги болон бусдыг төлөөлдөг болсон; Ху Жинтаогийн үед “эв зохицсон нийгэм” уриа болсон хэмээлээ.

Тэрээр эдгээр дөрвөн үеийн өөрчлөлт нь Коммунист нам ижил хэвээр байгаа ч шинэ нөхцөл байдалд шинэ сэтгэлгээ бий болгож чаддагийн жишээ гэж үзэж байгаагаа хэлэв. Мөн Коммунист нам үүнийг хэрэгжүүлэх чадамжтай гэж үзэж байна хэмээв. Дээрхийн гэгээн XIV Далай лам ирэх жил бүрдэх Хятадын шинэ удирдлагын талаар яриад Ши Жиньпиний эцгийг маш сайн мэддэгээ хэлэв.

Асуултууд бүгд хятад оролцогчдоос ирсэн байв. Эцэст нь Дээрхийн гэгээн XIV Далай лам хэлэлцүүлэгт олон хятад оюутан, эрдэмтэд хүрэлцэн ирснийг талархан дурсаад эх орноо битгий мартаарай, сайн суралцаж байхыг уриалав.

2011 оны 5 дугаар сарын 8-ны өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам эмнэлгийн Бурханы авшиг олгож, үдээс хойш “Дотоод амар амгалангаар энх тайванд хүрэх нь” сэдвээр олон нийтэд илтгэл тавина.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт