Польш улс, Варшав хот. 2008 оны 12 дугаар сарын 11. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам 12 дугаар сарын 11-ний өдөр Польшийн парламентын гишүүдэд хандан үг айлдахдаа Хятадыг дэлхийн ардчиллын үйл явцад татан оролцуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Дээрхийн гэгээн парламентын Гадаад харилцааны хорооны гишүүдэд “Эрх чөлөөт ертөнц Хятадыг дэлхийн ардчилсан улс орнуудын эгнээнд татан оруулах ёс суртахууны үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ бол нэн чухал, зайлшгүй шаардлагатай зүйл” хэмээн айлдсан байна. Тэрбээр “Хятадын Засгийн газарт итгэх итгэл минь улам бүр суларч, улам бүр багасаж байна. Харин Хятадын ард түмэнд итгэх итгэл минь огтхон ч ганхаагүй” хэмээгээд, Хятадын тухайн үеийн дарга Ху Жиньтаогийн удирдлага дор тус улс “улам нээлттэй болно” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн “Олон улсын хамтын нийгэмлэг Хятадыг тусгаарлаж болохгүй. Харин тус улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн эгнээнд татан оролцуулах ёстой” хэмээн айлджээ.
Польшийн парламентад албан ёсоор зочлох үеэрээ Дээрхийн гэгээн Хятадын бүрэлдэхүүнд амьдарч буй төвөдүүдийн иргэний эрхийг хамгаалах үйл хэргийг идэвхтэй дэмжихийг Польш болон Европын Холбооны бусад гишүүн улсын парламентад мөн уриалсан байна. Тэрбээр “Бидний Хятадын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээ урагшлахгүй, саад бэрхшээлтэй тулгарч байгаа учраас та бүхний нөлөө, ятган үнэмшүүлэх хүчин чармайлт маш, маш чухал байна” хэмээн айлджээ.
Үүнээс нэг өдрийн өмнө Польшийн ерөнхийлөгч Лех Качиньски Далай ламтай Варшав хотод уулзсан юм. Уг уулзалтын дараа буюу пүрэв гарагт хятадын тал хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө учирч болзошгүйг Польшид анхааруулжээ. Үүнтэй төстэй дипломат маргаан Францын ерөнхийлөгч Николя Саркози Польшийн хойд хэсэгт орших Гданьск хотод Далай ламтай уулзсаны дараа Бээжин, Парисын хооронд мөн дэгдсэн байна. Гэвч Бээжингийн ээлжит эсэргүүцэлд Дээрхийн гэгээн төдийлөн түүртсэн шинжгүй байв. Тэрбээр сэтгүүлчдэд “Одоо энэ нь бүр хэвийн үзэгдэл болжээ. Намайг хаана ч очсон Хятадын талаас нэг онцгой адис хүртдэг юм” хэмээн хошигножээ.
Дээрхийн гэгээн Польшийн Сенатын дарга Богдан Борусевич болон тус улсын ардчиллын төлөөх “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний нэрт удирдагч, Ерөнхийлөгч асан Лех Валенса нарын урилгаар Польшид найман өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлал нь баасан гарагт өндөрлөх юм. Далай ламын нэгэн адил Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Лех Валенса уг шагналыг хүртсэнийхээ 25 жилийн ойд зориулсан амралтын өдрүүдийн арга хэмжээнд оролцуулахаар Дээрхийн гэгээнийг Балтын тэнгисийн эрэг дэх Польшийн боомт хот Гданьскт урьсан байна.
Польшийн коммунист дэглэмийн эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болсон Валенса “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг удирдаж байсныхаа төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм.
Хятадын эрх баригчид 1989 оны Нобелийн Энх тайвны шагналт Далай ламыг Төвөдийг бүрэн тусгаар тогтнуулахыг зорьдог хэмээн буруутгадаг. Харин Дээрхийн гэгээн энэ буруутгалыг “огт үндэслэлгүй” хэмээн няцааж, Төвөдөд Хятадын бүрэлдэхүүн дэх өөртөө засах эрхийг хангахыг л зорьж байгаагаа илэрхийлсэн билээ.
Өдгөө 73 настай Дээрхийн гэгээн 1959 онд Хятадын засаглалыг эсэргүүцсэн бослого бүтэлгүйтсэний дараа эх орноосоо дүрвэн гарч, тэр цагаас хойш Энэтхэгт амьдарч байна. Хятадын цэрэг 1950 онд Хималайн бүс нутаг дахь Төвөдөд халдан орж, дараа жилээс нь буюу 1951 оноос Хятад улс тус нутгийг захирч ирсэн хэмээн эх мэдээнд дурджээ.










