Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот - Төвөдийн удирдагч Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр Төвөдийн уламжлалт анагаах ухааны чанарыг сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдлээ. 75 настай төвөд удирдагч тэрбээр 1961 оны 3 дугаар сарын 23-нд цагаачлалд байхдаа байгуулсан Төвөдийн Анагаах Ухаан, Зурхайн Институтын 50 жилийн ойн үеэр ийнхүү үг хэлжээ.
Далай лам Төвөдийн анагаах ухааны тэргүүлэх байгууллагын өнөөг хүртэлх амжилтыг магтсан ч энэхүү эртний эмчилгээний уламжлалт тогтолцооны хүрээнд илүү том зорилтуудыг биелүүлэхийн тулд үргэлжлүүлэн шаргуу ажиллах учиртайг сануулав. “Одоогийн амжилтдаа сэтгэл ханах хандлага нь цаашдын хөгжил дэвшилд хамгийн том саад болж байна. Бурхны шашны үүднээс авч үзвэл “Би ихийг бүтээчихлээ” гэсэн бодол хийгээд түүндээ сэтгэл ханах байдал нь цааш ахих замыг хаадаг билээ” хэмээн Далай лам айлдав.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөдийн Уламжлалт Анагаах Ухаан, Зурхайн Институтийн 50 жилийн ойн арга хэмжээний үеэр төвөдийн анагаах ухааныг дүрсэлсэн уламжлалт уран зураг болох танкаг үзэн сонирхож буй нь... Энэтхэг, Дарамсала хот. 2011 оны 3 дугаар сарын 22. Гэрэл зургийг Дэнзин Чойжор.
Дээрхийн гэгээн XIV Далай лам төвөд эмч нарыг өөрсдийн мэдлэг туршлагаа бусад анагаах ухааны эмч, судлаачидтай хуваалцах ёстойг онцоллоо.
Мөн энэхүү үйл ажиллагаанд Химачал Прадеш мужийн Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн сайд Доктор Раджив Биндал, Төвөдийн Засгийн Газрын тэргүүн Калон Трипа профессор Самдан ринбүүчи, Төвөдийн парламентын дарга Пэнпа Цэрэн, Төвөдийн Засгийн Газрын сайд нар оролцсон юм.
Доктор Биндал хэлэхдээ, “Хималайн бүс нутгийн ард түмэн төвөдүүдтэй нийтлэг зүйл олонтой. Иймээс бид хамтран ажиллаж, төвөдийн ургамлын эмчилгээний тогтолцоог хадгалж, хөгжүүлэх хэрэгтэй” гэжээ.
Тус институтын олон салбаруудаас Энэтхэг, Балбад ажиллаж буй төвөд эмч нар болон уг институтын хэд хэдэн төгсөгчид 50 жилийн ойг тэмдэглэхээр энд хүрэлцэн иржээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөдийн Уламжлалт Анагаах Ухаан, Зурхайн Институтийн 50 жилийн ойн арга хэмжээний үеэр үг хэлж буй нь. Энэтхэг, Дарамсала хот. 2011 оны 3 дугаар сарын 22. Гэрэл зургийг Дэнзин Чойжор.
Төвөдийн удирдагч бээр төвөдийн уламжлалт анагаах ухаан, зурхайн энэхүү байгууллага нь анх Чопра Хаус дахь нэг өрөө байрнаас эхэлсэн түүхтэй бөгөөд Энэтхэг, Балбад 55 салбартай анхдагч институт болтлоо хөгжсөн 50 жилийн түүхийг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэнг албан ёсоор нээв.
Үзэсгэлэнд төвөдийн уламжлалт анагаах ухааны уламжлалыг илтгэсэн танка зургууд, эмийн ургамал, зурхайн үзүүлэн, өвчтөнүүдийн гэрчлэл тэргүүтнийг дэлгэжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун