Чех улс, Прага хот. 2008 оны 12 дугаар сарын 1. Дээрхийн гэгээн XIV Далай лам 11 дүгээр сарын 29-ний өглөө Германы Франкфурт хотоос хувийн нисэх онгоцоор Чехийн нийслэл Прага хотод морилон иржээ. Тэрбээр Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Хавел болон “Форум 2000” сангийн урилгаар 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 1 хүртэл тус улсад айлчилж байна.
Дээрхийн гэгээнийг нисэх буудалд Энэтхэгийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга болон “Форум 2000” сангийн гүйцэтгэх захирал Олда Черны нар угтан авчээ. Харин зочид буудалд хүрэлцэн ирэхэд нь Чехэд амьдардаг төвөдүүд угтан авсан байна.
Дээрхийн гэгээн Чехийн телевизэд ярилцлага өгөхдөө тус улстай, ялангуяа ерөнхийлөгч асан Вацлав Хавелтай олон жилийн турш харилцаж ирсэн тухайгаа ярьжээ. Мөн Хятадтай хийж буй хэлэлцээний өнөөгийн байдлын талаар айлдсан байна. Энэ нь Дээрхийн гэгээний Чех улсад хийж буй 7 дахь айлчлал юм.
Дээрхийн гэгээн 11 дүгээр сарын 30-нд Чехийн ерөнхий сайд Мирек Тополанектай түүний албан ёсны өргөөнд уулзжээ. Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр Дээрхийн гэгээн Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан байна. Ерөнхий сайд Тополанек Дээрхийн гэгээнийг Чех улсад тавтай морилохыг хүсэж, Төвөдийн асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн өдрийн үдээс хойш, уг уулзалтаас өмнө Дээрхийн гэгээн 3000 орчим хүнд “Энэрэнгүй сэтгэл - аз жаргалын үндэс” сэдвээр айлдвар айлдсан байна. Тэрбээр бусдыг энэрч, нээлттэй сэтгэлээр хандах нь дотоод амар амгаланд хүрэх чухал зам болохыг айлджээ. Мөн бусдын сэтгэлийг ойлгож, энэрэн нигүүлсэх нь уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг онцолсон байна.
Бээжингийн олимпоос медаль хүртсэн Италийн туялзуур сэлэмчин Маргерита Гранбасси тэмцээний үеэр хэрэглэж байсан хамгаалалтын багаа Дээрхийн гэгээнд өргөн барьжээ. Тэрбээр өмнө нь “Бээжинд намайг хамгаалсан энэ баг Далай ламд ард түмнээ хамгаалахад нь тус болоосой гэж хүсэж байна” хэмээн хэлсэн юм.
Дээрхийн гэгээний адисыг хүртэхээр Унгар, Австриас ирсэн төвөдүүдтэй тэрбээр мөн уулзжээ. Түүнчлэн Төвөдийг дэмжих бүлгүүдийн гишүүд Дээрхийн гэгээнд бараалхсан байна. Дээрхийн гэгээн тэдэнд Төвөдийн ард түмэн хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа тул тэдний тусламж, дэмжлэг хэрэгтэй байгааг айлджээ.
Зураг. Женев дэх Төвөдийн төлөөлөгчийн газар болон Phayul.com сайтын мэдээлэлд үндэслэв.
Зураг. “Форум 2000” сангийн гүйцэтгэх захирал Олда Черны (баруун талд) Прагад морилон ирсэн Дээрхийн гэгээн XIV Далай ламыг угтан авч буй нь...
Зураг. Энэтхэгийн элчин сайдын яамны төлөөлөгч (баруун талд) Далай ламыг угтан авч буй нь...
Зураг. Прага хотын нисэх буудлаас зочид буудал руу хөдөлсөн автомашины цуваа.
Зураг. Төвөдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн гэгээн XIV Далай ламыг угтан авч буй нь...










