Швед, Стокхольм хот. (Шведийн Төвөдийн Хороо) - Дээрхийн гэгээн XIV Далай лам Пүрэв гаргийн орой (4 дүгээр сарын 15) Шведэд хүрэлцэн ирж, Стокхольм, Лунд хотуудад гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ.
Зураг. Стокхольм хотноо болсон “Дээрхийн гэгээн XIV Далай ламтай уулзахуй” олон нийтийн арга хэмжээний үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам үг хэлж буй нь... Швед, Стокхольм хот. 2011 оны 4 дүгээр сарын 15. Гэрэл зургийг Лотта Гюлленстен. (Төвөдийн төлөөлөгчийн газар, Лондон)
Энэ өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Стокгольмийн Уотэрфронт Конгрессын төвд болсон “Далай ламтай уулзахуй” сэдэвт олон нийтэд зориулсан уулзалтад 3000 гаруй хүний өмнө үг хэлжээ. Уг арга хэмжээг Шведийн Хувь Хүний Тусламжийн Байгууллага (IM) зохион байгуулсан юм.
Түүний илтгэлийн дараа энэрэх сэтгэл, зохицол болоод аз жаргал тэргүүт ойлголтын талаар олон асуултыг асуусан бөгөөд сүүлд мэдэгдсэн улс төрийн албан тушаалаасаа огцрох шийдвэртэй нь холбоотой асуултуудыг ч мөн асууж байв. Дээрхийн гэгээн XIV Далай лам энэхүү улс төрийн эрх мэдлээ ардчилсан ёсоор сонгосон удирдлагад шилжүүлэх шийдвэрээ дахин бататгажээ. Хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би дөрвөн зуун жилийн турш хадгалагдсан уламжлалыг сайн дураараа, тун баяртай, бахархалтайгаар эцэслэж байна” хэмээжээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн хувийн эд зүйлсийг Шведийн Стокхольм хотын Нобелийн музейд хандивлав. Швед, Стокхольм хот. 2011 оны 4 дүгээр сарын 15. Гэрэл зургийг Дэнзин Такла. (Дээрхийн гэгээн XIV Далай ламын алба)
Дээрхийн гэгээн XIV Далай лам Хятадад нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг онцолж, Төвөдийн талаар хятадуудын ухамсар нэмэгдэж, өөрсдийнх нь засгийн газрын төвөдийн бодлогыг шүүмжлэх явдал ч мөн ихсэж байгаад итгэл найдвар төрж байгаагаа илэрхийлэв.
Өглөө эрт Дээрхийн гэгээн XIV Далай лам Нобелийн музейгээр зочлов. Уламжлал ёсоор Нобелийн шагналтан бүр музейн ресторанд байрлах өөрийн нэртэй сандал дээр гарын үсгээ зурдаг бөгөөд Дээлхийн гэгээн ч мөн өөрийн нэртэй сандал дээр гарын үсгээ зурав. Энэ сандлууд нь уг музейн “Нууц эрдэнэс”-ийн нэг юм. Мөн Дээрхийн XIV гэгээн Далай лам музейд өөрийн хувийн эд зүйл болох үзэг, нүдний шил, буддын судар зэргийг хандивлажээ.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Шведийн Стокхольм хотын Сёдертёрн Их Сургуульд зочилж, “Дэлхийн энх тайвныг хүн төрөлхтний хандлагаар...” сэдвээр тус сургуулийн оюутан, ажилтнуудад үг хэллээ. Швед, Стокхольм хот. 2011 оны 4 дүгээр сарын 15. Гэрэл зургийг Лотта Гилленстен / Төвөдийн төлөөлөгчийн Газар, Лондон.
Дээрхийн гэгээн XIV Далай лам өдрийн турш Сёдертёрн Их Сургуулийн хэдэн зуун оюутанд хандан ийнхүү илтгэсэн бөгөөд танхимд багтаж чадаагүй хүмүүст зориулан сургуулийн кампуст дэлгэцээр шууд дамжуулжээ. Дээрхийн гэгээн XIV Далай ламын илтгэлийн дараа Швед дэх Төвөдийн олон нийтийн төлөөлөгч Лама Лобсангийн удирдлага дор гадаа “Энх тайвны бясалгал” зохион байгуулсан байна.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун