Швед, Лунд хот. (Эрик Эдлинг) - Шведийн өмнөд нутгийн Сканийн тэгш газарт орших Мальмёгийн нисэх онгоцны буудалд газардан, онгоцны хаалга нь нээгдэн Дээрхийн гэгээн XIV Далай лам саарал үүлсийн дор инээмсэглэсээр бууж ирсэн нь сайхан уур амьсгалыг бүрдүүлэв. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Шведийн Хувь Хүн Тусламжийн Байгууллага (SOIR-IM/Individuell Människohjälp)-ын ерөнхийлөгч ноён Хокан Е Вильхелмссон хүлээн авч угтжээ.
Зураг. SOIR-IM байгууллагаас Дээрхийн гэгээн XIV Далай ламд зориулсан өдрийн зоогийн үеэр Дээрхийн гэгээн зочидтой мэндчилж буй нь... Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 16. Гэрэл зургийг Лотта Гилленстен / Төвөдийн төлөөлөгчийн Газар, Лондон.
Лунд хотын захирагч, хатагтай Анника Аннербю Янссон Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хүндэтгэн хүлээн авч, өдрийн зоогт урив. Өдрийн зоогт тус хотын улс төрчид, SOIR-IM байгууллагын удирдлагууд, ТУЗ-ийн гишүүд оролцжээ.
Тусгай зочдын дунд Дээрхийн гэгээн XIV Далай ламын дотнын найз, хатагтай Анина Феннберг байв. Тэрээр Данийн ханхүү Петрийн санаачилгаар 1959 онд Төвөдийн дүрвэгч хүүхдүүдийг гэртээ хүлээн авч, асарч байсан домогт Дани, Швед хос болох Бритта, Жон Феннберг нарын охин юм. Ноён, хатагтай Феннберг тухайн үед Шведийн SOIR-IM байгууллагатай холбоо тогтоосноор төвөд хүүхдүүд Шведэд ирж эхэлсэн юм. 1960-аад оны үед SOIR-IM байгууллага Энэтхэгт салбараа байгуулан, Төвөдөөс дүрвэсэн хүмүүст туслах ажлыг Феннберг нарын удирдлага дор эхлүүлжээ.
Өдгөө SOIR-IM байгууллага Төвөдийн Төв Захиргаатай хамтран боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарт хамтын ажиллагаа явуулсаар байна.
Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Шведийн Лунд хотод сэтгүүлчидтэй уулзаж буй агшин. Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 16. Гэрэл зургийг: Лотта Гилленстен / Төвөдийн төлөөлөгчийн Газар, Лондон.
Хэвлэлийн бага хуралд 50 гаруй сэтгүүлч хүрэлцэн иржээ. Дээрхийн гэгээн XIV Далай лам, “Чөлөөт ертөнц нь Хятадын Засгийн Газрыг зоригтойгоор эсэргүүцэж буй хүмүүст ёс суртахууны дэмжлэг үзүүлэх ёс суртахууны үүрэгтэй бөгөөд Хятад улс улс төрийн шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн мэдэгдэв. Дээрхийн гэгээн XIV Далай лам сүүлд улс төрийн хариуцлагаа “сайн дураараа, тун баяртайгаар, бахархалтайгаар” хүлээлгэн өгч, шашны үүрэг хариуцлагаа хадгалан үлдсэн бөгөөд шашин, төрийг тус тусдаа бие даасан байлгахын чухлыг тайлбарлав.
Дараа нь Лунд хотын спортын танхимд болсон арга хэмжээнд 3000 гаруй хүн оролцлоо. Стокхольмын арга хэмжээний адилаар тус өдөрлөг нь IM-SOIR байгууллагын төлөөлөгчид болон дуучин Ларс Виннербек нарын танилцуулгаар эхэлсэн ажээ.
Тус уулзалтын хөтлөгчөөр Шведийн алдарт жүжигчин Йохан Вестер байв. Түүнийг хөгжилтэйгөөс гадна ихэд ухаантай хүн хэмээн тодорхойлдог бөгөөд Дээрхийн гэгээн XIV Далай ламтай хөгжилтэй хэр нь ухаалаг яриа өрнүүлэх үүрэг хүлээжээ.
Зураг. “Дээрхийн гэгээн XIV Далай ламтай уулзалт” олон нийтийн арга хэмжээний үеэр Дээрхийн гэгээн XIV Далай лам хөтлөгч Йохан Вестерийн хамт. Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 16. Гэрэл зургийг Лотта Гилленстен / Төвөдийн төлөөлөгчийн Газар, Лондон.
Хүүхдүүдэд юуг заах ёстой талаар асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам, “Бидний жинхэнэ найдвар бол залуу үе. Энэ хорвоод хэн ч зовлонг хүсдэггүй. Бид бүгд амар амгалан, энэрэх сэтгэлээр элбэг дэлбэг ертөнцийг хүсдэг. Үүнийг бүтээх хандлага нь өөрөө энэрэх сэтгэл хийгээд халамжаар дүүрэн байх ёстой” хэмээн хариуллаа. Дээрхийн гэгээн энэрэх сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг эхээсээ өвлөжээ. Ээж нь бичиг үсэг тайлагдаагүй, жирийн тариачин хүний гэргий байсан ч машид энэрэнгүй хүн байв. Тиймдээ ч бүх хүүхэд нь хайраар өлгийдүүлэн өссөн бөгөөд энэ л мэдрэмжийг өнөөгийн хүүхдүүдтэй хуваалцахыг Дээрхийн гэгээн XIV Далай лам хүсэх аж.
Шашин, төр хосолсон байгууллагуудыг салгах ёстой хэмээн тууштай хэлж байгаагаа тайлбарлахдаа, “Энэ нь этгээд сонсогдож болох ч би өөрөө олон жилийн турш шашин, төрийн аль альд хариуцлага хүлээж ирсэн. Би Төвөдөд байхдаа ч ардчиллыг дэмждэг байв. 1953 онд Шинэчлэлийн хороо байгуулсан юм. Гэвч хятадууд өөрсдийн тогтолцоонд нийцсэн шинэчлэл хийхийг хүсэж байлаа. Харин бидний санаачилгууд тэдний шинэчлэлд саад болж магадгүй байсан юм” хэмээн өгүүлэв. Эцэст нь тэрээр 1959 онд 150,000 орчим төвөд хүний хамт Энэтхэг рүү дүрвэн гарчээ. Дүрвэгсэд өөрсдөө амьдралаа болгож залгуулж ирсэн хэдий ч Скандинавын орнуудын тусламжийн байгууллагууд, хувь хүмүүсийн дэмжлэг туслалцаа асар их байсан тухай дурсав. Tэр дундаа Феннбергийн гэр бүл болоод Дани улсын ханхүү Питерийг онцлон дурсаж, “Би тэдний энэрэнгүй сэтгэлийг хэзээ ч мартахгүй” хэмээжээ. Тэрбээр ард түмнийхээ хамтаар ардчиллыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. 2001 онд Дээрхийн гэгээн XIV Далай ламын албан тушаал “хагас тэтгэвэрт” шилжжээ. Хагас тэтгэвэрт 10 жил байх нь хангалттай хэмээн үзээд, “Би ч бас хүний эрхтэй биз дээ?” хэмээн асуужээ. Ийнхүү өөрийн парламентдаа улс төрийн хариуцлагаасаа чөлөөлөгдөх албан хүсэлтийг гаргаж, 2011 оны 3 дугаар сарын 19-нд уг шийдвэрийг баталжээ. Ингэснээр дөрвөн зууны уламжлал төгсөж, бүрэн ардчилсан тогтолцоогоор солигдсон байна.
Зураг. Лунд хотод болсон “Далай ламтай уулзалт” олон нийтийн арга хэмжээнд 3000 гаруй хүн оролцoж буй нь... Швед, Лунд хот. 2011 оны 4 дүгээр сарын 16. Гэрэл зургийг Дэнзин Такла / Дээрхийн гэгээний ордон.
Дээрхийн гэгээн XIV Далай лам инээмсэглэн, үзэгчдэд хандан тухайн шөнө маш сайн, гүн нойрссоноо хэлэв.
Тэрбээр “Энх тайван байдал нь зөвхөн залбирлаар бус, үйлдлээр дамжин бий болдог. Өөрийгөө өөрчлөхөөс эхэлж, хувь хүн, гэр бүл, сургуулийн орчин гээд бүх шатанд өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийн үүрэг маш чухал юм” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн XIV Далай лам олон шашны төлөөлөл оролцдог уулзалтыг илүү олноор зохион байгуулахыг санал болгосон бөгөөд жишээ болгон Ассизигийн уулзалт (Assisi Interfaith Meeting)-ыг дурдсан юм. Өөрийн хувьд христ, иудей, ислам, хинду шашны дагалдагчидтай уулзсанаар асар их ойлголт авч, өөр шашин шүтлэгтэй хүмүүсийг жинхэнэ утгаар нь ойлгож хүндэтгэх чадвартай болсноо өгүүлжээ. Мөн олон шашинт залбирлын үйл ажиллагаа олон болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Лунд хотын сонсогчид Дээрхийн гэгээн XIV Далай ламыг маш халуун дотноор хүлээн авч, түүний үг хэлэх үеэр олон удаа алга ташиж байв. Арга хэмжээ дуусахын өмнө төвөдийн хүүхдүүд эцэг эхээсээ хагацан, Хималайн уулсаар дамжин Энэтхэг рүү дүрвэж буй тухай гунигт дууны зохиогч Томас Виехе өөрөө дуулан, арга хэмжээг өндөрлүүлжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун