АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай төлөөлөгч Валери Жарретт 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Дээрхийн гэгээн Далай ламд бараалхав. Түүнтэй хамт АНУ-ын Төрийн департаментын нарийн бичгийн дэд дарга Мария Отеро ирсэн бөгөөд хатагтай Жарретт түүнийг Төвөдийн асуудал хариуцсан шинэ тусгай зохицуулагчаар томилогдсоныг Дээрхийн гэгээн Далай ламд албан ёсоор танилцуулжээ.
Ерөнхийлөгч Обамагийн ахлах зөвлөх бөгөөд туслахын албыг хашдаг Жарретт эрхэм ерөнхийлөгчийн мэндчилгээг Дээрхийн гэгээнд уламжилж, Обамагийн засаг захиргааны Төвөдийн асуудалд баримталж буй байр суурийн талаар мэдээлэл өгөхөөр өөрийг нь илгээсэн тухай мэдэгдэв. Тэрээр төвөдийн ард түмэн шашин шүтлэг, хэл, соёлын өвөрмөц онцлогоо хамгаалах, хүний эрх болон иргэний эрх чөлөөгөө хүндэтгүүлэхийн төлөөх үйл хэрэгт ерөнхийлөгч Обама дэмжлэг үзүүлэхээ тууштай илэрхийлж ирснийг дахин онцоллоо. Дээрхийн гэгээнийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд Төвөдийн өөртөө засах эрхийг хангах замаар асуудлыг шийдвэрлэх гарц эрэлхийлэхдээ тууштай байр суурь баримталж ирснийг ерөнхийлөгч өндрөөр үнэлдэг хэмээн хэлэв.
Дээрхийн гэгээн Далай лам дүрвэн амьдарч буй төвөдүүдийн нөхцөл байдлын талаар тоймлон танилцууллаа. Тэрбээр энэтхэгийн ард түмэн, засгийн газрын чин сэтгэлийн, өгөөмөр тусламж дэмжлэгийн ачаар Энэтхэгт амьдарч буй төвөдүүд өөрсдийн өвөрмөц соёл, үндэсний онцлогоо хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Жарреттад мэдээлэв. Түүнчлэн хятадын удирдлагатай явуулж буй яриа хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өгч, 2008 оны 10, 11 дүгээр сард болсон 8 дахь удаагийн хэлэлцээрийн үеэр Төвөдийн өөртөө засах эрхийн асуудлаарх дэлгэрэнгүй санамж бичгийг хятадын удирдлагад гардуулсан тухай танилцуулжээ.
Жарретт Дээрхийн гэгээн Далай ламтай уулзах үеэрээ, ялангуяа ерөнхийлөгч Обама 11 дүгээр сард Хятадад хийх анхны айлчлалтай нь холбогдуулан, Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ хэрхэн хамгийн үр дүнтэй тусалж болох талаар ярилцав. Дээрхийн гэгээн Далай лам ерөнхийлөгч Обама Хятадад айлчлах үеэрээ хөндөж тавиасай хэмээн хүсэж буй асуудлуудаа Жарреттад уламжилжээ. Мөн АНУ, Хятад хоёр улс зарчимд суурилсан, сайн харилцаатай байх шаардлагатай гэдэгт гүнээ итгэдгээ илэрхийлэв.
Дээрхийн гэгээн ерөнхийлөгч Обама Төвөдийн нөхцөл байдалд анхаарал хандуулж буйд талархал илэрхийлээд, түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд төвөдийн ард түмний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж буйгаа хэллээ. Тэрбээр ерөнхийлөгч Обамаг Хятадад айлчилж ирснийх нь дараа түүнтэй уулзахыг хүсэн хүлээж байна.
Дээрхийн гэгээн Далай лам дэлхий дахины мөргөлдөөн, байгаль орчинтой холбоотой асуудлууд зэрэг хэд хэдэн сэдвээр санаа зовниж буйгаа илэрхийлэв. Тэрбээр эдгээр асуудлыг хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, яриа хэлэлцээр өрнүүлэх замаар шийдвэрлэх гэсэн ерөнхийлөгч Обамагийн санаачилгыг сайшааж, энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг уриалжээ. Дээрхийн гэгээн Далай лам нарийн бичгийн дарга дэд Мария Отерог Төвөдийн асуудал хариуцсан тусгай зохицуулагчаар томилох шийдвэрийг сайшаан хүлээн авч, цаашид түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.










