АНУ, Калифорни, Беверли Хиллс, 2010 оны 2 дугаар сарын 20 (Жиллиан Флаккус, Ассошиэйтед Пресс) - Далай лам Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсанаасаа хэдхэн хоногийн дараа буюу Бямба гарагт ярихдаа өөрийг нь даруухан байдлаар хүлээн авсанд гомдоогүй бөгөөд ерөнхийлөгч дэлхийн даяар хүний эрхийг хамгаалах үүрэгтээ үнэнч гэдгээ илэрхийлсэн ч бодит байдлыг анхаарч үзэх ёстойг ойлгож байна гэж мэдэгдэв.
Төвөдийн цөллөгт буй оюун санааны удирдагч Ассошиэйтед Пресст өгсөн ярилцлагадаа Обама Төвөдийн өөртөө засах эрхийг нэмэгдүүлэх Далай ламын хүчин чармайлтыг дэмжих хүслээ АНУ-ын эдийн засгийн өсөн дэвжиж буй өрсөлдөгч, хамтран ажиллахаар найдаж буй түнш болох Хятадыг бухимдуулахгүй байх гэсэн асуудлын эсрэг тэнцвэртэй байлгах хэрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
"Гомдох зүйл байхгүй. Сүүлийн жаран жилийн хугацаанд миний зүрх сэтгэл хатуужсан. Би улс төрийн дохиог чухалд тооцдоггүй. Тэр надад хамаагүй. Харин хамгийн чухал нь нүүр тулж уулзах явдал" гэж Далай лам хэлсэн бөгөөд зарим үед орчуулагчийн тусламж авч байлаа.
"Ерөнхийлөгч Клинтонтой хийсэн анхны уулзалт маань ‘дайраад гарах’ маягтай байсан" гэж тэрбээр хэлээд, "Хүмүүс надаас (тэр үед) яг ижил асуулт асуусан. Би тоодоггүй” гэлээ.
Зураг. Далай лам Өмнөд Калифорни дахь айлчлалынхаа үеэр Ассошиэйтед Пресст ярилцлага өгч байх үед хамгаалалтын ажилтан ард нь зогсож байна. АНУ, Калифорни муж, Беверли Хиллс. Бямба гараг, 2010 оны 2 дугаар сарын 20. (АП Фото/Рийд Саксон)
Далай лам энэхүү мэдэгдлийг дэлхий даяарх өнчин хүүхдүүдэд илүү сайн анхаарал халамж тавихыг дэмждэг "Элэг бүтэн хүүхэд олон улсын байгууллага" (Whole Child International)-ыг дэмжихээр Лос Анжелес хотноо очсон байх үедээ хийсэн байна.
Обама Пүрэв гарагт Вашингтонд Далай ламыг хүлээн авсан боловч Хятадтай харилцах харилцаанд хурцадмал байдал үүсэхээс зайлсхийхийн тулд уулзалтыг гэрэл зургийн дурангийн гадна, даруухан байдлаар зохион байгуулсан юм.
Дэлхийн ихэнх хэсэгт хүндлэн биширдэг Далай ламыг Бээжингийн зүгээс Төвөд дэх Хятадын засаглалыг түлхэн унагахыг эрэлхийлдэг салан тусгаарлагч гэж үздэг. Хэдийгээр тэрбээр үүнийг үнэн биш хэмээн няцаадаг ч Хятад улс гадаадын аливаа албан ёсны удирдагч энэхүү буддын ламтай харилцах нь уулархаг бүс нутаг дахь тус улсын бүрэн эрхт байдалд нь халдсан хэрэг, тун тааламжгүй доромжлол гэж үздэг юм.
Далай лам АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзах нь бараг 20 жилийн өмнөөс хэвийн үзэгдэл болсон ч Хятадын эмзэглэлээс шалтгаалан байнга нарийн зохион байгуулалт, анхааралтай хяналтын дор явагдаж ирсэн билээ.
Энэ удаад Хятад улс Обамаг 75 настай оюун санааны удирдагчтай уулзахгүй байхыг шаардаж, энэхүү айлчлал "АНУ-Хятадын харилцаанд ноцтой хохирол учруулна" гэж мэдэгдсэн байна.
Далай лам Бямба гарагт АНУ-ыг үндсэн зарчмаасаа ухралгүйгээр Хятадтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх нь чухал гэж хэмээлээ.
Зочид буудлынхаа өрөөнд түшлэгтэй зөөлөн сандал дээр нүцгэн хөлөө доороо хийн завилж суусан тэрбээр "Та бүхэн голчлон эдийн засгийн салбарт найрсаг, нягт харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ ардчилал, хууль ёс гэсэн нийтлэг үнэт зүйлсээ баримтлах хэрэгтэй. Эдгээр зарчмуудын хувьд бол та бүхэн бат зогсох ёстой" хэмээн ярив.
Төвөдийн оюун санааны удирдагч мөн Тайгер Вүүдсийн дуулиан болон гольфын од буддын итгэл үнэмшлээсээ холдсон талаараа Баасан гарагт олон нийтэд хэлсэн үгийн талаар товч дурдав. Вүүдс өөрийгөө буддын шашинтай гэр бүлд өссөн боловч итгэл үнэмшил, мэргэжлийн амьдралынхаа хоорондын тэнцвэрийг олоход дахин анхаарах хэрэгтэй байгаагаа ярьсан юм.
Далай лам Вүүдс гэж хэн болохыг мэдэхгүй гэсэн ч хувийн сахилга бат бол буддын шашны хамгийн эрхэм үнэт зүйлсийн нэг юм хэмээлээ.
Садар самууны тухайд тэрбээр "бүх л шашин ижил төстэй үзэл бодолтой" гэж хэлэв.
"Миний бодлоор үүнийг буддын шашин ч гэж нэрлэсэн бай өөр шашин ч гэж нэрлэсэн бай хамаагүй хувийн сахилга бат гэдэг чухал. Үр дагаварыг ухамсарлан өөрийгөө хянах чадвар" гэж тэрбээр хэллээ.