Бодгаяа, Бихар, Энэтхэг- Энэ өглөө нарны туяа Махабоди суваргын оройгоос хийдийн хашаан дээгүүр гийхүйд Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганаас хөдөлж, Дүйнхор дацангийн өмнөх талбайд морилов. Заншил ёсоор тэрээр тайзны урд зогсон, олон түмэнд мэндчилж, инээмсэглэн, алга ташин баяр хүргэж байлаа. Монголын 500 гаруй сүсэгтэнтэй наргиан хийж, торгон хадгаа дэлгэн барьдаг заншлыг нь дуурайн инээвхийлсэн нь олныг баясгав. Улмаар тэрээр асрын өмнөх жижиг мандал бүхий суудалдаа заларч, Жанрайсигийн авшиг хайрлах бэлтгэлээ эхэлсэн юм.
Дүйнхорын дацангийн өмнөх талбайд морилохдоо сүсэгтэн олонтой мэндчилж буй Дээрхийн гэгээн Далай лам. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.16. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Цаг орчмын дараа Дээрхийн гэгээн суудалдаа залрах үед солонгос сүсэгтнүүд “Зүрхэн судар”-ыг модон хонхны жигд цохилт дор зөөлөн аялгуулан уншив. Үүний дараа вьетнам лам нар болон эгэл сүсэгтнүүд мөн “Зүрхэн судар”-ыг уянгын гунигт аялгуутайгаар уншихад Дээрхийн гэгээн тэдний аялгууны ялгааг тайлбарлав.
Тэрээр “Сүүлийн гурван өдөр бид “Зүрхэн судар”-ыг олон орны сүсэгтнүүдээс сонслоо. Эдгээр орнууд 1000 гаруй жилийн өмнөөс буддын уламжлалыг хадгалж ирсэн билээ. Бурхан багш гэгээрэлд хүрснийхээ дараа “Хутагтын дөрвөн үнэн”-ийг номлосон нь Азид өргөн тархжээ. Цаг хугацаа өөрчлөгдсөн ч олон орон шашны энэ уламжлалаа хадгалж үлдсэн нь баярлууштай.
Жанрайсигийн авшиг хайрлах үеэр олон түмэнд хандан үгээ айлдаж буй Дээрхийн гэгээн Далай лам. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.16. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Энэ нь өрсөлдөөн эсвэл бусдыг шүтүүлэх гэсэн санаа биш бөгөөд энэ зуунд үлэмж хөгжсөн шинжлэх ухаан, технологийн дунд ч оюун санааны ухаан бодит ач тус өгч чадахыг нотолж байна. Буддын гүн ухаан, сэтгэл зүйн ойлголтууд нь өнөөгийн хүмүүст шунал хүсэл, уур хилэн зэрэгт автсан сэтгэлийг өөрчлөхөд тустай” хэмээв.
Дээрхийн гэгээн авшгийн үйлийг эхлүүллээ. Эхлээд номын үйлд саад учруулж мэдэх ханд нарт өргөл барьж, буцаах зан үйлийг ёсчлон хийв. “Эдгээр “номын үйлд тотгорлогч төрөлхийтөн” хэмээгддэг амьтад ч мөн хүмүүс бидэнтэй л адил аз жаргалыг эрэлхийлж, зовлонг хүсдэггүй билээ” хэмээн Дээрхийн гэгээн бээр тэднийг буцаан явуулахад сэтгэл тавгүй байдгаа тайлбарласан юм.
Жанрайсигийн авшгийн үеэр Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй сүсэгтнүүд тусгай туузаар нүдээ боосон байгаа нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.16. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Тэрбээр “Бодгаяа бол тун онцгой, ариун газар тул энд бодь сэтгэл, Дармаг бодитоор хэрэгжүүлэх бясалгалыг хийхэд нэн зохистой хэмээн тэмдэглэсэн. Бид “сэтгэлийг сургах” судруудад заасан ёсоор бүх амьтдыг өөрийн эх мэт энэрэн сэтгэж, тусыг санан, ачийг хариулах сэтгэл төрүүлэх дадлага хийх хэрэгтэй. Үүний зэрэгцээ өөрийгөө дээдлэх хандлагын хор, бусдыг бодох сэтгэлийн тусыг ухаарах нь чухал” хэмээв.
Мөн санскрит уламжлалыг дагадаг улс орнууд Жанрайсиг бурхныг Куань Ин дүрээр шүтэж ирснийг дурдав. “Тухайн бурхан хэдэн мутартай, хэдэн толгойтой байхдаа бус харин энэрэн нигүүлслийг биежүүлсэн мөн чанартаа гол зүйл нь оршин буй” хэмээлээ. Чандракирти бээр “Төвд орохуй” номынхоо эхэнд энэрэл нигүүлслийг магтдаг нь түүний ач холбогдлыг илтгэнэ. Энэрэл бол бусдын зовлонг үл тэвчиж буй сэтгэлийн байдал. “Хэрвээ хүмүүс илүү энэрэнгүй байсан бол дэлхий ертөнц илүү амгалан байх байлаа” хэмээн Дээрхийн гэгээн анхааруулсан юм.
Жанрайсигийн авшгийн үеэр Дээрхийн гэгээн Далай ламд тусалж буй лам нар. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.16. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Тэрээр Жанрайсиг бурхан нь Цастын орны ард түмэн мөн тэдний хөрш орнуудтай тусгай барилдлагатай хэмээгээд, анх Тагдрак ринбүүчигээс мянган мутарт, мянган нүдэт Жанрайсигийн авшгийг, Линг ринбүүчигээс Дромод дахин хүртсэнээ дурдав. Гэгээнтэн “Ом мани падмэ хум” тарнийг бусад тарниас илүү олон уншсанаа онцолж, энэ нь өдөр тутмын дадлынх нь нэг хэсэг бөгөөд бодь сэтгэлийн бясалгалын хамт өргөл болгон өргөдөг хэмээв.
Бясалгалын энэхүү хэлбэр нь Бикшуни Лакшми хэмээх нэгэн бүсгүй санваартны сэтгэлд буусан үзэгдлээс үүссэн бөгөөд “Нууц тарни” хэмээх нэршилд “нууц” нь дадлагыг хэрхэн хийх тухайд бол “тарни” нь сэтгэлийг хамгаалахыг илэрхийлдэг. Жишээлбэл, хоосон чанарыг бясалгахыг хэлнэ.
Авшгийн эхэнд Дээрхийн гэгээн бодьсадвын санваар дахин хүртээж, “егүзэрийн” бясалгалд хөтлөв. Мөн уг авшгийг Төвөдийн III Далай лам Сонамжамцын байгуулсан Намжал хийдээс хүсэлт тавьсны дагуу хүртээж буйгаа дурдсан билээ. Эл авшиг, номын айлдварыг монголчууд хамтран санаачилж, өглөгийн эзэн болж буй юм.
Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан бат оршлын үеэр Ламын гэгээн бээр мандал өргөх залбирал уншиж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.16. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Авшгийн дараа Намжал хийд, Монголын сүсэгтнүүдийн санаачилгаар Дээрхийн гэгээнд зориулсан бат оршил өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын үеэр Дээрхийн гэгээнд баярын бялуу, Монголчуудын зассан тавагтай идээг өргөв. Ламын гэгээн мандал өргөх залбирал уншиж, Дээрхийн гэгээнтний Төвөдөд төдийгүй Монголд оруулсан хувь нэмрийг, тэр дундаа Шүгдэн шүтэх талаар хатуу байр суурь баримталж, монголчуудыг энэхүү таагүй үйлээс ангид байлгахын төлөө ажилласныг онцолсон юм. Ёслолын төгсгөлд монголын үндэсний хөгжмийн бүлэг уран яруу тоглолт үзүүлсэн нь сүсэгтэн олныг баясгалаа.
Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан бат оршлын төгсгөлд уран сайханчид бүтээлээ толилуулж байгаа нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.16. Гэрэл зургийг: Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн энэхүү бат оршил өргөсөн ёслолын өргөлд оролцсон бүх хүнд талархсан сэтгэлээ илэрхийлж, тэдний итгэл үнэмшил, чин сэтгэл нь гарцаагүй үр дүн авчирна хэмээн итгэж буйгаа илэрхийлсэн юм. Тэр дундаа алс холыг туулан ирсэн монгол сүсэгтнүүдэд тусгайлан талархал илэрхийллээ. Зарим сүсэгтэн нутаг буцахаар зэхэж буй тул тэдэнд шүтэн барилдлагыг санаж, “Ом мани падмэ хум” тарнийг уншиж байхыг зөвлөв.
Өдөр өнгөрөхийн хэрд Бихар мужийн тэргүүн сайд эрхэм Нитиш Кумар Дээрхийн гэгээний “Гандэн Пэлжээлин” хийд дэх өргөөнл бараалхан, хүндэтгэлээ илэрхийлэв.
Англи хэлнээс орчуулсан Т.Ялгуун