Энэтхэг Улс, Ладак муж, Лех хот, Шевацел өргөө. Дээрхийн гэгээн Далай лам Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайдын албан тушаалд шинээр томилогдсон Энди Бэрнхэмд баяр хүргэж, цахилгаан илгээлээ. Тэрбээр захидалдаа,
“Өнөөдөр дэлхий нийт маш хүнд хэцүү, тодорхой бус цаг үеийг туулж буй билээ. Танай улс олон улсын харилцаанд манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Эрхэм ерөнхий сайд та улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ хүн төрөлхтөн нийтлэг мөн чанартай бөгөөд энх тайван, аз жаргалтай амьдрах хүсэлтэй гэдгээрээ ижил гэдэгт итгэн эдгээд ойрын болон хэтийн асуудлуудыг шийдвэрлэх талаар бусад улс оронтой нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Төвөдийн ард иргэд бид танай оронтой эртнээс түүхэн өвөрмөц харилцаатай байсаар ирсэн билээ. Эрхэм таны улсад хэд хэдэн удаа айлчлах үед минь нийгмийн бүхий л давхаргын хүмүүс халуун дулаан сэтгэлээр хүлээн авч, хүмүүнлэг үнэт зүйлс, хүч үл хэрэглэх зарчим, шашин хоорондын эв нэгдлийг түгээх гэсэн хичээл зүтгэлийг минь дэмжиж ирсэнд би бээр гүнээ талархаж явдаг билээ” хэмээгээд захидлынхаа төгсгөлд,
“Ирээдүйд тулгарч болзошгүй сорилт бэрхшээлийг даван туулж, Их Британийн ард түмний хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд болон бид бүхний төлөө илүү энх тайван, энэрэнгүй дэлхийг бүтээхэд хувь нэмрээ оруулах үйлсэд тань өндөр амжилт хүсье” хэмээжээ.










