Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Лех хот дахь буулгасан хуучин Жохан хийдийн буурь руу явахад өглөөний хурц наран дор бүхий л төрлийн хүмүүс түүнийг угтан авахаар замын дагуу эгнэн зогссон байлаа. Жохан хийдийн буурин дээр Ладакийн Буддын холбоо, Ладакийн Гомпа холбооны ерөнхийлөгчид болон бусад хүндэт зочдоор угтуулсан Дээрхий гэгээн хийдийг сэргээн босгох газрыг адислав.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам шинэ Жохан хийдийн суурийн шав тавьж байна. Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 3. Зургийг Замлин Норов.
Дээрхийн гэгээнийг сэнтийдээ залрахад Сэргээн босгох хорооны гишүүд үер ус, аадар борооны улмаас хуучин хийдийн барилгад ан цав үүсч, засварлах боломжгүй болсон талаар тайлбарлаад, шинэ хийдийн барилгын төлөвлөгөөг танилцуулав. Хэдэн зуун лам хувраг, энгийн хүмүүс шав тавих ёслол болон дурсгалын самбарын нээлтийг үзэж сонирхохоор цугласан байна. Дурсгалын самбарт,
Билгүүн ба энэрэн нигүүлсэхүйн үндсийг тавьж
Ладакийн Лех дэх Човхан (Жохан) Вихарыг сэргээн босгож байна.
гэсэн хоёр мөрийн доор Жавзан Жамбал Агваан Лувсан Данзан Жамц хэмээх Дээрхийн гэгээний бүтэн нэрийг өнөөдрийн огнооны хамт сийлжээ.
Дээрхийн гэгээн цугласан олон хандан:
"Хуучин Жохан хийдийн нөхцөл байдлыг сонсоод би үүнийг бэрхшээл дор нуугдсан ерөөл байна гэж бодлоо. Жишээ нь, Төвөдийг олон зууны турш Далай лам нар үе залгамжлан удирдаж байсан ч зөвхөн миний амьдралын хугацаанд л бид ийм гамшигтай тулгарч, Энэтхэгийн эрх чөлөөт газар нутагт цөлөгдөн ирэхээс өөр аргагүй болсон. Ийнхүү бид буддын шашин үүссэн, хутагт Нагаржунай зэрэг замбутивийн зургаан чимэг хоёр дээд хэмээн алдаршсан Энэтхэгийн буддын шашны найман их бандида нарын амьдарч байсан нутагт амьдрах болсон гэдгээр бидний хувьд зовлон бэрхшээлийн хэлбэрээр ирсэн ерөөл болсон билээ.”
“Өнөөдөр бид нэгэн цагт Энэтхэгт дэлгэрч байсан, цаг хугацаагаар шалгагдаж, логикоор батлагдсан буддын уламжлалыг сахин хамгаалж яваа. Бид энэ уламжлалыг судалж, бясалгаж, өөрсдийн амьдралд хэрэгжүүлэн хадгалж ирсэн. Би сайрхмааргүй байгаа ч өөрийнхөө хувьд ярихад өмнөх дүрийн Далай лам нар Бурхан багшийн сургаалд үйлчилж байсан бөгөөд хэдийгээр би Төвөдийн зүүн хойд нутаг болох Амдод төрсөн ч уламжлалт аргаар буддын боловсрол эзэмших боломжтой байсан Лхас руу нүүж, багш нарынхаа удирдлага дор судлах, эрэгцүүлэх, бясалгах гэсэн гурвалсан процессыг даган суралцсан юм.”
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам айлчлалын үеэр Жохан хийдийн буурины харагдах байдал. Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 3. Зургийг Замлин Норов.
“Тэдний удирдлага дор би үндсэн судруудыг цээжилж, харгалзах тайлбаруудыг судалсан. Үүний зэрэгцээ би онолын сургалтаар олж авсан мэдлэгээ Бодь мөрийн зэрэг (Ламрим), Оюун судлахуй (Ложоң)-н практик дасгалуудтай хослуулан дадлагажих боломжтой байлаа. Би сургалтаа эргэцүүлэл, бясалгалтай хослуулахаар шаргуу ажилласан.”
“1959 онд Төвөдөд болсон үймээн самууны үеэр би Норбулинкагаас зугтаж, Лхасыг орхихоор шийдсэн билээ. Тэндээс явж байхдаа би Лхас дахь Жохан хийдийн цогцолбор болон түүн доторх бурхадын дүрүүдийн талаар бодсоор байв. Хөндийгөөс гардаг даваан дээр хүрэхэд морийг минь хөтөлж явсан хүн надад Лхасыг сүүлийн удаа эргэн харахыг хүслээ. Ингээд л би хотыг ардаа орхисон.”
“Намайг Лхасаас явснаас хойш дэлхий даяар, ялангуяа Европ, Америкт буддын шашныг сонирхох хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Би ч тэдэнд үйлчлэхийн тулд хичээнгүйлэн зүтгэсээр ирсэн. Өөрийн хувь заяа болон өнгөрсөн хугацаанд ерөөж, залбирч байсныхаа ачаар би Бурхан багшийн сургаалыг сэргээж, хамгаалахад чамгүй хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид ч олон жил Бурхан багшийн номд үйлчилнэ. Намайг гүн ухааны судар шастируудыг ойлгоход сургасан эрхэм багш Түвдэн Лүндог Намжил Принлай буюу Лин ринбүүчид гүн хүндэтгэл үзүүлж байна. Мөн хамтдаа мэтгэлцэж, хэлэлцэж сурсан мэтгэлцээний туслахууддаа талархал илэрхийлье.”
“Би муухан ч гэсэн англи хэлээ ашиглаад буддын шашныг бусдад танилцуулж ирсэн. Бидний оюун ухаан, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаарх буддын ойлголтыг орчин үеийн шинжлэх ухааны сэтгэл судлал, мэдрэл судлалын арга барилтай харьцуулж үзсэн. Энэ нь маш их ашиг тустай болох нь нотлогдож байгаа бөгөөд би нилээд олон эрдэмтэдтэй хүний сэтгэл зүйн талаар тухтай ярилцаж байлаа.”
“Товчхондоо гэвэл би Дхомэй буюу Амдод төрсөн ч Төвөдийн төв нутагт өссөн бөгөөд багш нараасаа боловсрол эзэмшиж, Энэтхэгт ирснийхээ дараа гүн ухаан, бясалгалын тухай ном судруудыг үргэлжлүүлэн судалсан. Өөрөөр хэлбэл би буддын шашны талаарх ойлголтоо бусадтай хуваалцахын тулд чадах бүхнээ хийсэн билээ.”
“Бидний буддын сонгодог бүтээлүүдийг судалдаг арга барил логик үндэслэлд тулгуурладаг тул маш сайн арга. Тарнийн зан үйлүүд болон цан, хэнгэргийн дуугаар номын сахиуснуудыг аргадах нь үнэхээр тустай байж болох ч чухам хамгийн үнэ цэнэтэй зүйл бол судруудыг судлах явдал юм. Мөн бид зөвхөн судар шастируудаас татсан эшлэлүүдийн үнэн зөвд найдах биш учир шалтгаан, логикийг оюун ухаан, сэтгэл хөдлөлийн ажиллагааны талаарх ойлголтуудтай уялдуулан ойлгож авах хэрэгтэй.”
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Жохан хийдийн буурин дээр цугласан олонд хандан айлдвар айлдаж байна. Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 3. Зургийг Тэнзин Чойжор.
"Хуучин хийдийг нураагаад, Жохан хийдийг дахин барихаар шийдсэн та бүхний зориг шийдэмгий байдлыг би өндрөөр үнэлж байна. Гэхдээ зөвхөн хийдийн барилгыг сэргээн босгох нь тийм ч онцгой зүйл биш. Хамгийн гол нь юу вэ гэвэл хүмүүст над шиг бага наснаасаа Бурхан багшийн сургаалыг судлах боломжийг олгох явдал юм.”
“Та бүхэн хийдийг сэргээн босгож дуусахаараа хүмүүс учир шалтгаан, гүн ухааны судар шастируудыг судлан суралцсанаар диалектик мэтгэлцээн өрнүүлж, буддын гүн ухааныг шинжилж, судлах боломжтой болох сургалт судалгааны төв болгох хэрэгтэй. Та бүхэн үүнийг хийнэ гэдэгт найдаж, амжилт хүсэн залбирья. Баярлалаа.”
Жохан хийдийн бууринаас Дээрхийн гэгээн Ладакийн Гомпа Холбоо (ЛГХ)-ны бариулсан Дхарма төвийг адислахаар Чогламсар руу явлаа. ЛГХ-ны ерөнхийлөгч түүнийг үүдэнд угтан авав. Дээрхийн гэгээн хүмүүс зай завсаргүй дүүрсэн Дхарма төвийн танхимд орж ирээд Бурхан багш, Жанрайсиг, ловон Бадамжунай нарын модон сийлбэр сэрэг дүрийн өмнө хүндэтгэл үзүүлсний дараа суудалдаа суухад ЛГХ-ны ерөнхийлөгч болон бусад хүмүүс түүнд орчлон ертөнцийг бэлгэдсэн мандал өргөж, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдлүүдийг барилаа. Уншлага залбиралд Дээрхийн гэгээний урт наслахын төлөөх нэг шад багтжээ:
Цаст уулсаар хүрээлэгдсэн дагшин газарт
Тус ба амгалан бүхэн гарахуйн орон болсон
Жанрайсиг бурханы эрхэт Данзанжамц таны
Өлмийн лянхуа орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай.
Цай, бэрээс тараасны дараа Дээрхийн гэгээн цугласан олонд хандан үг хэлэв.
“Шивацал руу буцах замд байж таарсан учраас би өнөөдөр энд ирэх боломжтой байлаа. Хамба нар, багш нар, лам хуврагууд зэрэг номын нөхөд та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.”
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Ладакийн Гомпа Холбооны барьсан Чогламсар дахь Дхарма төвд цугласан олонд хандан айлдвар айлдаж байна. Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 3. Зургийг Тэнзин Чойжор.
“Дэлхий дээр олон шашин байдгаас ялангуяа Энэтхэгт шашны олон уламжлал оршдог. Гэсэн хэдий ч буддын шашин эрдэмтэд, тухайлбал сэтгэл судлаачид болон мэдрэл судлаачдын анхаарлыг онцгойлон татаж байна. Төвөдөд хадгалагдан үлдсэн буддын шашин логик, учир шалтгааныг ашигласан нягт нямбай судалгаанд тулгуурладаг. Үүний үр дүнд бидний логик, танин мэдэхүйн онолын талаар олон эрдэмтэд надтай ярилцаж байлаа.”
“Бидний дагаж мөрддөг буддын уламжлал залбирал мөргөл, зан үйлээс илүүтэйгээр логик (прамана), билиг барамид (пражнанпарамита), төв үзэл (мадхямака) зэрэгт онцгой ач холбогдол өгдөг.”
“Миний хувьд бага насандаа төрсөн нутгаа орхин Потала ордонд очиж, тав, зургаан настайгаасаа "Хураангуй хүрээ" (дүйра) болон "Учир шалтгаан"-ыг судалж эхэлсэн.
“Хэдийгээр Төвөд Соронзонгомбо хааны үеэс Хятад, Энэтхэгтэй харилцаж байсан ч Тэсриндэнзэн хаан Шантаракшидаг Энэтхэгээс Төвөдөд урьсан юм. Иймээс бидний уламжлал бол буддын шашны жинхэнэ уламжлал. Би сонгодог судруудыг судалсан ч "Илт номын сан" (Абхидармакоша)-г тийм ч гүнзгий судалж чадаагүй. Харин "Винай” буюу хийдийн явдал мөрийн ёс цааз болон логикийг судалсан.”
“Төвөдөд буддын шашныг судлах тогтсон сургалтын хөтөлбөр байсныг би дагаж мөрдсөн. Эцэст нь би Сэра, Брайвун зэрэг гайхамшигт хийдүүдэд гэвшийн зэрэг хамгаалах шалгалтаа өгсөн бөгөөд хамгийн сүүлд Их ерөөл (монлам ченмо) наадмын үеэр Лхас дахь Жохан хийдэд Сэра, Брайвун, Гандан гурван хийдийн эрдэмтэн лам нарын чуулганы өмнө сүүлийн шалгалтаа өгч гэвшийн дамжээ барьж байлаа.”
“Далай лам хэмээх цолтой ч би зүгээр л нэг өндөр сэнтийд залрах бус харин бусад лам нарын адил сонгодог судруудыг судлах ёстой байв. Тэдгээрийг сайтар судалж, мэтгэлцээнд оролцон дүн шинжилгээ хийж байсан нь орчин үеийн эрдэмтэдтэй ярилцахад надад маш их тус болсон.”
Зураг. Ладакийн Гомпа Холбооны Чогламсарт барьсан Дхарма төвд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй хүмүүс. Энэтхэг, Ладак муж, Лех хот. 2025 оны 8 сарын 3. Зургийг Тэнзин Чойжор.
“Татаг ринбүүчигээс би зөндөө олон тарнийн эрх, авшиг авсан хэдий ч гүн ухааны гол багш минь Жавжэ Лин ринбүүчи байв. Би түүнтэй өглөө, өдрийн цагаар хичэллэж, тэр надад гүн ухааны талаар ихэд нарийвчлан тайлбарлаж өгдөг байлаа. Тэр буддын уламжлалын баялаг гуу сангийн өмнө нүдийг минь нээж өгсөн юм. Хожим нь би эрдэмтэдтэй уулзахдаа тэдний тайлбарыг өөрсдийн судруудад бичигдсэн зүйлтэй харьцуулж, тэднээс маш ихийг сурч авсан.”
“Би зөвхөн лам нар төдийгүй гэлэнмаа нарыг ч гүн ухааныг судалж, хэрхэн мэтгэлцэхэд суралцахыг уриалдаг. Лхаст гүн ухаан судалдаг гэлэнмаа нарын хийдүүд бий. Судлах, мэтгэлцэх гэдэг нь бид сургаал номлолыг хөдөлшгүй үнэн хэмээн шууд хүлээж авдаггүй гэсэн үг.”
“Залуу байхад надад долоон том хийд тус бүрээс ирсэн мэтгэлцээний долоон туслах (цэншав) байсан бөгөөд би тэдэнтэй хамт мэтгэлцээний дадлага хийдэг байлаа. Төгсөлтийн шалгалтаа өгөх үедээ би амьдралаа утга учиртай болгож чадсан мэт санагдаж байв. Учир нь би Далай ламын хувиар зөвхөн зан үйл, ёслол удирдаад зогсохгүй, гүн ухаанд суралцсан юм. Ямар ч урсгалд харьяалагддаг байсан хамаагүй манай бүх лам, гэлэнмаа нар сонгодог судруудыг судлах нь чухал.”
“Өнөөдөр бид Их ерөөлийн үеэр гэлэнмаа нар мэтгэлцэхийг харах боломжтой болсон нь шинэ дэвшил юм. Гол санаа нь номыг судалж, бясалган дадуулах замаар хадгалж үлдэх нь маш чухал. Тиймээс би гэлэнмаа нар болон энгийн сүсэгтнүүдэд суралцахыг уриалдаг.”
“Мөн номыг судлахаас гадна, Бурхан багшийн заасан сургаалыг аль болох олон янзын хүмүүст тайлбарлаж өгөхийн тулд англи хэл сурахыг та бүхэнд уриалж байна. Лам хуврагууд зөвхөн суралцахаас гадна сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах чадвартай байх хэрэгтэй.”
“Өнөөдрийн ярих зүйл минь ингээд боллоо. Баярлалаа.”
Ингээд Дээрхийн гэгээн Шивацал дахь буудаллаж буй газар руугаа хөдөллөө.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл