Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. Энэ өглөө Намжил дацангийн Зүлэгхан дуганд 4000 гаруй хүн цуглаж, Дээрхийн гэгээн Далай лам урт удаан наслахын бэлгэдэл болсон Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулжээ. Уг ёслолыг дэлхийн 15 оронд амьдарч буй төвөдийн улс төрийн хоригдол асан хүмүүс болон 1960-аад оны сүүлчээр Швейцарт үүсгэн байгуулагдсан халамжийн байгууллага "Лхаса Бойс" (Lhasa Boys Association) нийгэмлэгийн гишүүдийн санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Ёслолыг санаачлагчид Дээрхийн гэгээн Далай ламыг өргөөнийх нь үүдэнд угтан авчээ. Дээрхийн гэгээнийг бүрээ бишгүүрийн дуун дор, хүжсийн анхилам үнэрт сүм рүү залж авав. Далай лам замын хоёр талаар эгнэн зогссон сүсэгтэн олон руу гар даллан, инээмсэглэж байлаа.
Ёслолыг Гүндэлин ринбүүчи удирджээ. Ринбүүчийн баруун талд Намжил дацангийн шинэ хамба гэвш Лувсансамдан, түүний баруун талд Кэуцан ринбүүчи заларсан бол Гүндэлин ринбүүчийн зүүн талд Намжил дацангийн ловон Дорж, дацангийн гэсгүй асан Өсөр ринбүүчи тэргүүт заларчээ.
Өнөөдрийн даатгал нь урт нас хайрлагч, хамаг амьтныг авран хамгаалагч Цагаан дара эхийн ерөөл байлаа. Ерөөлийг “Нөхөр тэргүүтээ дагуулан энэ оронд заларна уу. Амьтны тусыг бүтээх тангаргаа биелүүлэх цаг одоо ирлээ” хэмээн ариутган дуудсанаар эхлэв. Дара эхийн очирт лагшинд адис завилж, орой дээр нь Аюуш бурхан заларлаа. Угаах ус, цэцэг, хөгжим, чимэглэлийн шүхэр, ялалтын дацан тэргүүт асар их өргөлийн далайг бясалгав. Дара эхийн тарнийг хүрд хэлбэртэйгээр дүрслэн санажээ.

Үе үеийн лам нар хийгээд бурхдад зориулан ном уншиж, бадаг бүрийн төгсгөлд дараах ерөөлийг ерөөж байв.
Ариун дээд, эрдэнэт ламын минь насыг зуун галавт уртасган
Үхэшгүй мөнхийн шидийг хайрлан соёрхооч.
Гүндэлин ринбүүчи арслант сэнтийд ойртон, Дээрхийн гэгээн Далай ламд урт насны бэлгэдэл өргөн барихад тэрбээр хүлээн авч даллалаа. Насны бурхан Аюушийг ариутган дуудав. Дээрхийн гэгээн Далай лам зүрхэндээ очир барьсан бөгөөд түүнээс гаргасан утсыг ёслолыг тэргүүлж буй лам нар тус бүр атгажээ. Уг ёслолд ламын лагшин шар, улаан, хөх, ногоон, хүрэн өнгийн гэрлээр дүүрэн, биеийн сүв бүрээс гэрэл цацарч, гэрлэн асрууд үүсэж байна хэмээн сэтгэн дүрсэлдэг. Дара эхийн тарнийг хүрдэн хэлбэртэйгээр дахин уншлаа.

Цог өргөл өргөж, Дээрхийн гэгээн Далай лам хэсэгчлэн хүртэв. Мандал бүтээж, Гүндэлин ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламд урт наслахыг ерөөн өргөсний дараа бурхны лагшин, зарлиг, тааллын бэлгэдэл болох сэрэг дүр, судар, суварга өргөлөө. Дараа нь урт наслахын бумба өргөхөд Дээрхийн гэгээн түүнээс дуслыг хүртэн, таван аймаг бурхны бэлгэдэл, урт насны рашаан, урт насны үрэл өргөв. Улмаар номыг бэлгэдсэн хааны долоон эрдэнэ, буян арвижихыг бэлгэдсэн найман тахил, мунхгийг дарахыг бэлгэдсэн найман найдварт бэлгэдлийг өргөлөө.
Бурхны сэрэг дүр, насны судар, хуврагийн чавга, зангиа зэрэг өргөлийн зүйлс барьсан хүмүүсийн цуваа сүмд үргэлжилсээр... Хүмүүс Дээрхийн гэгээн Далай ламд ойртон адис авч, зангидсан улаан утас хүртэж байв. Жамьянцоглодойн зохиосон "Мөнхийн амгалангийн рашааны дуулал - Дээд ялагч, хамгийг айлдагч XIV Далай ламын урт наслахын ерөөл"-ийг уншлаа. Цувааны төгсгөлд цагаан дээлт, цагаан үст өвгөн заларсанд Дээрхийн гэгээн Далай лам талархан, толгойг нь илэв.

Дээрхийн гэгээн Далай лам зуун галавт урт наслах ерөөлд талархан, умзад дахин мандал өргөв. Санаачлагчид Дээрхийн гэгээн Данзанжамц буюу Жанрайсиг бурхан нь хамаг баяр баясгалангийн эх ундарга гэдгийг санаж, бурхны лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөлөө.
Намжил дацангийн нэгэн хувраг Дээрхийн гэгээн Далай ламд хүндэтгэл үзүүлж, түүний дөрвөн агуу амлалтыг дурдсан тунхаглалыг уншиж сонирхуулав. Энэ үеэр Төвөдийн улс төрийн хоригдол асан хүмүүсийн төлөөлөгчид Дээрхийн гэгээн Далай ламд мэлмий гийсний ойд дурсгал болгон, түүний амьдралд чухал байр суурь эзэлдэг багш нар, Махатма Ганди, Жавахарлал Неру, Тереза эх, Нельсон Мандела болоод бусад олон эрхмийн хамт дүрсэлсэн хөрөг зургийг өргөн барив. Уг тунхаглалд Дээрхийн гэгээн Далай ламыг энэрэнгүй сэтгэлийн багш, төвөдийн буддизмын бүх уламжлалыг хадгалан үлдэгч хэмээн онцолжээ. Түүнчлэн түүний даган мөрддөг дараах ерөөлийг үлдээжээ.

Огторгуй хоосон оршин байхуйд
Амьтан бүхэн оршин байхуйд
Тэр цаг хүртэл та бээр мөнхөд оршин
Дэлхийн зовлонг арилгахад туслах болтугай.
Ерөөл “Төвөдийн улс төрийн хоригдол асан хүмүүсээс өргөн барьж буй дурсгалын зүйлийг хүлээн авна уу” хэмээн төгсөв. Дараа нь төвөдөд баривчлагдан шийтгэгдэж байсан "Дуулдаг хандмаа нар"-ын нэг Наваансамдол үг хэлэв. “Дээрхийн гэгээн та бээр асар их бэрхшээлийг туулан, эх орноосоо алсад одсон билээ. Гэвч агуу энэрэнгүй сэтгэлийн үүднээс хамаг амьтан, ялангуяа төвөдийн ард түмнийг тэтгэсээр байна. Та бол төвөд хүн бүрийн ганц итгэл билээ. Хятадын Коммунист намын бурангуй ажиллагаа төвөдийн ард түмэнд асар их зовлон зүдгүүр авчирч, тэд өдөр шөнөгүй нулимс асгаруулан зовж байна.
Бид соёл, хэлээ алдах аюулд тулгарч байна. Төвөд дэх хүмүүс үүнд анхаарал татахын тулд өөрийгөө зулын гол болгох зэрэг цөхөрсөн арга хэмжээнд хүрээд байна. Бид өөрсдийн нутагтаа эрх чөлөөгүй болсон. Үүний уршгаар бид гэр орноосоо дайжихаас өөр аргагүйд хүрсэн. Цаст орны эзэн таныг эх орондоо эргэн очихыг хүсэн ерөөе”.

“Хятадын коммунистууд төвөд хэл заахыг зөвшөөрөхгүй байна. Багш нар асар их эрсдэлтэй байсан ч чадахаараа нууцаар заасаар байна. Тэр ч байтугай төвөд хүүхдүүдэд зохиомол түүх заахаар томилогдсон хятадын албан тушаалтнууд хүртэл бий. Жишээлбэл, тэд жуулчдад Потала ордонг хятадын гүнжид бэлэг болгон зориулан барьсан гэж тайлбарладаг. Засгийн газарт ажилладаг хүмүүсийг сүм хийдэд зочлох, шүтлэг бишрэлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй. Бүх төвөдүүд Дээрхийн гэгээн танд бишрэн сүсэглэдэг ч хүүхдүүдийг эцэг эхийнхээ эсрэг босохыг албадаж байна. Дүрэм журам нь төвөдүүдийн хийж чадах зүйлийг хязгаарладаг. “Данзан” нэртэй хүүхдүүдийг шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй болсон. Болж буй бүх зүйлийг дүрслэн ярихад цаг үл хүрэлцэнэ. Таны дуу хоолойг сонсоход л нүдэнд минь нулимс дүүрдэг. Уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан энэрэнгүй сэтгэлийг сургахыг уриалсан тантай адил өөр хэн ч байхгүй. Бид одоо болон ирээдүйд таны шавь байх болтугай”.
Дилго ринбүүчийн хүсэлтээр Дээрхийн гэгээн Далай ламын зохиосон урт наслахын бэлгэдэл Бат оршлын шүлэг, "Шашныг шашин баригчид дэлгэрүүлэхийн ерөөл", "Үнэн үгсийн ерөөл", ерөөлийн хаан "Самантабадрагийн ерөөл"-ийн бадгийг уншсанаар ёслол өндөрлөсөн юм.
Дээрхийн гэгээн Далай лам дуганаас гарч, замын хоёр талаар жагсан цугласан сүсэгтэн олонд инээмсэглэн мэндчилгээ дэвшүүлж мордлоо.










