Зураг. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Аризона мужийн сенатор Жон Маккейн (баруун гар талд) Аспен хотод баасан гарагт Далай ламтай хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчидтэй ярилцаж буй нь... Гэрэл зургийг Кэролин Кастер.
АНУ, Колорадо муж, Аспен хот. 2008 оны 7 дугаар сарын 25. АНУ-ын сенатор Жон Маккейн ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлынхаа дундуур Аспен хотноо Дээрхийн гэгээн Далай ламтай уулзан, найрсаг яриа өрнүүлж, Төвөдийн улс төрийн хоригдлуудыг суллахын зэрэгцээ хүний эрхийн байдлаа сайжруулахыг Хятад улсад уриалав.
Далай лам хариуд нь Маккейн “Хятад дахь ардчилал, хүний эрх, шашин шүтэх эрх чөлөө, байгаль орчны асуудалд ерөнхийд нь, ялангуяа Төвөдийн асуудалд чин сэтгэлээсээ санаа тавьдаг” хэмээн сайшаав.
Дээрхийн гэгээн, Маккейн нар Аспен, Питкин тойргийн нисэх онгоцны буудалд тус тусдаа газарджээ. Далай лам Маккейнаас 1 цаг орчмын өмнө хүрэлцэн ирсэн бөгөөд дараа нь Вест Энд хорооллын Лэйк өргөн чөлөөн дэх нэгэн байшинд тэд 1 цаг орчим хаалттай уулзав. Уулзалтын дараа сэтгүүлчдэд товч мэдэгдэл хийлээ.
Маккейныг ирэх үед нисэх буудалд цугласан цөөн тооны жагсагч Иракийн дайныг зогсоох болон дотоодын бусад асуудлаарх уриа лоозон өргөж байв.
Далай ламтай уулзсаны дараа Маккейны цуваа нисэх буудалд буцаж, нэр дэвшигч Маккейн Денвер хотод оройн 5:30 цагт испани хэлт цэргийн ахмад дайчдад үг хэлэх арга хэмжээнд оролцохоор нисжээ.
Энэ хооронд Далай лам Аспены хүрээлэнгийн Грийнвалд павильонд болсон хэлэлцүүлэгт оролцов.
Маккейн Дээрхийн гэгээний талаар “Тэрээр Төвөдийн олон сая хүн хүний ёсоор нэр төртэй амьдрах, үндсэн эрхээ эдлэх гэсэн гүн хүсэл эрмэлзлийг төлөөлдөг. Хүч үл хэрэглэх түүний арга зам, соёл, шашны ялгааг даван нийтлэг ойлголцолд хүрэхийн төлөө насан туршдаа зүтгэсэн үйл хэрэг нь хүн төрөлхтөнд үлгэр дуурайл болдог” хэмээн хэлэв.
Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээнийг Төвөдөд Хятадын засаглалыг эсэргүүцэн саяхан өрнөсөн жагсаал хөдөлгөөний ард байсан хэмээн олон нийтэд буруутгаж байгаад сэтгэл дундуур байдгаа Маккейн илэрхийлэв (Хятад улс 1950-аад онд Төвөдөд халдан орж, Далай ламыг Энэтхэгт дүрвэн гарахад хүргэсэн бөгөөд түүнээс хойш Төвөдийг захирч ирсэн).
Цааш үргэлжлүүлэн “Ийм үг хэллэг нь энхийн замаар өөрчлөлт хийх, эвлэрэлд хүрэх үйл хэрэгт тус болохгүй. Төвөдийн ард түмний зүй ёсны гомдол, шаардлагыг шийдвэрлэхийн тулд Дээрхийн гэгээний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхийг Хятадын удирдагчдад уриалж байна. Мөн Төвөдийн улс төрийн хоригдлуудыг суллаж, 3 дугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалаас хойш сураггүй болсон төвөдүүдийн хувь заяа хаана байгаа талаар тайлбар өгч, Төвөдөд жинхэнэ өөртөө засах (автономит) эрхийн асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлэхийг Хятадын Засгийн газарт уриалж байна. АНУ нь Хятад улстай сайн харилцаатай байхыг дэмждэг ч Хятад улс дахь хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт бидэнд хамаагүй мэтээр АНУ болон бусад ардчилсан орнууд дүр эсгэх нь Хятадын Засгийн газарт ч, Хятадын ард түмэнд ч ямар ч тус болохгүй. Энэ асуудал бидэнд хамаатай, цаашид ч хамаатай байх бөгөөд бид зайлшгүй анхаарах ёстой” гэж Маккейн хэлэв.
Түүний дараа Далай лам үг хэлэхдээ “Миний гол үүрэг хариуцлага бол хүмүүнлэг үнэт зүйлс түгээн дэлгэрүүлэх явдал юм. Үүний үндэс нь хүний энэрэнгүй сэтгэл, хайр халамж билээ. Энэ нь хүний биологийн мөн чанартай холбоотой хүчин зүйл гэж би боддог. Бидэнд энэ хэрэгтэй. Бид эхээс төрдөг. Эхийн хайр халамж, энэрэнгүй сэтгэл бол хүний амьдралдаа мэдэрдэг хамгийн чухал зүйл гэж би боддог” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээний бусад зорилго нь шашнаас ангид ёс зүйг түгээн дэлгэрүүлэх, “шашин хоорондын эв найрамдал”-ыг дэмжих, түүнчлэн төвөдийн ард түмэн, соёлд учирч буй хавчлагын талаар дэлхий нийтэд таниулах явдал юм.
Гэхдээ Дээрхийн гэгээн “Энэ удаагийн айлчлал минь улс төрийн зорилготой биш билээ” хэмээн онцлов.










