Япон улс, Хирошима хот. 2010 оны 11 дүгээр сарын 13. Дээрхийн гэгээн Япон оронд айлчилж буй 7 дахь өдрөө Time.com сайтад Хятадын тухай хувийн бодол болоод төвөдийн ирээдүйн нөхцөл байдал, саяхан Лиу Сяобод олгосон Нобелийн шагналын тухай ярилцлага өгснөөр эхлүүлэв. Дээрхийн гэгээн өргөн уудам, цэлэлзэх усыг тольдсон танхимд морилон, японы сар бүрийн сэтгүүл “Катэй Гахо”-д ярилцлага өгчээ. 22 давхрын өндөрлөгт хагас нээлттэй хөшигний завсраар доош харвал цэнхэрлэн харагдах далайн боомтод загасчид эгнэн зогсоно.

Дээрхийн гэгээн хүмүүсийн асуултад шулуун бөгөөд нухацтай хариулахаас гадна аз жаргалын үндсэн ойлголт, сайхан сэтгэлийг харах өнцөг, тулгарсан асуудлыг хэрхэн шийдэх зэргийг тодорхойлохдоо үргэлж шашнаас ангид биологийн хүчин зүйлсэд тулгуурлан дүгнэлт гаргадаг тухайгаа айлдав. “Орчин үед үүсээд буй чиг баримжааны дутагдалтай байгаа тал, сүүлийн хоёр зууны турш шинжлэх ухаан, техник технологи хурдацтай сайн хөгжин, бидэнд тав тух, урт наслах тэргүүт олон сайн зүйлийг бий болгосон хэдий ч материллаг эд зүйлс халуун дулаан мэдрэхүйн мэдрэмжийг өгч чадахгүй байна. Жишээлбэл, алмаазан бөгж магадгүй 100,000 долларын үнэтэй ч бидэнд хайр энэрлийг үзүүлж эс чадна. Харин 5 долларын үнэтэй муур эсвэл бохир гөлөг бидэнд санаа тавьж, халуун дулааныг мэдрүүлэх чадвартай байдаг. Бид амьд оршихуй учир бидэнд халуун дулаан хайр энэрэл хэрэгтэй”.
Асуулт үргэлжлэн, Дээрхийн гэгээн амхад хүмүүсийг асран халамжлах ёстойг дурдан тэдний үхлээс айх айдас, гэр бүлээсээ тусгаарлагдах зэрэг асуудал Япон болоод дэлхийн олон оронд үзэгдэж буйг тайлбарлав. Дараа нь Дээрхийн гэгээн доод давхарт байрлах Дэлхийн Нобелийн шагналтнуудын дээд хэмжээний ХI уулзалтын “Цөмийн зэсгийн үр уршиг” сэдэвт хэлэлцүүлэгт морилох үед хажуу суудалд Хирошима хотын засаг дарга, цөмийн довтолгооны хүний биед үзүүлэх аймшигт сөрөг нөлөөг өнөөгийн болон ирээдүйн хэмжээнд нарийвчлан тайлбарлах эмнэлгийн байгуулагын 3 төлөөлөгч суусан байлаа (1945 оноос Хирошима хотод амьдарч байсан 300,000 орчим хүнээс 140,000 нь бөмбөгдөлтөөс хойш 5 сарын дотор нас барсан ажээ).

Хирошима, Нагасаки хотод болсон аймшигт явдлыг дахин эргэцүүлбэл бид бүхэн цөмийн зэвсгийг устгахад тууштай хүчин чармайлт гаргах хэрэгтэй бөгөөд аль хэдийн олон ажлыг эхлүүлээд буй билээ. Заримдаа бидэнд тохиолдсон золгүй зүйлс сайн үйлсэд чиглүүлэх тал бий. Түүнчлэн Дээрхийн гэгээн Лхас хотод 10 настай байх үедээ Хирошима, Нагасаки хотын дээгүүр мөөгөн хэлбэрт үүл үүсэж буйг харуулсан баримтат киног үзсэнээ мөн проктер ажиллуулж байсан англи хэлт төвөд албан хаагч “цөмийн зэвсэг” хэмээн дуу алдаж байсныг тодхон санаж буйгаа дурслаа.
“Дайн бол хуульчлагдсан хүчирхийлэл. Бид сэтгэл зүй, хандлагаа өөрчлөх ёстой. Шашны сургаалаар бус, харин боловсролоор нийтлэг мэдрэмж мэдэрхүйг хэрэглэж ухаарах хэрэгтэй”.
Уулзалтын сүүлийн хэсэгт “Цөмийн зэвсгийн хууль, ёс зүй, эдийн засгийн хэрэгжилт” сэдвээр илтгэх 5 илтгэгчээс Дээрхийн гэгээн хамгийн эхэнд илтгэв. Зэрэгцээ орших доктор Ширин Эбади, ерөнхийлөгч Ф.В.Клерк хоёр хууль дээдлэх ёс, чөлөөт хэвлэл мэдээлэл зэрэг ардчилсан институцийн ач холбогдлын тухай ярив. Дараа нь оюутнуудад асуулт асуух боломж олгоход нэгэн залуухан япон эмэгтэй Калькуттад Тереза эхтэй хамт ажиллаж байсан үеэ дурсан, Дээрхийн гэгээнээс хэрхэн ийм өршөөнгүй сэтгэлийг тогтвортой хадгалдаг тухай асуув.

“Бид тэр даруйд алах эсвэл шоронд хийх даалгавартай хятад албан хаагчдын өмнө уужуу, энэрэн нигүүлсэх сэтгэлээ хадгалахыг хичээдэг. Тэр хүмүүсийг төсөөлөлдөө албаар хадгалан онцгойлон дарангуйлагчдад энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлдэг шалтгаан бий. Бурхны шашны сургаалд учир шалтгаан, уг үрийн хууль оршдог тул дарлагч хүн ирээдүйд олон асуудал авчирч үйлийн үрийн хэлхээг чангатгаж байдаг бол харин хохирогч өмнөх муу үйлийн үрээ эдлэн дуусгаж буй тул түүнд санаа зовох хэрэггүй байдаг” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Ерөнхийлөгч де Клерк хурлыг дүгнэн, Өмнөд Африкт эвлэршгүй дайснууд нэгэн ширээний ард хамтдаа суух боломжтой учир нь хэрэв чи нөгөө талын мэдрэмж, сэдлийг ойлгож, түүний байр сууринд өөрийгөө тавьж үзэхэд итгэлцлийг бий болгох болно. Тэрээр Дээрхийн гэгээний санааг дахин давтан, энэ эрин зуун албан бус дипломатын эрин үе байх болно гэдгийг тэмдэглэв.
Хуралд оролцож буй ихэнх Нобелийн шагналтнууд хаалттай танхимд суугаад, цөмийн зэвсгийг бүрэн устгах тухай хүчтэй илэрхийлсэн мэдэгдэл боловсруулав. Эцэст нь шаргал наран тэнгисийн дээр жаргах үед урам зориг, догдлол дүүрэн дээд хэмжээний уулзалт гадааллаа.










