Япон улс, Хирошима хот. 2010 оны 11 дүгээр сарын 14. Үүл бүрхэж сааралтсан, сэрүүхэн өглөө Дээрхийн гэгээн Японд хийж буй энэ жилийн намрын айлчлалаа эцэслэх дөхөж буй бөгөөд сүүлийн өдрөө Нобелийн Энх тайвны шагналт Ф.В.Клерк, Мэйрид Корриган Магуайр, Мохамед Эль Барадэй, Жоди Вильямс, доктор Ширин Эбади нарын хамт Хирошима хотын Энх тайвны дурсгалын цогцолборт морилон, өдрийг эхлүүллээ. Явган замын хоёр талд олон түмэн эгнэн зогсож, дурсгалт цогцолборын өмнүүр байрлах суудлуудыг хэдийн дүүргэсэн байв. Ерөнхийлөгч Клеркийн "ариун дагшин газар" хэмээн тодотгох дурсгалын хөшөөнд Нобелийн Энх тайвны шагналтнууд цэцэг өргөн залбирлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр Уолтер Велтрони "Дэлхийн аль ч өнцөг буланд бүрд суун амьдарч байлаа ч хүн бүр өөрийгөө Хирошимагийн иргэн мэт мэдэрдэг" хэмээв.

Энэ өдөр Нобелийн Энх тайвны шагналтнуудад бэлгэ дэмбрэлтэй сайхан өдөр болж өнгөрч байлаа. Бирмийн Аун Сан Су Чжи 7 жил гаруй гэрийн хорионд байж байгаад сулрав. Сэргээн босгосон хотын дээгүүр үүлний завсраар шаргал наран ээн тусахад шагналтнууд нэг нэгээрээ индэрт гарч, энх тайвны төлөө, цөмийн зэвсгээс ангижрахын төлөө үзэл бодлоо илэрхийлж байлаа. Эцэст нь Дээрхийн гэгээн 40 гаруй жилийн өмнө анх айлчилж байснаас хойш "Хирошима, Нагасакигийн цог жавхаа, захиас" өөрийг нь үргэлж урамшуулж ирснийг дурдан, “Тэрхүү нандин цог жавхаа дэлхийн өнцөг булан бүрд хүрэх болтугай. Өнгөрсөн бол өнгөрсөн. Харин бид ирээдүйгээ харах ёстой. Энэ хоёр хотод өршөөл нигүүлсэл тусгалаа олжээ” хэмээн айлдлаа. Өөрсдийг нь бөмбөгдсөн улс орнуудад ямар ч өс хозонгүйгээр япон, герман хүмүүстэй ярилцаж байсан туршлагаа дурдан, гүн хүндэтгэж байснаа илэрхийлэв. “Хүч хэрэглэх нь цаг үеэсээ хоцрогдсон зүйл. Үүнийг 7 тэрбум хүн ойлгох учиртай" хэмээсэн юм.

Дээрхийн гэгээн илтгэлээ итгэл дүүрнээр "Би энэ газраас бүх шашны удирдагч нарт хандан уриалж байна. Бүх томоохон шашин энэрэл, өршөөл, хайрын тухай сургадаг. Иймд шашны удирдагчид аа, илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэгтүн! Зөвхөн сүм хийддээ залбирах бус, гадагш гарч эдгээр үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө бодитоор үйлдэгтүн! Эрдэмтэд ч мөн цөмийн зэвсгийн аймшигт үр дагаврыг хамгийн сайн мэддэг учраас дуу хоолойгоо өргөх ёстой. Бизнес эрхлэгчид та бүхэн ч мөн цөмийн зэвсэг өөрсдийн амьдрал төдийгүй аж ахуйд тань ямар нөлөө үзүүлж болохыг бодох хэрэгтэй. Эцсийн эцэст дэлхийг өөрчлөх хүч ард түмэнд бий. Бидний хүн бүр хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. ХХ зууны сүүлчээр өөрчлөлт засгийн газраас бус олонх тохиолдолд жирийн хүмүүсээс эхэлж байсан билээ. Үйлдэл бол эцсийн шийдвэр гаргагч гэдэгт би итгэдэг" хэмээн айлдвараа дүүргэв.
Дээрхийн гэгээнийг суудалдаа буцан заларсны дараа Хирошима хотын дарга "Хүн төрөлхтөн, цөмийн зэвсэг хоёр үүрд хамт орших боломжгүй" хэмээсний дараа мужийн засаг дарга үг хэллээ. Дараа нь дээд хэмжээний уулзалтаас жил бүр олгодог хүмүүнлэгийн ажлын шагналыг италийн хөл бөмбөгийн тамирчин Роберто Баджод гардуулав. Тэрбээр Гаитигийн газар хөдлөлтөд өртөгсдийн төлөө мөн Аун Сан Су Чжигийн эрх чөлөөний төлөө тууштай ажилласан бөгөөд тусгай шагналыг Японы Атом, устөрөгчийн бөмбөгт өртөгсдийн байгууллагуудын холбоонд гардуулан, дараа нь хоёр ч удаа хорт хавдрыг даван туулж, хүчтэй сорилт, атомын бөмбөгний хор уршгийг даван туулсан, эрч хүч, дүүрэн 85 настай нэгэн эрхэм үг хэлэв. Үүний дараа Жоди Вильямс Дээрхийн гэгээн болон бусад шагналтнуудын гарын үсэг зурсан, бүхий л цөмийн зэвсгийг устгах хэрэгтэй хэмээн уриалсан дүрмийн цаасыг уншиж танилцуулав.

Дурсгалын танхимд болсон хэвлэлийн бага хуралд хятадын шоронд одоо ч хоригдож буй 2010 оны Нобелийн Энх тайвны шагналт Лиу Сяобогийн талаар асуухад Дээрхийн гэгээн "Үнэндээ би марксист хүн. Мэдээж үүний зэрэгцээ буддист. Гэвч нийгэм, эдийн засгийн онолын хувьд би марксист. 1956 оноос хойш Хятадад коммунизм ихэнхдээ зовлон шаналал, хардлага сэрдлэгийг буй болгосон билээ. Иймд илүү нээлттэй байдал, илүү либералчлалыг дэмжиж буй Лиу болоод хятадын олон мянган хүнийг Нобелийн хороо шагнал өгч өргөмжилсөнд туйлын их баяртай байна” хэмээжээ.
Дээрхийн гэгээнийг танхимаас гармагц сэтгүүлч зураглаачид хүрээлэн, Аун Сан Су Чжи суллагдсан талаар асуухад Дээрхийн гэгээн энгүүнээр "Би машид баяртай байна" хэмээсэн юм.










