АНУ, Жоржиа муж, Атланта хот. 2007 оны 10 дугаар сарын 22. Даваа гарагт Сентенниал олимпийн хүрээлэнд Дээрхийн гэгээн Далайн олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй айлдварыг сонсохоор цугласан олон мянган хүнийг өтгөн манан, ширүүн бороо ч зогсоож чадсангүй.
Хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн чийгтэй зүлгэн дээр хөнжил дэвсэн сууж, зарим нь бадамлянхуа байрлалаар хөлөө ачин сууж байлаа. Мөн түр номын дэлгүүрээс төвөдийн дурсгалын зүйлс худалдан авч байв. Тэд Атланта хүртэл хэр хол зам туулж ирснээ ярилцаж, муж даяар ган гачиг нүүрлээд байсан ч бороо орохгүй байгаасай хэмээн тэнгэр өөд горьдлого тээсэн харцаар ширтэж байлаа.
Дээрхийн гэгээн XIV Далай лам индэрт гарахад цугласан олон босож, нижигнэсэн алга ташилтаар угтан, бүх анхаарлаа түүнд хандуулав. Төвөдийн оюун санааны удирдагч гараа толгой дээрээ өргөн, үзэгчдийн уухайн дунд толгой бөхийлгөн мэндчилж, камерын гэрэлд умбаж байлаа. Дараа нь тэрээр гэнэт гараараа дохио өгч, хүмүүсийг суухыг урив.
“Та бүхэнтэй уулзаж байгаадаа би бээр туйлын баяртай байна” хэмээн орчуулагчаараа дамжуулан хэлэв. Нэг хормын дараа өөрийнх нь хэлдгээр “англи хэлээр төдийлөн сайн ярьдаггүй” байдлаасаа санаа зовохоо больж, илтгэлийнхээ үндсэн хэсгээ англиар илтгэв.
Дээрхийн гэгээн Далай лам Атланта хот нь хүчирхийллийн бус тэмцлийн удирдагч Мартин Лютер Кинг Жуниорын төрсөн нутаг учраас өөрт нь онцгой ач холбогдолтойг хэлэв. Тэрээр Мартин Лютер Кингтэй дотоод сэтгэлийн холбоо мэдэрдэг гэдгээ мөн дурдлаа. “Түүний нэрийг сонсох бүрийд зүрх сэтгэлд минь машид гүн мэдрэмж төрдөг” хэмээсэн юм.
Дээрхийн гэгээн Далай лам илтгэлдээ дэлхийн тогтвортой энх тайванд хүрэх зам болох дотоод амар амгалан, өөртөө сэтгэл хангалуун байдлын ач холбогдлыг онцолжээ.
“Өөрийн өчүүхэн туршлагаас харахад хүнд бэрхшээл тулгарах үед бидний хамгийн найдвартай нөхөр бол өөрсдийн дотоод мэдрэмж юм. Энх тайван нийгэм нь жинхэнэ дотоод амар амгалангаас үүдэлтэй байх ёстой. Хувь хүний түвшинд уур бухимдал, атаархлыг бууруулах буюу дотоод зэвсгээ хураах нь илүү өргөн хүрээнд гадаад зэвсгээ хураахад хүргэнэ. Өнгөрсөн зуунд сая сая хүн амиа алдсан ч үүнээс төдийлөн үр дүн гарсангүй. Дайн гэдэг ойлголт хоцрогдсон нь тодорхой. Энэ зуун буюу ХХI зуун яриа хэлэлцээний зуун байх ёстой.
Хүн төрөлхтөн яст мэлхий зэрэг зарим амьтдаас ялгаатай нь төрөлхийн энэрэнгүй сэтгэлтэй байдаг. Хүүхдүүдээ халамжлан хүмүүжүүлж, гэр бүлийн амьдралаас олж авсан сургамжийг сэтгэлдээ шингээх хэрэгтэй. Энэрэнгүй сэтгэлийн үр бидэнд төрөхөөсөө л заяасан байдаг. Бид эхээс төрдөг бөгөөд бидний бүхий л амьдрал бусдын халамжаас хамаардаг. Түүнчлэн бүх хүнийг хайрлах сэтгэл нь буддын шашнаас бус, өөрийн ээжээс нь эхтэй. Миний ээж маш сайхан сэтгэлтэй хүн байлаа. Ижий минь хэзээ ч уурладаггүй байсан. Би энэрэнгүй сэтгэлээ түүнээс сурсан. Хүүхдэд олгох ийм хүмүүжил анги танхимд ч мөн хэрэгжих ёстой аж. Орчин үеийн боловсролын систем үр дүнтэй эсэх талаар би асуулт тавьдаг. Тархины хөгжлийг дэмжих тал дээр хангалттай боловч сайхан сэтгэлийг хөгжүүлэх тал дээр хангалтгүй. Хүүхдүүддээ аль болох их энхрийлэл, аль болох их халамж үзүүлээрэй. Мэдээж би лам хүн болохоор ямар ч хариуцлага хүлээхгүй” хэмээн хошигнон хэлэв.
Жоржиа мужийн Брунсвик хотын Гретхен Гремингер Дээрхийн гэгээн Далай тайзан дээр гарахаас 4 цагийн өмнө арга хэмжээ болох газарт иржээ. “Үнэхээр төгс байлаа” гэж тэр илтгэлийн дараа хэлэв. “Түүнийг харах нь миний амьдралдаа хийхээр төлөвлөсөн хамгийн чухал 20 зүйлийн 4 дүгээрт бичигддэг” гэсэн юм.
Одоо Атланта хотод амьдарч буй Тайвань гаралтай Питер Ванг бага насны охиныхоо хажууд, цэнхэр бейсболын малгайгаа дэвсгэр болгон зүлгэн дээр сууж, илтгэлийг сонсов. “Тэр бол жинхэнэ шашны удирдагч. Тэр бидэнд хэрхэн эв найртай амьдрах, өнөөдөр биднийг хүрээлж буй зөрчилдөөний дунд энх тайванд хүрэхийн тулд мэргэн ухаанаа хэрхэн ашиглахыг зааж сургадаг” гэжээ. Ванг өөрийгөө буддын шашинтан гэж нэрлэхээс эргэлзэж байсан ч охин нь түүнийг зөөлөн түлхэж, инээмсэглэхэд ийнхүү хэлэхээс татгалзсангүй.
Их сургуулийн ерөнхийлөгч Жеймс В.Вагнер, Удирдах зөвлөлийн дарга Бен Жонсон болон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жон Льюис нар ээлжлэн Дээрхийн гэгээн Далай ламыг танилцуулан, Атланта хот болоод хотын төвд орших өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнд тавтай морилохыг илэрхийлэв. “Энх тайван, хүчирхийлэл үл хэрэглэх үзэл, хайр энэрлийг эрхэмлэгч хүний хувьд бид таныг тавтай морилно уу хэмээн угтан авч байна. Бид таны мэргэн ухаан, сургаалийг талархан хүлээн авч байна” гэж Льюис хэлсэн юм.
Ойролцоогоор 7000 хүний өмнө үг хэлсэн Дээрхийн гэгээн Далай хувь хүний итгэл үнэмшлээс үл хамааран хүн бүр нийтээрээ бие биеэ хүндэтгэх хэрэгтэйг онцоллоо. “Та бурхныг хайрладаг шигээ бусад хүмүүсээ хайрлах ёстой. Заавал шашин шүтлэгтэй байх шаардлагагүй ч дотоод үнэт зүйлс болон энэрэнгүй сэтгэлийг үл тоомсорлох нь утгагүй” хэмээн айлджээ.
Дараа нь буддын шашны сургаалыг христийн шашинтай хэрхэн нийцүүлэх тухай өмнө нь ирүүлсэн асуултад хариулахдаа тэрээр дэлхийн олон шашинд байдаг ижил төстэй талууд болон бусад шашны зан үйлд өөрийнх нь хандах хандлагын талаар тайлбарлав. “Би буддын шашинтан. Би Есүс Христтэй маргаж магадгүй ч түүний сургаалыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн хувьд бүрэн санал нийлдэг. Бүх шашны итгэл үнэмшил өөр боловч хэрэгжүүлэх арга нь ижил” хэмээгээд, Францын өмнөд хэсэгт байхдаа христийн шашны хийдийн гэлэнмаа, лам нар буддын шашны лам нартай өдөр тутмын амьдралын дэглэм, амьдралын хэв маягийн хувьд гайхалтай төстэй байсныг жишээ болгон дурдав.
“Яагаад гэж үү? Магадгүй эх сурвалж нь нэг байх” хэмээгээд, гараа тэнгэр өөд удаанаар даллав.










