Энэтхэг, Бихар муж, Бодьгаяа - Махабодхи хийдийн дээгүүр манан татаж, наран мандсан өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Гандан Пэлжээлэн хийдээс Тайландийн Ват Па хийд рүү гольфийн машин хөлөглөн явав. Дээрхийн гэгээн замаар эгнэн зогсож, гартаа цэцэгс, хүж, хадаг барьсан сүсэгтнүүдтэй даллан мэндчилж, инээмсэглэн байлаа.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Бодьгаяа дахь Ват Па Тай хийд рүү морилох үеэр... Энэтхэг, Бихар муж, Бодьгаяа. 2022 оны 12 дугаар сарын 27. Зургийг Дэнзэн Чойжир.
Дээрхийн гэгээн Далай ламыг тус хийдийн лам нар халуун дулаанаар угтан авч, дотогш залж оруулав. Дээрхийн гэгээнээс Бурхан багшийн нэгэн дүрийг аравнайлж өгөхийг Ват Па хийдийн лам нар хүссэн агаад дараа нь Вэн Др Варакагода Дхаммасиддхи, Сакья Гонгма Тричэн Ринбүүчи, Гандан Три Ринбүүчи тэргүүт нарын хамт тусгайлан зассан суудалд заларлаа.
Аврал одуулах уншлага залбирлыг пали хэлээр уншсан бөгөөд залгуулан Билиг билгүүний зүрхэн “Ширнэн” судрыг төвөд хэлээр уншлаа.
Вэн Кхэнсүр Лобсан Гялцан тус нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод болон тусгайлан Дээрхийн гэгээнийг морилон ирсэнд талархал илэрхийлэн, машид хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр өнөөдөр нээлтээ хийж буй “Пали, санскрит хэлний олон улсын 5 жилийн хөтөлбөр” нь хүний үнэт зүйлс, дэлхийн шашин хооронд эв нэгдлийг дэмжих, Төвөдийн соёлыг хадгалах, эртний Энэтхэгийн гүн ухааны үнэ цэнийг сэргээхэд чиглэсэн Дээрхийн гэгээний үзэл санаа, зорилго зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөр хэмээн тайлбарлалаа.
“Бид бүгд Шагжамүни Буддад итгэл аврал одуулдаг сүсэгтнүүд агаад дэлхий дахинд энх тайван, амар амгаланг бий болгох нь бидний нэгдмэл зорилт, зорилго билээ” хэмээн Дээрхийн гэгээн айлдав. “Пали болон санскрит уламжлалыг баримтлагчдын харилцаа холбоог илүү бэхжүүлэх, тэд бие биеэсээ харилцан суралцахад энэхүү хөтөлбөрийн зорилго чиглэж байна” гэж Дээрхийн гэгээн өгүүлэв.
Ват Па Тай хийдийн хамба лам Вэн Др Пхра Бодхинандамүни Дээрхийн гэгээнийг гурав дахь удаагаа хийдэд морилж, адис жанлаваа хүртээж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр энэхүү олон улсын 5 жилийн солилцооны хөтөлбөрийн үйл ажиллагаа нь өнөөдрөөс, энэ хийдээс албан ёсоор эхэлж буйг дурдав.
Олон улсын Буддын нийгэмлэгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Вэн др Дхаммапияа ийн өгүүлэв. “Бурхан багш нэг зам мөрийг, нэг дээдийн номыг номлосон. Бид бүгд зүрх сэтгэл, оюун ухаанаа нээлттэй байлгаж, бурхны шашин нь буддист орнуудад хэрхэн өөр өөрийн өнгө төрхөөр хөгжиж ирснийг талархан хүлээн авах нь чухал” хэмээн өгүүллээ.
Өчигдөр нисэх онгоцны буудалд “Нэг дэлхий, Нэг гэр бүл, Нэг ирээдүй” хэмээх уриа үгийг харснаа дурдаад, “Бүгдээрээ нэгдэцгээе” хэмээн уриалаад, “Бид ийм үндэс суурин дээр амар амгалан, эв нэгдэлтэй дэлхийг бүтээж чадна” гэв.
Эрхэм хүндтэй зочдын нэг Вен др Варакагода Дхаммасиддхи “Пали, санскрит хэлний олон улсын солилцооны хөтөлбөрийг буддын шашны олон урсгал хоорондын харилцан ойлголцлыг илүү гүнзгийрүүлэх мөн лам нарын харилцаа холбоог ойртуулахыг зорьжээ” хэмээн сайшаан магтлаа. Тэрбээр Шри Ланкийн лам хуврагууд энэхүү гайхалтай боломжийг олгосонд ихэд талархаж буйг хуран чуулсан олонд дамжууллаа.
Солилцооны хөтөлбөрийн албан ёсны нээлтээр тэргүүн зочид тугийг мандуулж, тунхаг бичигт гарын үсэг зурав.
Дээрхийн гэгээнийг хуран цугласан олонд айлдвар айлдана уу хэмээн урилаа.
Дээрхийн гэгээн ийн өгүүлэв. “Бид адистэд жанлав оршсон ариун дагшин газар Бодьгаяад хуран чуулсан бурхны шашинтнууд билээ. Буддагийн айлдсан дөрвөн тамга (Дөрвөн суурь онол)-ыг бүгдээрээ хэрэгжүүлэхийг хичээдэг.
Хурж үйлдсэн бүхэн мөнх бус
Цувиралт бүхэн зовлон
Юмс бүхэн би үгүй
Гаслангаас нөгчих нь амарлингуй болой.
Бүгд жаргалыг л хүсдэг учраас бие биетэйгээ найзлан нөхөрлөж, эв найрамдалтай байхыг эрхэмлэх хэрэгтэй. Шашин нь сайн сайхан, хайр энэрлийг дадуулахад оршдог тул энэ, тэр уламжлал хэмээн гишүүд хоорондоо маргалдах нь үнэхээр харамсмаар байдаг.
Бид бурхны шашинтан учраас Буддагийн сургаалыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж дадуулахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Хэрэв Будда биднийг өөр хоорондоо маргалдаж, бие биенээ шүүмжилж байхыг ажигласан бол “Ингэж болохгүй” хэмээн айлдах байсан. Пали эсвэл санскрит уламжлалд харьяалагддаг эсэхээс үл хамааран бид өөр хоорондоо эв нэгдэлтэй байх учир шалтгаан нь бид нэг багш, нэг сургаалыг баримтлан дагадагт оршино.
Тэр ханан дээр залрах Бурхан багшийн шүтээн зургаас түүний мутрын байрлалыг ажвал бидний толгойг илэх эсвэл биднийг цохихоор нударга зангидахыг илэрхийлээгүй гэдгийг бидэнд сануулах ажээ. Энэхүү мутрын байрлал нь номын ёсыг үзүүлж буй хэрэг агаад биднийг номоо дадуулан, хэрэгжүүлэхэд урам зориг өгч буй хэрэг юм. Энэ нь өдөр бүр тууштай гэгч нь номоо үзэхийг үлгэрлэж байна. Ингэж гэмээн бид Бурхан багш шиг төгс гэгээрлийн хутгийг олж чадах юм”.
“Бурхан багш хорвоо мөн чанараасаа бүтээгүй хоосон гэж айлдсан. Ийм учраас номоор сэтгэл оюунаа ариусгах нь боломжтой юм. Би бүхий л амьдралдаа Бурхан багшийн айлдсан дээдийн номыг даган баримталж, чин зүрхнээсээ хэрэгжүүлэн, дадуулж ирсэн билээ. Билиг билгүүний зүрхэн “Ширнэн” судрsн тарнид дурдсанчлан Бурхан багшийн номлосон дээдийн номыг оюун ухаандаа дадуулснаар бид гэгээрэлд хүрч чадна. Энэ бол миний биелүүлэхийг хүсдэг зорилго бөгөөд энэ мэт үйлдэн, үйлсээ дэлгэрүүлэхийн тухайтад Бурхан багшаас аврал эрж байдаг.
Бидний шашны уламжлал өөр өөр байж болох ч хамгийн чухал нь бид нэг л багшийг дагадаг билээ. Тиймийн учир бид бие биедээ нөхөрсөг, хүндэтгэлтэй хандах нь нэн чухалтай.
Би өдөр бүр хоосон чанарыг бясалгаж, бодь сэтгэлийг дадуулан, хөгжүүлэхийг хичээдэг бөгөөд та бүгдийг энэрэл нигүүлслийн сэтгэлийг дадуулахыг уриалж байна. Би дараах залбирлаас ихэд урам авдаг.
Дээд эрдэнийн шашин түгээгүй
Түгсэн ч доройтсон зүг үүнд
Их нигүүлсэнгүй сэтгэлээр сэтгэл уясан
Тус амгалангийн гуу сан тодрох болтугай.
Ямар ч нөхцөл байдалд сайхан сэтгэлийг төрүүлэн, дадуулах нь маш чухал” хэмээн өгүүлснээр Дээрхийн гэгээн айлдвараа өндөрлүүллээ.
Буддын Тай Бхарат нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Вен Др. Ратнесвар Чакма уг арга хэмжээг дүгнэн, ийн хэлэв. “Энэхүү нээлтийн ёслолд оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлэх завшаан тохиосонд ихэд баяртай байна. Эрхэм зочид болон ялангуяа Дээрхийн гэгээн танд энэхүү ёслолд хүрэлцэн ирсэнд машид талархлаа. Мөн зохион байгуулагчид, Дээрхийн гэгээний ажлын албаныханд баярласнаа илэрхийлье. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болтугай” хэмээн өгүүллээ.
Дурсгалын зураг татуулсны дараа зочдыг амтат хоол зооглохыг урилаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа