Польш улс, Варшав хот. 2008 оны 12 дугаар сарын 11. Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэхийг Бээжингийн эрх баригчид анхааруулж буй энэ үед Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай ламын Польшийн нийслэл Варшав хотод айлдсан номыг сонсохоор олон мянган хүн цуглажээ.
Дээрхийн гэгээн Польшид айлчлах үеэрээ Францын ерөнхийлөгч Николя Саркозитой уулзсан нь хятадын эрх баригчдын эсэргүүцлийг төрүүлсэн юм. Үүний улмаас хятадын тал Европын холбоотой хийхээр товлосон дээд хэмжээний уулзалтаа цуцалж, Францын ерөнхийлөгчтэй хийх өөр нэг уулзалтыг ч болиулжээ.
Варшав хотод болох айлдварын бүх тасалбар хэдхэн цагийн дотор дуусаж, арга хэмжээ эхлэхээс өмнө хүмүүс томоохон спортын ордныг тойрон урт дараалал үүсгэн зогссон байв. Хотын дарга Дээрхийн гэгээнийг “эрх чөлөөний хот”-доо тавтай морилохыг хүсээд, польшийн ард түмэн ч ардчилалд хүрэхийн тулд хүнд хэцүү замыг туулсныг онцолсон байна.
Польшийн ерөнхийлөгч Лех Качиньски мөн Дээрхийн гэгээнтэй уулзсан нь хятадын талын дургүйцлийг улам төрүүлжээ. Бээжингийн эрх баригчид ийм уулзалт Хятад, Польшийн харилцаанд саад учруулж болзошгүйг Варшавт анхааруулсан байна.
Айлдварын үеэр Дээрхийн гэгээн тайзны хурц гэрлээс нүдээ халхлахаар саравч зүүх, чихэр амандаа хийснийхээ дараа боодлын цаасыг нь орхимжныхоо доогуур нуух зэргээр цугласан олныг инээлгэж байв. Тэрбээр дүрвэн амьдрахдаа олон бэрхшээл туулсан ч сэтгэлийн амар амгалангаа хадгалж ирснээ айлджээ.
“Би 16 настайдаа эрх чөлөөгөө алдсан. Харин 24 настайдаа эх орноо алдсан” хэмээн Дээрхийн гэгээн цугласан олонд айлдсан байна. Тэрбээр цааш нь “Эх нутгаас минь ирдэг мэдээ ихэнхдээ гунигтай байдаг. ... Тиймээс сэтгэлийн амар амгалангаа хадгалахад энэрэнгүй сэтгэл үнэхээр, үнэхээр их тустай” хэмээжээ. Мөн “Сэтгэлдээ амар амгаланг олсон цагт нөхцөл байдал хэчнээн ээдрээтэй байсан ч тайван байдлаа хадгалж, тулгарсан асуудлаа шийдвэрлэж чадна” хэмээн айлдсан байна.
Төвөдийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг хятадын эрх баригчид гадаадын удирдагчид Далай ламтай уулзахад ихэвчлэн дургүйцдэг. Харин олон төвөд хүн Дээрхийн гэгээнийг үндэсний тусгаар тогтнолынхоо бэлгэ тэмдэг гэж үздэг юм. Өдгөө 73 настай Далай лам 1959 онд Хятадын засаглалыг эсэргүүцсэн бослого бүтэлгүйтсэний дараа Төвөдөөс дүрвэн гарч, Энэтхэгт хилийн чанад дахь Төвөдийн Засгийн газрыг байгуулжээ.
Дээрхийн гэгээн Польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн удирдагч асан Лех Валенса Нобелийн Энх тайвны шагнал хүртсэний 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор тус улсад айлчилж байгаа юм.










